Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болсон “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д дэлхийн 43 орны баг тамирчид хүрэлцэн ирж, шилдгүүдээ тодруулсан. 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын багийн гишүүн Лхагва овогтой Авирмэдтэй ярилцлаа. Тэрбээр энэ жил 12 дугаар анги төгсөх бөгөөд Завхан аймгаас энэ тэмцээнд уригдан оролцжээ. Л.Авирмэд энэ жилийн 18 хүртлэх насны УАШТ-д амжилттай оролцож, дасгалжуулагч С.Тулгын хараанд өртжээ. Түүний өнгөрөгч гуравдугаар сард ДАШТ-ий багийн бүрэлдэхүүнд багтааж дуудсан байна. Завхан аймгийн төвд суралцаж байгаа түүний хувьд ирэх долоо хоногт Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх том сорилт хүлээж байна. Ингээд Л.Авирмэдтэй ярилцсанаа хүргэе.
-Сагсан бөмбөгийн спортыг яагаад сонгох болов. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэе?
-Би багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ер нь аль болох бөмбөгтэй спортыг сонгож, бас хичээллэх сонирхолтой. Хөлбөмбөгийн тэмцээн хааяа үзнэ. Гэхдээ сагсан бөмбөгт илүү дуртай болж, хөгжүүлж чадсан. Дунд сургуульд сурч байх үед хүн бүр гар утаснаасаа мэдээлэл авах боломжтой болж, тэр үеэсээ сагсан бөмбөгийг илүү их сонирхох болсон. NBA-гийн тоглолтуудыг их үзэж, улам хичээллэх хүсэл тэмүүлэлтэй болсон доо. Гэхдээ 10-р ангид орох жилээ илүү их тууштай хичээллэсэн. Би тэр үед Улаанбаатарт “Ирээдүй” сургуульд сурч байсан. Тэгээд удалгүй Завхан руу буцаад явчихсан.
-Яагаад Завхан буцаад явах болов. Улаанбаатарт байх нь илүү их амжилт гаргах боломж гэж хараагүй юу?
-Ээж маань Ургамал сумын иргэн. Би Завханмандал суманд төрсөн ч Ургамал суманд өссөн. Намайг 9-р анги хүртэл манайх Ургамал суманд байсан. Тэгээд 10-р ангид орох жилээ Улаанбаатарт ирж, “Ирээдүй” сургуульд нэг жил суралцсан. Надад үргэлжлүүлээд сурах боломж байсан ч Завхан аймгаас урилга ирсэн. 18 хүртлэх насны УАШТ-д нутгийнхаа нэр дээр оролцох хэрэгтэй гэсэн санал ирсэн учраас буцаад явсан. Тэгээд аймгийн төвийн сургуульд суралцаж, тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ нь миний хувьд дахин нэг сорилт байсан байх. Гэхдээ хотод сагсан бөмбөгийн академид явсан нь надад маш том нөлөө болсон. А.Алтан-Очир багшийн “Алтан Стандарт” академид суралцаж, өөрийгөө дайчилж чадсан. Энэ академид суралцсан нь надад маш том боломжийг нээж өгсөн. Тэр үед U-16 болон Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
-ДАШТ-д уригдах саналыг дасгалжуулагч С.Тулга тавьсан гэсэн. Тухайн үед юу бодогдож байв?
-Энэ мэдээллийг хавар сонссон. U-18 хүртэлх насны УАШТ-ий алтан медалийн төлөө тоглохоор болоод байсан. Бид тоглолт дуусгачихаад зааланд орж ирэх үед С.Тулга багш залгаад “ДАШТ-д оролцохоор болсон шүү” гэж хэлсэн. Би тухайн үед бас гайхаад “нээрээ юм байхдаа” гэж хэсэг зуур эргэлзсэн шүү. Миний холын зайн шидэлтийг харж багт дуудсан юм билээ. Намайг эх орноо төлөөлөн оролцох болсонд нутгийнхан маань их баярласан. Надаар бахархаж байгааг хэлэхийг сонсоод урамшиж, бэлтгэлдээ маш сайн анхаарах болсон. “Ирээдүй сургуульд сурч байсан юм байна. Яагаад Завхан явчихсан юм бэ” гэж багш нар хэлж байсан. Багийнхантайгаа хамт хоёр сар бэлтгэлд хамрагдаад эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн шилдэг багуудтай өрсөлдлөө. Би багийнхаа тоглогчдын нэрийг сонсож байснаас илүү мэдээлэлгүй байсан. Бид хамт хоёр сар сайхан байсан.
-18 хүртлэх насны ДАШТ маш өрсөлдөөнтэй болсон. Мөн багийн гишүүд үүргээ сайн биелүүлсэн гэж харж байна. Хамгийн сэтгэлд хүрсэн тоглолт аль багтай хийсэн тоглолт байсан бэ?
-Хэсгийн сүүлийн тоглолт үнэхээр хүнд болсон. Бид Гүржийн багийг хожиж дараагийн шатанд өрсөлдөнө. Энэ тоглолтоос шалтгаалаад цааш тоглох эсэх нь шийдэгдэх байлаа. Бидний хувьд заавал хожиж, цааш медалийн төлөө өрсөлдөх гэсэн эрмэлзэлтэй гарсан. Тоглолт яаж өрнөснийг бүгд харсан. Мэдээж дэмжигч нар маш хүчтэй байсан байх. Гүржийн баг манайтай онооны хувьд их ойр байсан. Тоглолтын төгсгөлийн үеэр миний суух үе таарсан. Намайг амарч байх хооронд Лхагваа дасгалжуулагч “Авираа чиний тоглолт хэрэгтэй байна ш дээ” гэхийг сонссон. Энэ үг надад их хүч өгсөн шүү. Тэгээд талбайд буцаж ороод бөмбөгний төлөө сайн тэмцэл хийж, багтаа хоёр оноог авч өгсөн. Энэ оноо манай багт сэргэлт авчирсан. Энэ хожил бидэнд маш үнэтэй ирсэн.
-Хэсгээсээ хоёроор гарч, Монголын баг шилдэг наймд үлдсэн ч Туркийн багийг хожих боломж байсан уу. Мөн тэмцээний уур амьсгал хэр байсан бэ?
-Бидэнд Туркийн багийг хожиж шилдэг дөрөвт үлдэх боломж хангалттай байсан. 21 оноо руу уралдаад явчихсан болохоор шидэлтэн дээр алдсан байх. Сүүлийн мөчид гурваас шидүүлээгүй бол бидэнд боломж байсан. Тэмцээний үед би бага оноо авсан. Хамгаалалт, дамжуулалтад анхаарсан. Миний хувьд төлөвлөж байсан шидэлтийн оноог авч чадаагүй. Үзэгчийн хувьд үнэхээр хүчтэй гоё байсан. Тэр уур амьсгал бол үнэхээр гайхмаар байлаа. Мартагдашгүй тоглолтууд болж, бас хөгжөөн дэмжигчдийн тэр уухай сэтгэлд маш тод үлдлээ.
-ДАШТ-ий өмнө хойд хөршийн багтай нөхөрсөг тоглолт хийсэн шүү дээ. Энэ тоглолт бие халаалт болж чадав уу?
-Миний хувьд анхны олон улсын тэмцээн байсан. Үнэнийг хэлэхэд би их сандралтай байсан. ДАШТ-ий тоглолтууд эхлэхээс өмнө Оросуудтай нөхөрсөг тоглолт хийсэн нь маш зөв болсон. Энэ тоглолт надад маш их нөлөөлсөн. Дараагийн тоглолтуудад их өөр болсон шүү. Олон улсын тэмцээний туршлага багатай миний хувьд үнэхээр сандрал ихтэй байсан. Би энэ тэмцээнд орсноор маш том өөрчлөлтийг олж авсан. Надад улам их өөртөө итгэх боломжийг өгсөн. Үнэнийг хэлэхэд сандарсан үе байсан ч гэсэн багийн тоглогч, дасгалжуулагч гээд тэдний дэмжлэг их байлаа. Манай баг их гоё баг. Бид үнэхээр нэг баг болж чадсан.
-Сагсан бөмбөгийн спортыг сонгох үед гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ. Хэн нэгнээс татгалзсан зүйл байгаа юу?
-Би багасаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор ямар нэгэн спортыг сонгох байсан. Хөлбөмбөг хааяа үздэг байсан ч сагсан бөмбөгийг сонгосон нь алдаагүй. Аав минь намайг есдүгээр ангид байхад бурханы оронд очсон. Хүнд муу санахгүй, хүнд тустай сайн хүн яваарай гэж захисан аавын минь үг сэтгэлд ойр байдаг. Аавынхаа захиасыг үргэлж санаж явдаг. Надад гоё дурсамжууд бий. Бага байхын хөдөө аавтайгаа их явна. Зуны амралтаараа хонь хариулж, хөдөөгийн сайханд өсөж тоглосон миний бага нас сайхан. Сагсан бөмбөгийн спортыг хожуу сонгосон ч аав, ээжийн аль нь ч хориогүй ээ. Тийм болохоор би аавынхаа нэгэн хүслийг биелүүлсэн байх. Аав минь миний тоглолтыг тэнгэрээс харж байгаа /хэсэг чимээгүй болов/. Тэмцээний үеэр утас хурааж авсан болохоор ээжийгээ ирсэн гэдгийг мэдээгүй. Тоглолт дууссаны дараа ээжийгээ баярлуулж чадсандаа баярладаг. Эгч маань өдөр бүр тэмцээнийг үзсэн. Манай нутгийнхан илүү их дэмжсэн. Тэд маань хурдан ирээрэй гэж захисан байгаа/инээв/.
-Элсэлтийн шалгалт дөхлөө. Цаашид суралцах мэргэжлээ сонгосон уу. Ойрын тэмцээн ямар тэмцээн байгаа билээ?
-Би математик, физик, монгол хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгнө. ДАШТ-д оролцох гээд хоёр сарын чөлөө авсан. Маргааш/өнөөдөр/ Завхан явна. Ирэх долоо хоногт шалгалтууд эхэлж байгаа. Миний хувьд шалгалтууд гайгүй байх гэж бодож байна. Энэ тэмцээнд орсноор надад маш том өөрчлөлт гарсан. Хичээлийн хувьд ч бас алдаагүй ээ. МУИС-д орох хүсэл бий. Инженерийн чиглэлээр суралцах бодолтой.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Аззаяа овогтой Батхуяг
- Төв аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн.
- 2001 онд төрсөн. 180 см өндөр, 80 кг жинтэй.
- 3х3 төрлөөр Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн наадмын хүрэл медаль хүртсэн.
- 15 насандаа супер лигийн “Төв ургац” багийн бүрэлдүүнд багтсан.
- Өсвөрийн УАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль
- Өсвөрийн УАШТ-ий хоёр удаагийн шилдэг тоглогч
- Спрайт хөгжлийн лигийн хүрэл, оюутны лигт ИЗОУИС багаас тоглодог.
Лхагваа овогтой Авирмэд
- Завхан аймгаас сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн
- 2001 онд төрсөн. 190 см өндөр, 75 кг жинтэй.
- Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.
- УАШТ-ий бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
- 3х3 УАШТ-ий хүрэл медальтай.
Өсөхбаяр овогтой Пэрэнлэйжамц
- 2002 онд төрсөн. 198 см өндөр, 96 кг жинтэй.
- Өсвөрийн УАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.
- Өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч
- ICG олон улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медаль, бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
- 3х3 өсвөрийн УАШТ-ий аварга, Оюутны УАШТ-ий хүрэл медаль, MNBA Үндэсний лигийн аварга.
Түүний аав нь дархан аварга Г.Өсөхбаяр билээ. Өдгөө “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байна.
Шаравжамц овогтой Энхийн-Од
- 2002 онд төрсөн. 201 см өндөр, 75 кг жинтэй.
- 2014 “Кес Баскет” Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч
- 2015-2019 онд өсвөрийн УАШТ-ий найман алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль
- Өсвөрийн УАШТ-ий долоон удаагийн шилдэг тоглогч
- 2019 онд онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference тэмцээний аварга
- 2019 онд 3х3 U23 насны УАШТ-ий аварга
- 2019 онд “Гоё” дээд лигийн тэмцээний хүрэл медальт.
Холбоотой мэдээ