Цаазын ял ба Хойд Солонгос

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Цаазын ял ба Хойд Солонгос

Цаазын ял ба Хойд Солонгос

Өдгөө дэлхийн 170 гаруй орон цаазын ялыг хуулиас хасч эсвэл хуульдаа хэрэглэж байгаа боловч сүүлийн 10 гаруй жил ялыг огт гүйцэтгээгүй. НҮБ-ын гишүүн 193 орноос Хятад, Хойд Солонгос, Саудын Араб, Ирак, Пакистан, Иран зэрэг 23 улс цаазын ялыг гүйцэтгэж байна. Цаазын ял бол нэг төрлийн хуульчлагдсан аллага юм. Цаазын ялыг гүйцэтгэхдээ толгойг нь тастах, дүүжлэх, тариа тарих, буудах зэрэг  хэд хэдэн аргыг олон улсад хэрэгжүүлдэг.

Хятад улс нь авлига хээл хахууль авч өгсөн, хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, хэрэглэсэн тохиолдлууд, хүний амь нас хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан, хүчингийн хэрэг зэрэгт өчиггүй цаазын ял өгч, эр, эм, хөгшин, залуу гэлтгүй буудан хороодог хатуу чанд Эрүүгийн хуультайгаараа зартай. Хятад улс цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон хэвээр үлдсэн бөгөөд тоо баримтыг улсын нууцад хамааруулдаг тул тоо баримт нь тодорхойгүй байна. Гэвч жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэж байгаа гэж “Эмнести интернэшнл” үзэж байна. Цаазын ялыг түгээмэл хэрэглэдэг Иран улсад мансууруулах бодисын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш ял гүйцэтгэх нь 50 хувиар огцом буурчээ.

Харин Хойд Солонгост цаазын ял нь дэглэмээ хадгалах, улс төрийн байр сууриа хамгаалах, өрсөлдөгч, сөрөг хүчнийг дарах, иргэдийг айдаст автуулж, дуулгавартай байлгах зэрэг арай өөр зорилгоор ашиглагдах нь элбэг.

Тэгвэл Сөүлд төвтэй хүний эрхийн байгууллагаас Хойд Солонгос улсад цаазын ял гүйцэтгэдэг 323 газар байдгийг мэдээлснээр олон улсын анхаарлыг татаад байна. Бүтэн дөрвөн жилийн судалгаа, Хойд Солонгосоос дүрвэсэн 600 иргэдтэй хийсэн ярилцлагын үр дүнд дээрх мэдээллийг хийжээ.

Хамгийн сүүлд гарсан албан бус мэдээллээр Ким Жон Ун төрийн эргэлт хийх гэж оролдсон нэгэн генералыг махчин пирана загасаар дүүрэн аквариум руу шидэж, цаазалсан. Түүний аквариумд Бразилаас авчирсан хэдэн зуун пирана загас байдаг гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татав.

Хойд Солонгост цаазын ялыг олны нүдэн дээр их буугаар буудах зэрэг харгис аргаар гүйцэтгэдэг нь иргэдээ ямар улсад амьдарч буйг нь сануулах зорилготой хэмээн судлаач Сара А Сон мэдэгджээ. Тухайлбал, 2013 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн хүргэн ах Жан Сон Тэкийг олны нүдний өмнө хөнөөснөөр өөрийг нь эсэргүүцсэн хэнийг ч болов өршөөхгүй гэх сануулга байсан юм. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлснээр Хойд Солонгост цаазаар авхуулсан хэрэгтнүүдийн олонх нь зэс, малын хулгай, төрийн эсрэг үйл ажиллагаа, хууль бусаар хил давахыг оролдсон гэх шалтгаантай байдаг аж. Цаазын ял гүйцэтгэлийг хэдэн зуу, заримдаа 1000 гаруй хүнийг хүчээр цуглуулан харуулдаг ба хамгийн залуу гэрч нь долоон настай хүүхэд байдаг гэнэ. Ялыг гүйцэтгэхдээ үзэгчдэд “та нарт ч бас ийм зүйл тохиолдохыг анхаарч яваарай” гэж хэлдэг аж. Ерөнхийдөө ялыг гүйцэтгэхдээ ихэвчлэн голын ай савыг ашигладаг ба 1960-аад оноос хойш ашиглаж буй 35 газрыг олж тогтоожээ. Түүнчлэн зах, тариалангийн талбай, сургууль, спортын талбай, шорон, хөдөлмөрийн лагерь зэрэг газруудад ч цаазын ялыг гүйцэтгэдэг байна. Хэрэгтнүүдийн цогцсыг ихэвчлэн сонгогдсон газарт бөөнөөр нь булдаг ба ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгдөггүй.

 

Энэ мэтчилэн түүнийг өөрийнх нь үгнээс зөрсөн албан тушаалтнуудаа зэрлэг балмад аргаар шийтгэж, өөрийн дэглэмийг тогтоодог гэсэн мэдээлэл дахин дахин гардаг. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын сүүлээр Ким Жон Ун Ханойн хэлэлцээр бүтэлгүйтсэнд буруутган өндөр албан тушаалын хүмүүсийг цаазалсан гэж хэвлэлүүдээр мэдээлж байсан ч тэрхүү мэдээллээс тун удалгүй Ким Жон Ун цаазлуулсан гэх хүмүүстэй хамт тоглолт үзээд сууж буй дүрс бичлэг Хойд Солонгосын хэвлэлүүдээр гарсан. Ким Жон Ун цаазын ялыг зөвхөн өөрийн эрх мэдлийг тогтоохын тулд хамгийн харгис, хатуу шийтгэлийг сонгодог, тэр нь зөвхөн өөрийнхөө эрх мэдлийг хадгалах гэсэн оролдлого гэдгийг зарим ажиглагчдын зүгээс дүгнэжээ. Дэлхий нийтээрээ цаазын ялаа татгалзаж, хүний эрхийг илүү их хүндэтгэх болсон энэ цаг үед цаазын ялыг олны нүдэн дээр, харгислалтайгаар гүйцэтгэдэг цөөнх улс орнуудыг цаазын ялаас татгалзахыг хүний эрхийн байгууллагууд ч анхааруулж, сануулж буй.

Харин Монгол улс 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын нэмэлт II протоколд гарын үсэг зурснаар энэ төрлийн ялаас татгалзаж буй орны тоонд зүй ёсоор багтсан. Манай улсад  1988-2005 хүртэл хугацаанд 800 гаруй хүнд  цаазын ял оноожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж