НАМЗХ-д үүсээд байгаа асуудлаар Бага хурлын гишүүн, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.
-Ер нь НАМЗХ-нд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-НАМЗХ-ны Бага хурлын VII хуралдаан дөрөвдүгээр сард хуралдсан. Тус хурлаас ээлжит Их хурлаа хуралдуулах шийдвэр гарч, хуралд бэлтгэх ажлын хэсгийг 11 хүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсэг Их хуралд бэлтгэхийн зэрэгцээ холбооны дотоод нөхцөл байдлын талаар зарим асуудлыг хэлэлцэж байгаа. Товчхондоо өнгөрсөн онуудад НАМЗХ-ны удирдах түвшинд буюу Удирдах зөвлөлийн хүрээнд үүссэн цөөн хэдэн хүний үл ойлголцол, эсрэг тэсрэг байр суурь бүтэн нэг байгууллагыг хүнд байдалд оруулаад байна гэж миний хувьд үзэж байгаа. Өмнө нь Удирдах зөвлөлийн багт байгаагүй болохоор нарийн асуудлыг сайн мэдэхгүй. Гэхдээ Бага хурлын гишүүнийхээ хувьд зарчмын асуудлаа хадгалж, хүн хоорондын маргаанаас ялгаж салгах ёстой гэж бодож байгаа.
-УИХ-ын гишүүн О.Содбилэг өнөөдөр өгсөн ярилцлагадаа “АНУ-д сурч байгаад ирсэн Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөс чөлөөлсөн” гэж ярьсан байна. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгчөөс нь чөлөөлсөн юм уу?
-НАМЗХ-ны Бага хурал дээр миний санаж байгаагаар гурван хүнийг чөлөөлж, нэг хүнд чөлөө олгож, нэг хүнийг албан тушаалд сонгож, 10 хүнийг ажлын хэсэгт оруулсан. Энэ бол албан ёсны шийдвэр. Тэнд Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөс чөлөөлөөгүй, харин түүнд чөлөө олгосон. Энэхүү болж өнгөрсөн үйл явдлыг хуралд оролцсон 140 гаруй гишүүд мэдэж байгаа. Харин Бага хурлыг даргалж байсан Содоо гишүүн маань андуурсан болов уу даа.
-НАМЗХ-ны залуучуудыг насны хязгаараас болж хагарч байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн дунд байгаа. Энэ үнэн үү?
-Миний бодоход ч тэгж ойлгож байгаа. НАМЗХ-ны насны асуудал бол зарчим юм. Тэр зарчмаас ухарч болохгүй. Хэрэв түүнээс ухарчихвал залуучуудын байгууллага биш болно. Цаашлаад МАН залуучуудаас улам хөндийрч, цааш цаашдын сонгуульд дахин ялагдах үндэс болох юм. Залуучуудын асуудлаа залуучууд нь яриад, хариуцаад явах хэрэгтэй. Харин сайд нь сайдынхаа, гишүүн нь гишүүнийхээ, намын удирдлага нь намынхаа ажлыг хийх хэрэгтэй шүү дээ. Ингэж байж л улс төрийн амжилт гаргана. Нөгөө талаар 35 хүртэлх настай НАМЗХ-ны гишүүн нь сонгуульт албан тушаалд сонгогдох эрх нь одоогийн дүрэм, үндсэн зарчимд нийцэж байгаа. Ингэвэл 34, 35 настай гишүүн нь 38, 39 хүртлээ ажиллах боломж нээлттэй. Харин насны хязгаарыг 40 болгочихвол 43, 44 хүртлээ ажиллаад цаашаа шууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нь хуулиар нээгдэх юм. Өөрөөр хэлбэл залуучуудын байгууллага биш болноо гэсэн үг.
-Ийм асуудал өмнө нь гарч байсан уу, эсвэл анхны тохиолдол уу?
-Яг ийм кейс дээр асуудал үүсч, улмаар насны хязгаар 35 байхаар хадгалж үлдсэн түүх байдгийг сонсож байсан. 35 нас хүрээгүй хүн сонгогдоогүй бүрэн эрхээ дуустал ажиллах уян хатан нөхцөл бий болгосон нь улс төрийн намын дэргэдэх байгууллагын онцлог. Одоо нэгэнт 35 нас хэтэрчихсэн ах нар маань зарчим, ёс зүйгээ баримтлаад дүү нартаа амжилт хүсэх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үүнийгээ намдаа ч, залуучууддаа ч харуулах ёстой.
Нийслэлийн НАМЗХ-ны хурлыг хуралдуулах шийдвэрийг Ажлын хэсгээс гаргасан гэсэн. Хурал нь хэзээ болох вэ?
-Тиймээ. Ажлын хэсэгт НАМЗХ-ны Бага хурлаас Удирдах зөвлөлийн эрх хэмжээг шилжүүлсний дагуу удаан хугацаанд хурлаа хийгээгүй, дүрмээр заасан насны хязгаар нь хэтэрсэн Нийслэл болон зарим аймгийн салбар холбоодын ээлжит бус чуулганыг хийх эсэх асуудлыг хэлэлцэж, санал хураалтаар хурлыг хийхээр эцэслэн тогтсон. Гэвч хурал хийх, бэлтгэх хангах ажил одоо хүртэл эхлээгүй байна.
-Яагаад хуралдахгүй хойшлоод байгаа вэ?
-Нэгэнт ажлын хэсэг хуралдаад олонхийн зарчмаар асуудлаа шийдчихсэн. Ажлын хэсгийн хурлыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч, Дэд сайд Г.Тэмүүлэн удирдаад бусад бүх гишүүд оролцоод болсон саналаа хураасан. Гэвч хурлаа ч бүрэн хааж, дуусгалгүйгээр ажлын хэсгээс гаргасан шийдвэрээ албажуулахгүйгээр хурал даргалагч буюу Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч маань гараад явчихсан. Энэ бол уржигдар болсон явдал л даа. Өчигдөр харлаа. Асуудлаа дахиад ярих болвуу гээд хүлээлээ. Байдаггүй. Утас нь салгаатай. НАМЗХ-ны өрөө нь эзгүй. Ийм л байдалтай байна. Даргын дэмжиж явсан асуудал уначихаар олонхийнхоо эсрэг явдаг эвэртэн болчихсон гэх үү дээ.
-Г.Тэмүүлэнг холбооныхоо ажлыг хийхгүй байна гэсэн гомдлыг залуучууд удаа дараа гаргаж яамных нь үүдэнд жагсаал хүртэл хийсэн. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэн залуучуудтайгаа уулзах нь байтугай тамгаа аваад зугтсан гэсэн. Үнэн үү?
–Г.Тэмүүлэн холбоо дээрээ суухгүй байгаа нь үнэн. Хааяа яваад ороход эл хуль, хүнгүй болчихсон залуучуудын байгууллагын өрөө л угтдаг. Нийслэлийн асуудал нь унаснаас хойш бүр сураг тасарлаа. Холбооны ажилдаа оролцохгүй, залуучуудтайгаа уулзахгүй зугтаагаад байгаа хүнтэй залуучууд боломжтой хүн аргаараа л уулзахыг, ярилцахыг оролдож байна. Тамгаа аваад явсан, холбоо дээр баримт бичгийг зөөсөн гэхчилэн асуудал яригдаад байгаа. Хэрэв үнэн бол энэ буруу. МАН-ын тамга, архивыг намын дарга юмуу генсек нь гэрлүүгээ зөөгөөд явчихаж болохгүй биз дээ. Хэрэв ийм асуудал гарвал ямар хариуцлага хүлээлгэх нь ойлгомжтой шүү дээ.
Д.ЖАРГАЛ