Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрт ашиглаж байсан компьютерийн сүлжээнд хакерын дайралт хийхээр зэхэж байжээ. Энэ тухай Оросын “Kaspersky Lab” компьютерийн аюулгүй байдлын компани мэдээлсэн байна.
“Kaspersky Lab” Европт Иран болон дэлхийн зургаан их гүрний хооронд хэлэлцээр болсон зочид буудал болон компьютерүүдээс вирусын программ олдсон тухай мэдээлжээ. Kaspersky болон Америкийн “Symantec” компани дээрх вирусыг өмнө нь илчлэгдэж байсан “Dudu” нэртэй тагнуулын программ тараасан талаар дурдсан байна. Интернэтийн аюулгүй байдлын шинжээчид “Dudu” программыг Израильд хийсэн хэмээн үздэг аж. “2014-2015 онд бий болсон шинэ вирусын зарим нь Ираны хэлэлцээрт ашиглаж байсан компьютерийн сүлжээнээс олдсон” хэмээн “Kaspersky Lab”-ын албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ.
Иран болон дэлхийн том зургаан гүрэн болох АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц, Германы хэлэлцээр Женев, Лозанн, Монтре, Мюнхен болон Вена хотуудад явагдсан билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын талаас Израилийг Вашингтоны бодлогыг харлуулахын тулд хэлэлцээрийн нууц баримтуудыг ашигласан хэмээн буруутгасан билээ.
Израиль улс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг дипломат арга замаар шийдэгдэхийг эсэргүүцээд “Тегерантай ямар нэгэн яриа хэлэлцээр хийх нь Ираны цөмийн зэвсэгтэй болох оролдлогод саад болохгүй” гэж үздэг аж.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин