Хурандаа нарын хэргийг дахин шалгуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Хурандаа нарын хэргийг дахин шалгуулна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин MNC телевизэд сүүлийн үед олоны анхааралд байгаа хуулийн салбарын шинэчлэлийн асуудлаар ярилцлага өгчээ.

 

-Хууль зүйн сайд Д.Дорлигжав та хоёр нэг намын хүмүүс. Гэтэл сүүлийн үед таны нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлж байгаа үгүүдээс харахад та хоёрын дунд илт зөрчил яваад байна. Энэ юунаас болоод байна вэ?

 

-2012 онд АН сонгуульд орохдоо сонгогчдын өмнө амлалт авсан. Тэр амлалтын дотор хамгийн цэнэтэй, олон нийтийн итгэл хүлээж дэмжлэг авсан 4-5 амлалт бий. Хуулийн байгууллага хүний эрхийг дээдэлж ажилладаг болно, гэрч, хохирогчийг хамгаалдаг тогтолцоотой болно, даргын үгээр биш хуулиар ажилладаг хуулийн байгууллагатай болно гэх мэт. Энэ амлалт руу зорьж байсан олон шинэтгэл зарим талаар ухарч байна. Энэ ухралтыг хараад сууж тэвчихгүй хатуухан үг дайсан нь үнэн. Жишээ нь энэ шинэчлэлийн хүрээнд гэрч хохирогчийг хамгаалах Тахарыг албыг байгуулсан. Өмнө нь ТББ-ууд өөрсдийнхөө хуруу хумсаа хуйхлах шахам олж авсан мөнгөөрөө хийдэг байсан ажлыг төр анх удаа “Энэ бол Үндсэн хуулиар хүлэсэн төрийн чиг үүрэг юм байна. Тиймээс энэ чиг үүргээ хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой гээд Тахарын албыг байгуулсан. Гэрч хохирогчийг хамгаалах энэ бүтцийг Д.Дорлигжав сайд унагаж байна. Иргэндээ үйлчилдэг, хууль дээдэлж ажилладаг хууль сахиулах байгууллагатай болно гэсэн зорилтоос ч ухрч эхэллээ. Хуучин До яам гэдэг шиг иргэдээ дотоодын дайсан гэж харж, дайсантай тэмцэж байгаа юм шигээр ажилладаг энэ арга барилаасаа бид салах ёстой. Энэ бол сүүлийн 20 жилд ч гараад ирсэн юм биш, өмнөх 70 жилтэйгээ нийлээд 90-ээд жилийн үйл явц. Үүнээс салах ёстой гэдэг зорилтыг АН тавьсан. Гэтэл энэ зорилтоос ухарсан Цагдаагийн албаны тухай хуулийг оруулж ирлээ. УИХ дээр би дахиад хэлсэн. Шинэ сайдын “дэвшилттэй, сайн” гээд яриад байгаа зүйлүүд нь одоо үйлчилж байгаа, хоёр жилийн өмнө баталсан хуулийн зүйл заалтыг, өөрийнхөө оруулж ирж байгаа өөрчлөлтийг ярихгүй байна. Өөрийнх нь оруулж ирж байгаа зүйл хоёр жилийн өмнө хийсэн шинэтгэлээс ухарсан зүйлүүд байна гэдгийг шүүмжилсэн.

 

-Хүний “бөгс ухаж сайд болсон, одоо тэр ухуулсан хүмүүсээ албан тушаалаар шагнах гэж хуульд өөрчлөлт оруулж байна” гэдгийг юу гэж ойлгох вэ?

 

-Энэ бол өнгөрсөн жилийн хаваржингаа л шуугисан зүйл шүү дээ. Цагдаагийн хэдэн хурандаа над дээр гүйцэтгэх ажил явуулаад, хэрэгт холбогдуулах гэж оролдоод, тохох хэрэг олдохгүй болохоор нэр төрийг маань гутаах гэж оролдоод бөөн юм болоо биз дээ. Энэ бүгдийн ард зогсч байгаа хүн Хууль зүйн сайд өөрөө юм байна гэдгийг хийж байгаа үйлдлээрээ нотлоод байгаа учраас хэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт би энэ хэрэг юу болов, ямар шатандаа явж байна гэдгийг тодруулах гэж зарим лавлагаануудыг авсан. Гэтэл манай сайд өөрөө Ерөнхий прокурор байхдаа энэ хэргийг татаж бүгдийг нь хэрэгсэхгүй болгоод, тагнуул дээр байгаа баримт материалуудыг прокурор дээр байх ёстой гэж нэхэж авах гэж оролдсон олон л юм харагдаж байна. Тиймээс энэ асуудлуудыг нь дахиж шалгах ёстой юм байна гэдэг гомдол санал гаргаад явж байна.

 

-Намайг хар тамхины хэрэгт гүтгэж байхад чинь би дуугүй байсан гэж та хэлсэн. Тэр үед яагаад дуугүй байсан юм?

 

-Хуулийн салбарын шинэтгэлийг явуулахын тулд тэвчсэн. Ийм муухай юм хийж байна. Гэхдээ энэ хүмүүсийг өөрчлөөд асуудлыг шийдэхгүй юм байна, хуулийг нь өөрчилж байж шийдэх юм байна гэж харсан учраас би “Энэ ингээд, тэр тэгээд байна” гэж яваагүй. Одоо бол хэлэхээс өөр аргагүй байна. Шалгадаг байгууллага нь шалгах ёстой асуудлаа шалгаад явах ёстой юм байна. Яагаад гэвэл гүйцэтгэх ажил болон бусад асуудалтай холбоотойгоор гомдол гаргаад шалгуулахаар надаас “Энэ асуудал нууц шүү. Гүйцэтгэх ажилтай холбоотой учраас та мэдээллээ битгий задлаарай, бид шалгана” гээд надаар гарын үсэг зуруулаад шалгалтын ажил явуулсан. Гэтэл шалгаж байгаа байгууллагыг нь прокурорын эрх мэдлээр далайлгаад хэргийг хэрэгсэхгүй болгоод явсан. Одоо тэр бүх асуудлыг нь ч гэсэн шалгах шаардлагатай гэж үзэж байгаа учраас би дахиад асуудлаа тавьж байгаа.

 

-Практик дээр Монголыг “Hotel Mongolia” болгож байна гэж та хэлсэн. Энэ ямар утгатай нэр томьёо вэ?

 

-Олон хүмүүс зориглож хэлж чадахгүй байгаа болохоос биш гаднын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, бизнесийг таагүй орчинтой болгосон, баялаг бүтээгчдийг айдаст автуулсан гол ажлыг манай хуулийн байгууллагууд хийж байна. Бизнес эрхэлж байгаа хүн бүрийг тодорхой хэрэгт холбож шалгах гэж оролддог, хөрөнгө оруулагчдыг янз бүрийн шалтгаанаар дарамталдаг энэ байдал өмнө нь далд нууц явж байсан бол сүүлийн хэдэн жил ил цагаандаа гарах шинжтэй. Энэ юутай холбоотой гэхээр Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх нь прокурорын байгууллагад бий. Гэтэл прокурорын байгууллагын үйл ажиллагаа доголдоод ирэхээр тэр доор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа хууль, хүчний гэж нэрлэдэг байгууллагуудын хууль бус ажиллагаа гаараад эхэлж байна. Гаднын хөрөнгө оруулагчдыг айлгаж ичээдэг, хөрөнгийг нь оруулж ирчихээд тонож дээрэмддэг явдал нэг бус удаа гарсан. Цөөнгүй хэргүүд байна, нэр устайгаа, эзэнтэйгээ. Өөрийг нь хөөж гаргачихаад энд үлдсэн хөрөнгийг нь дээрэмдэж байна. Зарим нь дээрэмдүүлэхгүйн тулд томоохон хэмжээний авлига, хээл хахуулийг төлдөг болж байна. Хуулийн байгууллагын нэр, сүрээр давуу эрх олсон тэр хүмүүст төлбөр төлж байна. Энэ бүгдийг дуугүй хараад сууж болохгүй шүү дээ. Үүнийг өөрчлөхийн тулд хуулиудыг санаачилсан. Эрүүгийн болон процессийн хуулиуддаа том шинэтгэл хийж эхэлсэн. Энэ шинэтгэл ухралт болж эхэллээ. Түүнийг хараад бухимдсанаа л хэлсэн. Энэ хүн практик дээр ажиллаж байхдаа өөрөө тийм л байсан. Тийм боломж гаргаад байгаа хуулийг нь өөрчлөх гээд явж байтал одоо хуулийн байгууллагын бодлого дээр ирж суучихаад хуулийг нь самарч байна. Тэгж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

 

-Хуулийн байгууллага дээр байгаа энэ авлигад Хууль зүйн сайдыг ч бас буруутгаж байна гэсэн үг үү?

 

Хуулийн байгууллагад авлига их байна. Хүмүүс яагаад үүнийг ил гаргаж хэлж чадахгүй байна гэвэл нөгөө хуулийн байгууллагуудад тэр хүмүүсийг ямар ч хамаагүй гэмт хэрэгт хутгаад амьдралаар нь тоглочих эрх мэдэл байгаад байгаа учраас хэлж чадахгүй байна. Гэхдээ өөр зуураа бол маш их ярьж байна, зарим материалууд нь ил гарч эхэлж байна. Үүнийг зүгээр хараад суугаад байж болохгүй. Өнөөдөр зарим бизнесийнхэн лүү хуулийн байгууллагын энэ гар хөл очоогүй байж магадгүй. Зарим нь бас “Надад одоохондоо ашигтай байгаа учраас” гээд дуугүй суугаад байж болно. Гэхдээ өнөөдөр тэр хэдэн хурандаа нарыг гар хөл болгоод, удирдаад яваад байгаа юм шиг мөртлөө бодит байдал дээр өөрөө буцаад тэдэндээ баригдчихаад байна шүү дээ. Маргааш өөрийг нь ч оролдож эхэлнэ. Өөрийнхөө зохиосон, өөгшүүлээд байгаа энэ махны машиндаа өөрөө хэрчүүлэх цаг ирнэ. Тийм учраас үүнийг өөгшүүлээд, хараад дуугүй сууж болохгүй. Засах ёстой. Засах боломж нь өнөөдөр УИХ-д байна. Энэ хуулийн байгууллагуудын ажил хийхдээ барьдаг хуулиудыг алдаа мадаггүй засах боломж байсаар байтал дуугүй шиг, будаг шунхны төдий засвар хийгээд явуулчихвал харамсалтай. Эрүүгийн болон эрүүгийн процессийн хуулиудыг 2002 нэг удаа шинэчилсэн. Одоо 13 жилийн дараа л өөрчлөх тухай ярьж байна. Ийм том хуулиудыг нэг удаа засвар хийгээд дахин дахин оролдохгүй орхих ёстой. Өнөөдөр бид хийх ёстой өөрчлөлтөө хийж чадахгүй бол дахиад арван хэдэн жил хүлээнэ шүү дээ. Тийм учраас боломж  олдсон дээр нь зассан шиг зас аа, хоёрын хооронд зассан ч биш, засаагүй ч биш эрэмдэг болгоод үлдээж болохгүй.  Өөрсдөө хувь хүнийхээ аргаар шийдээд болоод байгаа учраас “бидэнд ашигтайгаар нь үлдээе” гэдэг бодол байж болохгүй. Маргааш гэхэд өөрсөд дээр чинь бууна шүү гэдгийг л хэлээд байгаа юм.

 

Бизнес эрхлэгчдээс асуугаад үзээрэй. Ил хэлж чадахгүй байж магадгүй. Гэхдээ хуулийн байгууллагын авлигын өртөг өссөн, авч өгдөг нь томорсон. Заримдаа санаанд багтамгүй тоо сонсоно шүү. Гэхдээ үүнийг зөвхөн хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн буруу гэж харж болохгүй. Хууль нь тэр хүмүүсийг тэгж ажиллах боломжийг олгоод байна. Тиймээс хууль тогтоогчдын хувьд хуулиа л засч сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Мэргэжилтнүүдээ бас харж анхаарах хэрэгтэй байна. Үнэхээр хуулийн байгууллагын нэрээр хууль бус юм хийгээд байгаа хүмүүсээсээ бол салах хэрэгтэй шүү дээ. Одоогоос зургаан жилийн өмнө ч би хэлж л байсан. Гудамжинд гарсан гэмт хэрэг илэрч байна, хуулийн байгууллага дотор гарсан гэмт хэрэг илрэхгүй байна аа гэж. Энэ үгийг зүгээр нэг хэлээд орхичихож болохгүй шүү дээ, засах хэрэгтэй. Засахын төлөө араас нь хөөцөлдөөд, зарим нэгэнтэй нь муудалцаад л явж байна. АН-ын өнгөн дээр авлига, албан тушаалын энэ увайгүй байдал хэвийн үзэгдэл болж болохгүй. АН үүний эсрэг хатуу зогсдог байсан. Энэ шинж чанараасаа алдаж болохгүй. Авлига, албан тушаалын хэрэг гэдэг сургууль, цэцэрлэгийн багш эмч дээр байдаг зүйл биш ээ. Үүнийг чинь хамгийн аймшигтай хэсэг нь хүний амьд явах эсэх, эрх чөлөөтэй байх эсэх, өмчтэй байх эсэхийг шийддэг хуулийн байгууллага дотор байгаа учраас олон нийтийн итгэлийг алдахад хүргээд байна. Хуулийн байгууллагын маш олон шударга, хариуцлагатай албан хаагч, хуульчид байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас мянган хуульчийн нэр сэвтэж болохгүй. Буруутай байгаа үйл ажиллагааг нь бид цэвэрлэх ёстой. Буруу үйл ажиллагаа дагуулж байгаа хуулиудыг нь засах ёстой. Энэ үүрэг хариуцлага улстөрчдөд, хууль тогтоогчдод байна. Тиймээс хууль тогтоогчид жаахан хариуцлагатай байх ёстой. Хууль санаачлагчид “ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” хийх ёстой.

 

-Мөрдөгчид нь хуульчдынхаа толгой дээр гарчихаад байна гэж та яриад байх юм. Яг яаж, яагаад?

 

-Мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаг, мөрдөн шалгах эрх мэдэлтай байгууллагуудад тагнаж чагнах тусгай хэрэгсэл байна. Энэ тагнаж чагнах тусгай хэрэгсэл гэмт хэрэг хийж байгаа хүмүүс рүү чиглэх ёстой байтал өөрийг нь хянаж байгаа хүмүүс рүү чиглээд байна. Тэр хүмүүст нь бас хүн л юм болохоор алдаа дутагдал, янз бүрийн юм байдаг байлгүй дээ. Тэр нь гэмт хэрэг биш боловч нэр төрийг нь сэвтээж болох зүйл олдвол түүгээр нь шантаажлах гэж оролддог. “Төмсөгдөнө” гэж ярьдаг болсон байна лээ. Ийм байдлаар гартаа оруулж авдаг зуршил үүсчихэж. Түүгээрээ жирийн прокурор битгий хэл прокурорын толгойд байгаа хүн лүү халддаг болж. Түүнд нь баригдсан хүмүүс хууль бус үйлдлийнх нь хажуугаар дуугүй өнгөрдөг, хяналт тавьж, шаардлага тавих ёстой тэр чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй хэмжээнд сонирхлын зөрчил үүсдэг болж. Энэ нь нөгөө хүмүүст “Ийм хүмүүсийг айлгаж ичээж чадаж байгаа юм чинь та нарыг бол яавал яана шүү дээ” гэдэг байдлаар бизнес эрхлэгчид рүү, жирийн иргэд рүү хандаж байна. Зарим нь хувааж хувь хүртдэг болсон байна. Гаднын нэг өвгөнийг хар тамхины хэрэгт оруулаад газрыг нь дээрэмдээд авчихдаг хуулийн байгууллага байна шүү дээ. Үүнийг бид таслан зогсоож чадахгүй бол “Хөрөнгө оруулалт Монголд хийгээч ээ” гэхээр өөдөөс “Уучлаарай, бид мөнгөө өгнө, тэгээд шоронд орно. Ингэж чадахгүй ээ” гэж хэлж байна. Хөрөнгө оруулагчид татвараас айдаггүй юмаа. Ашигтай бол хаана ч татвараа төлөөд л бизнесээ хийдэг. Харин хуулийн нэрээр хулгай дээрэм хийдэг албан ёсны тонуулчид байгаа газарт хөрөнгө оруулагч тогтохгүй. Монгол битгий тийм муухай харагдаасай гэсэндээ л хэлээд байгаа юм.

 

-Таны сайд байхад, түүний дараа ч гэсэн түрүүчийн хэлдгээр “төмсөгдөх” гэж ородсон тохиолдол бий юу?

 

-Тэр оролдлогуудынх нь нэг л тэр яваад байгаа сэдэв шүү дээ. Хэвлэлээр гүтгэж үзнэ, муухай харагдуулах гэж оролдоно. Янз янз л болно. Ийм юм хийж байгаа хүмүүсийг буруутгах гэж оролдохоосоо илүүтэйгээр ийм ажил хийх боломж олгосон хууль байгаад өөрсдийгөө буруутгах ёстой. Хууль тогтоогчийнхоо хувьд. Ийм хуулийг л өөрчилж чадахгүй бол энэ УИХ-ын гишүүн гэдэг нэр зүүгээд суух хэрэггүй шүү дээ. Тиймээс хуулиа нэг мөр сайжруулья гэдэг шаардлага тавиад, Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийг учир дутагдалтай, дутуу дулимаг байна гэж бухимдаад байгаа юм. Хийх ёстой зүйлийнхээ яг эсрэг яваад байхаар сүүлдээ дургүй ч хүрч эхэлж байна. Ийм бодлогын зөрүүн дээрээс маргалдаж эхэлж байна.

 

-Саяхан та УИХ-ын даргад Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа юм?

 

-Өмнө баталсан хуулиар бид галт зэвсгийн хэрэглээнд бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Ядаж л галт зэвсгийн хадгалалт, хамгаалалтын журам тодорхойгүй, хуулиар биш, байгууллагын гаргасан дүрэм журмаар яваад байна. Энэ бол нэг талаас амь нас, аюулгүй байдал олон зүйлд эрсдэлтэй эд хөрөнгө. Хүний өмч хөрөнгө шүү дээ. Нөгөө талаасаа галт зэвсэгтэй холбоотой дүрэм, журам Монгол Улсад хэрэгтэй. Энэ төрлийн спорт ч байна, ан агнуур, аялал жуулчлал ч байна. Байгаа зүйлээ байхгүй юм шиг нуугаад, хориод байвал бүх юм хууль бус болно. Аль болох ил гаргаж зохицуулах, хуульчилж өгөх нь нийгмийн харилцааг илүү эерэг зөв болгоно. Бүх юмыг байхгүй юм шиг хорихоосоо илүү зохицуулалтыг нь тодорхой болгож өгөх л хэрэгтэй. Хууль гарснаар иргэдийн гар дээр байгаа бүх төрлийн галт зэвсгийг албан ёсны бүртгэлтэй болгоно. Галт зэвсгээс гадна сум ч бас бүртгэлтэй болох ёстой. Манай зах зээл дээр зарагдаж байгаа сум бүхэлдээ бараг хууль бус болчих гээд байгаа. Буудлагын спортоор манай улс бас л дэлхийд гайгүй явж байгаа. Гэтэл бэлтгэлтэй холбоотой дүрэм журам нь тодорхойгүй учраас энэ спорт хөгжихгүй байна. Гэх мэтчилэн олон зүйлийг шинээр харах шаардлагатай. Гэхдээ энэ хууль бол нийт хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээн дотроо бол маш жижигхэн асуудал.

 

-Таны өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай гэж гурван хуулийн төсөл бий. Үүнийг Д.Дорлигжав сайд нэг хууль болгож оруулж ирсэн. Ингэсний дутагдалтай тал нь юу байна, яагаад заавал гурван тусдаа хууль байх ёстой гэж?

 

-Өмнөх Засгийн газрын үед энэ гурван хуулийн төсөл Засгийн газраар ороод УИХ-д өргөн баригдаад хэлэлцэхэд бэлэн болчихсон байсан. Бүх хуулийн байгууллагаас санал аваад эцэслэгдээд дуусчихсан байтал Засгийн газар ч уналаа. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа шинэ сайд нь энэ гурван хуулийг нэг хууль болгоод оруулаад ирсэн. Одоо бол ЭБШХ гэж нэг л хууль үйлчилж байгаа л даа. Тэр хуулийг л яг хэвээр нь оруулаад ирж байна гэсэн үг. Жишээлбэл Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийг яагаад хэрэгтэй юм? Манай хуулийнхан юм л бол хүнийг барьж хорьж байгаад хорьсон газраа хэрэг илрүүлэх, эрүүдэж байгаад өөрөөр нь хэргийг нь нотлуулах гэж оролддог “Вешинскийн” гэж нэрлэдэг коммунист арга барилаар явж байгаа. Үүнийг өөрчлөхийн тулд Таслан сэргийлэх арга хэмжээний тухай хуулийг тусад нь гаргах хэрэгтэй. Та хүнийг хорьж байж хэрэг илрүүлэхгүй ээ. Таслан сэргийлэх арга хэмжээ авч болно,тэгэхдээ тухайн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байхыг даалгаж болно. Түүнийг нь зөрчвөл дэнчинд тавьсан мөнгөнөөс нь зардлыг нь гаргаад барьж ирээд хийчихнэ шүү гэх мэтчилэн хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч болно шү дээ. Түүнийг нь яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг л энэ хуулиар зохицуулах юм. Одоо тийм хууль байхгүй учраас байгаагаар нь шууд хорьчихож байна. Яагаад гэвэл шорон нь бэлэн байна. Гэтэл гадуур хэргийг шалгахын тулд нэлээд олон журам хэрэгтэй болно, түүнийг нь хянадаг бүтэц хэрэгтэй болно. Үүнтэй холбоотой Тахарын албыг байгуулсан юм. Хэрвээ оргон зайлбал эрж хайдаг байгууллага нь байж байдаг, зардал нь байж байдаг тийм л тогтолцоог бий болгох гэж эхлүүлсэн юм.

 

-Хууль сахиулах ажиллагааны хуулиар ямар харилцааг зохицуулах юм бэ?

 

-Манайд одоо үйлчилж байгаа ЭБШХ-д хуульчийн, хууль сахиулагчийн хийдэг ажлыг нэг дор хийчихээр хуульчдынхаа толгой дээр хууль сахиулагч нар нь гарч суучихаад байна. Тиймээс хоёр тусдаа хуультай болж аваад өмгөөлөгчийнхөө статусыг өргөе, шүүх дээр прокурор, өмгөөлөгч хоёр яг адилхан түвшинд маргадаг тэр тогтолцоо руугаа явья гэж байгаа юм. Хүний эрхийн ч, хуулийн ч асуудлаараа. Хууль сахиулагч нь иргэнээ нэгжих, гэр оронд нь халдах гэж байгаа бол шүүхээс зөвшөөрөл авдаг байя. Шүүх дээр прокурор, өмгөөлөгч хоёроо зэрэг дуудаад мэтгэлцүүлэх замаар асуудлаа шийддэг болъё. Тэгэхгүй бол өмгөөлөгч маань шүүхийн өмнө прокурортой мэтгэлцэх биш, мөрдөн байцаагчтай хэрэлдээд явж байна. Мөрдөн байцаагчтай хэрэлдээд дийлэхгүй болохоороо хэвлэл мэдээллээр “хэрэг ийм, тийм боллоо” гэж зарлаад олон нийтээс дэмжлэг авах гэж үзэж байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө мөрдөх байгууллагууд нь “өмгөөлөгч хэвлэлээр юм яриад байна” гээд түүнээс нь өрсөөд нотлогдоогүй хэргийн материалуудыг хэвлэлээр зарладаг болж байна. Эхлээд хүнийг хэвлэлээр гүтгэдэг, муухай харагдуулдаг. Олон нийтэд “энэ их муухай хүн” гэдэг ойлголт төрүүлэнгүүтээ араас нь бариад хорьчихдог. Олон нийт ч түүнийг нь “нөгөө муу хүнийг барилаа даа” гэж хардаг. Өмгөөлөгч тэр хүнийг өмгөөлөх гэж хичнээн оролдоод нэмэргүй, хууль ёсны арга хэрэгсэл нь байхгүй. Тиймээс хууль ёсны арга хэрэгслээр хүн өөрийгөө өмгөөлдөг, “намайг гүтгэж байна, шалгаад өгөөч ээ” гэдэг асуудлаа тавьдаг, хуулийн байгууллага ч хууль ёсныхоо арга хэрэгслээр шалгадаг тогтолцоотой болохын тулд Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг тусдаа гаргах хэрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай буюу шүүх дээр маргаан шийдвэрлэдэг хууль нь ч тусдаа байх ёстой.

 

Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль бол цагдаагийн байгууллага буюу мөрдөгч рүү чиглэсэн хууль. Дээр нь татвар, гааль, мэргэжлийн хяналт гээд хүний эд хөрөнгийг битүүмжилдэг, хурааж авдаг, торгодог эрхтэй албан тушаалтнуудын хүний эрх рүү халдаж байгаа тэр үйлдлийг нь энэ хуулиар зохицуулах ёстой. Тэгэхгүй бол цагдаа хүний эд хөрөнгийг битүүмжлэхийн тулд баахан процесс туулаад, зөвшөөрөл авах гээд яваад байдаг. Гэтэл татварын байцаагч орж ирээд нэг хуудас наагаад л хэдэн тэрбумын хөрөнгийг битүүмжилчихдэг. Нөгөө бизнесийг ч дампууруулаад, нэг хүний энэ дур зоргоос болоод маш олон хүний ажлын байр алга болж байна. Монгол Улсад төлж болох байсан маш олон татвар алга болж, эдийн засгийг босгож болох байсан үйлдвэрлэл зогсч байна. Энэ байдлыг зогсоохын тулд татварын байцаагч, мэргэжлийн хяналт байна уу хамаагүй, хэн нэгний өмч рүү халдах л гэж байгаа бол, хурааж, битүүмжилж, торгууль тавих гэж байгаа бол энэ үйлдэл чинь зөрчил шийдвэрлэх процессийнхаа дагуу Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар зохицуулагдах ёстой шүү гэж байгаа юм. Гаалийн хяналтаа бол гаалийнхаа хууль тогтоомжоор хийнэ биз, хүний эрх рүү халдах гэж байгаа бол энэ хуулиар явна аа. Хэрэв тэгээгүй тохиолдолд таны үйл ажиллагааг хууль бус гэж үзээд нөгөө хүний эрх сэргээгдэнэ шүү гэдэг зарчим руу оръё. Нэг дүрмээр тоглоё л доо. Эдийн засаг яагаад уналаа, баялаг бүтээгчид, хөрөнгө орууолагч нар яагаад Монголоос зугтлаа, яагаад хүмүүс бизнес рүү мөнгөө хийхгүй, гудсан дороо нуугаад, яагаад авлигын өртөг өсөөд байна. Ерөөсөө дүрэм журам нь тодорхойгүй байгаагаас л болж байна шүү дээ. Үүнийг шийдэхийн тулд Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийг тус тусад нь хийж өгсөн юм. 1992 оны Үндсэн хуулиас хойш тогтсон зарчим бий шүү дээ. Жирийн иргэнд бол хуулиар хориглосноос бусад нь зөвшөөрөгдөнө, төрд бол хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдоно. Эрүүгийн хууль тогтоомж чинь өөрөө төрийн үйл ажиллагааг зохицуулж байгаа, тэр дундаа хүчирхийлэл хэрэглэх боломжтой хууль сахиулагчид, шүүх, прокурор, цагдаагийн үйл ажиллалааг тодорхойлж байгаа учраас алхам бүр, амьсгал бүр нь хуульчлагдсан байх ёстой.  

 

Эх сурвалж: MNC телевиз

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж