Хонь, ямааг амьдаар нь экспортлох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

VS

Хонь, ямааг амьдаар нь экспортлох нь зөв үү?

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан  БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ  бог малыг амьдаар нь гаргахаар болж, энэ тухай яриа хэлэлцээрийг ярьсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр /2019.0.6.11/ Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд  хамтран  мэдээлэл хийж эсэргүүцсэн юм. Уг асуудлыг салбарын сайдынх нь байр суурьтайгаар энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

Ч.Улаан
ХХААХҮ-ийн сайд

-БНХАУ-д албан ёсны ажлын айлчлал хийсэн. Энд мал амьдаар гаргах тухай нэг ч асуудал яригдаагүй. Үүнийг хариуцлагатай хэлж байгаа. Хэвлэл мэдээллийн төлөөлөл ч энэ талаар мэдээлэл өгсөн байх. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайг энэ жил экспортод гаргах боломжийг бүрдүүлэх, хил гаалийн үнэлгээ шинжилгээ, харилцан протоколыг түргэвчлэх талаар ярьсан. Засгийн газрын 318 дугаар тогтоол гараад хэрэгжиж байгаа. Энд малыг амьдаар нь гаргах, тэр дундаа үржлийн бус эр хонь, ямааг гаргаж болох талаар чиглэл өгсөн байдаг. Аймгуудын удирдлагуудад өгсөн. Гэхдээ нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгасан. Энд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Шалгуулахад бэлэн эсэх нь ямар ч хамаагүй. Хууль дүрмийн хүрээнд ажиллаж байгаа. Хоёр талын хөрөнгө оруулалттай компани хамтраад үйл ажиллагаа явуулах байлгүй дээ. Шийдвэрийг нь Дорноговь аймаг гаргана шүү дээ. Тэр аймгаас зөвшөөрөл өгнө. Миний нөлөөлөл огт байхгүй. Надаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан.

Б.Пүрэвдорж
УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн

-Махны салбарт нийтдээ 10 гаруй мянган хүн ажилладаг. Өнгөрсөн жил бид 78 мянган тонн махыг боловсруулж экспортолсон. Өнөөгийн байдлаар олон үйлдвэрүүд техник технологийн хувьд сайжрах боломж бүрдлээ. Засгийн газраас нийт таван сая амьд малыг экспортлох зөвшөөрлийг олгохоор болж байна. Тухайлбал, зөвхөн нэг компанид давуу эрхтэйгээр олгож байгаа нь бидний гайхширлыг төрүүллээ.

Амьд малыг экспортод гаргахад хоёроос гурван жилийн дараа дотоодын үйлдвэр хаагдахад нэг компани үнэ тулгаж, малыг хямд үнээр авах нөхцөл байдал руу шилжинэ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын эхээр БНХАУ-д айлчилж малын экспортын талаар ярилцсан. Мөн энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын газрын дарга ярилцсан байна лээ.

Ч.Улаан сайд, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар үнэхээр улаан, цагаандаа гарч байна. Тэд Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна. Иймээс Монголын махны холбоо болон мэргэжлийн холбоод үүнийг эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны тодорхой хэмжээний хувийн эрх ашиг байгаа хэмээн үзэж буй. Тэгэхээр хоёр албан тушаалтныг АТГ-д шалгуулах хүсэлтийг өгнө. Манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮЯ-ий сайд Ч.Улаан нарт дээрх асуудалтай холбоотой албан бичгийг энэ оны дөрөвдүгээр сарын эхээр явуулсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй.

Малыг амьдаар гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлж Монголын махны экспортод ноцтой хохирол учруулж буй энэ асуудалд яаралтай шийдвэр гаргах тухай албан бичгийг хүргүүлж байна. Амьд мал гаргахын цаана БНХАУ өөрсдийнхөө иргэдийг малжуулах хөтөлбөр явагдаж байгаа. Мөн манай ноолуурын БНХАУ-ын ноолуураас илүү чанартай. Энэ үед БНХАУ-ын ноолуурын чанар унаж эхэлж буй.  Яг энэ үед манайхаас ямаа авснаар ноолуурын салбарт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс бид бүхэн амьд малын экспортыг зогсооно гэж найдаж байна.

Монголоос нэг  л удаа мал амьдаар гарах юм бол тэр чигээрээ цуварна. БНХАУ-д мал гаргаад эхэлмэгц ОХУ, Казахстан зэрэг улсууд авч эхлэх байх. Энэ байдлаас улбаалан  Монголын мал ямар ч нэмүү өртөггүйгээр хоёрхон сувгаар гарах нөхцөл байдал үүсчхэж байгаа юм. Өөрөөр хэлбэл  малчид одоохондоо малаа өндөр үнээр зарж болох ч тодорхой хугацааны дараа нэг компанийн хяналтад орох эрсдэл бий. Улмаар Улаанбаатар хотод мах хэрэглэдэг тэр хүмүүс маш өндөр үнэтэй малын мах идэх нөхцөл байдал тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж