Цав цагаан биетэй, мууран толгойтой эмэгтэй монгол гэрийн үүдээр сониучирхан шагайх үед модны навчаар тус газруудаа халхалсан хүмүүс мөчир сэлт барин хажуугаар нь алхаж өнгөрөв. Бяцхан монгол гэрийн баруун хойно моддоос дүүжилсэн олснуудаар өөрийгөө хэрхсэн эмэгтэй суух нь аалзны торонд орсон эрвээхэйн хүүхэлдэй мэт харагдана. “Buddha’s waiting” хэмээх уг ажлын эзэн Германы перформанс уран бүтээлч Дороти Серор дахин төрөлт, төвлөрөлийн тухай ойлголтыг ийн өдөөж байна. Тэгвэл Монголын уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэг ч Венецид дэлгэж буй үзэсгэлэндээ дахин төрөлтийг авч үзжээ. Венецийн биенналийн үеэр Европын соёлын төвөөс зохион байгуулдаг “Personal structures: Crossing borders” хэсгийн хүрээнд толилуулсан түүний “Reincarnation” үзэсгэлэн зөөлөн баримал, коллаж, цаасан зураг хосолсон дөрвөн бүтээлээс бүрдэнэ. Шинэ төрлөө хайж буй хонины сүнс, түүний урд насны дурсамжууд дөрвөн зургаас бүрдэх “Хонин сүнс”-энд тусгалаа олсон бол “Эврээс үс хүртэл”, “Ачлал” тэргүүт зөөлөн баримлуудаа хэвлий дэх хүүхдийн хүйс солих ардын дом, жаахан хүүхдийг бор туулай болгож хамгаалах домгоос сэдэвлэн бүтээсэн нь тэр. Нэгэн хонь эд бад болсныхоо хойно гүн нойронд автаж, өөрийгөө шувуу мэтээр төсөөлөх аж. Түүний өмнөх амьдралын дурсамжуудыг хадгалсан шилэн бөмбөлөг өмнүүр нь зурайн туулж өнгөрүүлсэн бүхнийг нь эцсийн удаа харуулах мэт. Үүний дараа тэр бодит цаг хугацаа, орон зайд очуулах умайг олохыг тэсгэлгүй ихээр хүснэ. Энэ бол “Хонин сүнс”-ийн түүх. Харин “Ачлал”-д дээлтэй туулай хүүхэд тэвэрсэн байх аж. Нялх хүүхэд харанхуйгаас айдаг хэмээнэ. Учир нь шөнийн харанхуй өмнөх насны амьдралаас шинэ амьдрал руу шилжсэн дахин төрөлтийнх нь нууцыг нь сануулдаг. Гэвч нялх хүүхдийн тэр айдас том хүмүүсийн үхлээс айх айдсаас юугаараа өөр гэж? Тэр бүх айдсаас туулай ээж хамгаалан, халамжлах аж. Монгол уран бүтээлч ийн анх удаа оролцож буй “Personal structures: Crossing borders”-т 40 гаруй орны уран бүтээлчийн үзэсгэлэнгээс бүрдэх бөгөөд биенналь дуустал буюу ирэх арваннэгдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх юм. Ж.Мөнхцэцэгийн “Дахин төрөлт”-ийн санаачлагч, куратороор Калифорнийн их сургуулийн профессор, урлаг судлаач Цүлтэмийн Уранчимэг ажилласан. Тэрбээр мөн Венецийн биенналийн Монголын павильоны куратороор сонгогдон ажилласан юм. “Венец хотын түүх Монголтой холбоотой юм билээ. Хүннүгийн Атилла тавдугаар зуунд Итали руу довтлоход зугтсан иргэд энэ хагас арал дээр суурьшсанаар Венец хотын түүх эхэлсэн гэдэг. Дараа нь Марко Поло Хубилай хааны ордонд 16-17 жил амьдарч байсныг бид мэднэ. Түүний бичсэн ном хүн төрөлхтний түүхэн дэх шинэ газар нутгийн нээлтэнд асар их нөлөөтэй. Христофер Колумб Марко Пологийн Монголын тухай, Монголын нийслэлийн тухай бичсэнийг уншсаны үндсэн дээр аяллаа эхэлсэн байдаг. Тэгэхээр бид бас Монголчууд эргээд ирлээ шүү, энэ удаад урлагаар бэлэг барина, харилцах, ярих гэж ирлээ гэж харуулна” хэмээн тэрбээр Time.mn-ы нийтлэлч М.Саруул-Эрдэнэд өгсөн ярилцлагтаа дурдсан нь бий. Түүний хэлсэнчлэн талын нүүдэлчид усан дээрх хотод ирсэнийг харуулах үзэсгэлэн буюу Монголын павильон Хаянхярваагийн Үнэн-Энх, Тогмидшийрэвийн Энхболдын ажлуудаас бүрдэж буй. Венецийн Палазо Морагийн хоёрдугаар давхар дахь гурван өрөө бүхий үзэсгэлэнгийн танхимд Т.Энхболдын адууны хомоол, үнс сэлт ашиглан бүтээсэн зургууд, гэртэй перформансын нь видео бичлэг болон Германд суурьшин туурвидаг Х.Үнэн-Энхийн гол төлөв эсгий, төмөр утсаар хийсэн ажлуудыг дэлгэжээ. “Эсгий нь Х.Үнэн-Энхийн хувьд харь зүйл биш. Харин түүний төрсөн нутаг, гэр орныг санаглуулдаг дурсамж гэж хэлж болно. Түүний бүтээлдээ өргөн ашигладаг эсгий, морины сүүлний үнэр, гарт баригдаж, нүдэнд харагдах байдал нь төрсөн гэрийг нь бүрнээ бэлгэддэг. Даяаршсан энэ ертөнцөд бид хүссэн газраа амьдарч, суурьших, тэндээсээ нүүх боломжтой болсон. Тэгэхээр энэ тохиолдолд хүний жинхэнэ гэр орон, зүрх сэтгэл нь харьяалагдаж буй газар хаана байдаг тухай асуудал урган гарч ирнэ. Тэр дундаа Хүйтэн дайны дараах Монгол улсын хүрээнд Х.Үнэн-Энх ганцаараа биш. Түрүүн дурдсанчлан эсгий сэлт нь түүний төрсөн гэрийг илэрхийлдэг бол бүтээлийн нь салшгүй хэсгийн нэг төмөр утас зэрэг материал нь одоогийн нь гэр Герман улсыг төлөөлнө. Хэдийгээр түүний бүтээлдээ ашиглаж буй материалууд хоёр өөр соёл, үндсийг ийн бэлгэдэж буй ч бүтээл нь нэг цул агуулгатай, бүхэллэг шинжтэй байдгаараа эсрэгцсэн хоёр соёлын тэнцвэрийг хадгалдаг нь хамгийн чухал юм” хэмээн павильоны куратор Ц.Уранчимэг тайлбарлаж байна. Тэгвэл Т.Энхболдын Венецийн биеннальд толилуулсан ажил хоёр хэсгээс бүрдэнэ. Нэг нь Мора дахь зураг, бичлэг нь бол нөгөө хэсэг нь хотын энд тэнд, өнцөг булан бүрт энэ сарын 27 хүртэл үзүүлж буй гэртэй перформанс юм. Өөрийн урласан жижиг хэмжээтэй гэртээ тэрбээр тухалж, бүтээлээ үзүүлэхээс гадна гэрийн үүд хүн бүхэнд нээлттэй. Ингэснээр Т.Энхболд Венец хотын жирийн иргэд, жуулчидтай холбоо харилцаа үүсгэж, нүүдэлчдийн тухай таниулах, урлаг гэдэг зөвхөн дөрвөн хананы дунд эсвэл үзэсгэлэнгийн танхимд байдаггүйг харуулж байгаа хэрэг. “Гэр гэдэг бол бүхэл ертөнцийн загвар. Гэрийн сүнслэг орон зайгаар дамжуулан байгаль дэлхийтэй холбогдож болно” хэмээн Т.Энхболд ярьж байна. Түүний ажлыг куратор Ц.Уранчимэг “Дотор ч, гадна талд ч Т.Энхболд өөрийн гэртээ байгаа мэт эрх чөлөөтэй, зоргоор байдаг. Хувцсаа тайлан амарч хэвтэнгээ эргэн тойрныг ажиглан хэвтэх нь ч бий. Түр зуур амьдарч буй орон зайндаа тэр гэртээ байгаа мэт амьдрахаар хичээхийг перформансаас нь харж болно. Тэр яагаад энд байна вэ? Тэр юу хийж байгаа юм бэ? Түүний жинхэнэ гэр орон хаана байгаа бол? Орчин үеийн ертөнцөд нэн хамааралтай эдгээр асуултуудыг Т.Энхболд бүтээлүүдээрээ дамжуулан ийн асуудаг юм. Нэг талаас хүмүүс олон нийтийн сүлжээ, цахим орчны тусламжтай нэгдэн нийлж, дэлхий хавтгайрч байна. Гэвч нөгөө талаас нэгдмэл болсоор буй энэ дэлхий цагаачлалын асуудлуудаар дамжуулан “бусдаас өөр байх”, тусгаарлагдах, үндэс угсааны тухай маргаантай ойлголтыг ч гаргаж ирдэг. Т.Энхболдын хувьд нийгмийн эрс өөрчлөлт, засгийн газруудын солигдолт тэргүүтнийг харж, мэдэрч буй Монгол орны орчин үеийн ертөнцөд байр сууриа олох гэж хичээж буй үйл явцыг нь бүтээлүүд нь төлөөлж чаддаг” хэмээн тайлбарласан юм.
Венецийн биеннальд нийт 88 орон павильоноо босгож, улсаа төлөөлөх шилдэг уран бүтээлчдээ илгээсэн юм. Биенналийн гол шагнал болох “Алтан арслан”-г Армен улсын павильон хүртсэн юм. Монголын хувьд ААА зэрэглэлтэй, дүрслэх урлагийн хамгийн том биеннальд анх удаа оролцсон нь том бөгөөд чухал хаалга нээсэн үйл явдал байлаа. Тэр дундаа зохион байгуулалтын явцад ССАЖЯ татан буугдсанаар санхүүгийн хүндрэл, бэрхшээлүүд учирсан ч Нийслэлийн ЗДТГ, хотын дарга Э.Бат-Үүлийн дэмжлэг, Ром дахь Монголын ЭСЯ болон бусад хандивлагч, дэмжигчдийн дүнд Монголын павильон Венецид босож чадсан юм. Түүнчлэн зохион байгуулагч Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо болон оролцсон уран бүтээлчдэд ч анхны биенналь том хичээл болж, санаа сэдэл хийгээд урам зоригоор сэлбэгдсэн нь илэрхий билээ.
Энэ төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Мон Уран болон Алтай Констракшн, Эко Констракшн, Онч Деллойт Аудит, Туушин, Макс групп, Ард Холдинг, Turkish Airlines, Петровис, Хас Банк, Steppe Link, Мөнхийн үсэг, Terrazzo Lounge, Отгон Холдинг, Төгөлдөр сан, зохион байгуулалтын талаас хуучны Соёл спорт аялал жуулчлалын яам, одоогийн Боловсрол соёл шинжлэх ухааны яам дэмжлэг үзүүлэн ажилласан юм.
Б.ЭГШИГЛЭН
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" сонин.