Налайхын төлөө ажиллаж чадах хүнийг сонгох нь чухал

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Налайхын төлөө ажиллаж чадах хүнийг сонгох нь чухал

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд Налайхыг Улаанбаатар хотын дагуул хот болгох шийдвэр гаргасан. Дагуул хот болсонтой холбогдуулан тус хотын захирагчийн сонгууль энэ сарын 14-нд болох гэж байгаа юм. Налайх дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж улс төрийн зорилгоор биш жинхнээсээ Налайхын төлөө ажиллаж чадах хүнийг сонгохыг налайхчуудад хандан уриалсан юм.

“1958 оноос хойш Налайх хотод манайх гурван үеэрээ оршин сууж амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын аж үйлдвэрийн ууган хот Налайх 1990 оноос хойш хөгжлийнхөө хамгийн хүнд үеийг туулж явсаар өнөөдөртөө золголоо. Налайхчуудын ганц найдвар, түшиг тулгуур Их уурхай маань хувьчлагдаж налайхын иргэд ажлын байргүй, орлогогүй амьдарсаар 25 жил өнгөрч байна. Одоо бид зөв сонголт хийх нь зүйтэй. Налайхыг дагуул хот болгох санаачилгыг анх нэр дэвшигч Д.Батбаатар гаргаж, жилийн өмнө “Дагуул хот-Эко Налайх” хөтөлбөрийг боловсруулсан. Хотын захирагчийг сонгохдоо хотоо сайн мэддэг, хөгжүүлж чадах хүнийг сонгохыг уриалж байна” гэж тус дүүргийн иргэн Ч.Сарангэрэл онцолсон юм.

Налайхчуудын зүгээс тус хотын захирагчийг иргэд шууд сонгодог болсонд тун таатай байгааг илэрхийлээд нэр дэвшигчдийг шударгаар сонгуульдаа шударга соёлтой оролцохыг хүсч байлаа.

“Энэ бол зөвхөн Налайхын асуудал биш. Нийслэл цаашлаад орон нутгийн хэмжээнд улс орны хэмжээнд хот тосгоныг бие даан хөгжүүлэх анхны алхам юм. Налайхыг дагуул хот болгон шийдсэнээр цөөнгүй асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Налайх зэрэг дүүргүүдийг өөрсдөө бие даагаад шийдэх ажлаа бие дааж шийдэж чаддаггүй байсан. Ийнхүү дагуул хот болсноор нийгэм, эдийн засаг, аж ахуйгаа өөрсдөө шийдэх бүрэн боломжтой. Мэдээж үүн дээр хэд хэдэн чухал асуудал байгаа. Дүүргийн хэмжээнд гэлтгүйгээр Монгол Улсын хэмжээнд чадварлаг боловсон хүчний хомсдолд ороод байна. Иймээс Налайх дүүргийн захирагчийг сонгохдоо дүүгийн аж амьдралыг мэддэг, нутгийн баялаг газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй хөтөлбөртэй ажлын туршлагатай нэгнийг сонгох нь зүйтэй гэж харж байна. Тэрнээс биш өчигдөр гудпамжинд гүйж байгаад өнөөдөр дарга болсон нөхөд хувийн ахуй амьдралаа өөд нь татах гэсээр сонгуульт хугацаагаа дуусгаж байна шүү дээ” гэж НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан мөн онцолж байлаа.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж