УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2019.06.11/-ийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм. Өмгөөллийн тухай хуулийн төсөл нь өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Өмгөөлөгч шүүх хуралд оролцоход шүүгчид загнуулж байгаад л зарим шүүх хурал дуусдаг. Энэ хууль батлагдсанаар өмгөөлөгч бол шүүх хуралд давуу эрх эдлэх, өмгөөлөгчийн саналаа хурал өөр тийшээ эргэх тохиолдол байдаг. Тиймээс энэ хууль батлагдсанаар өөрчлөгдөх үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Нэг талаар таны ярьж байгаа зүйл хувь хүний асуудал болоод байгаа юм. Гэхдээ өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг илүү дэлгэрүүлж, эрх үүргийг нь илүү тодорхой болгож өгч байгаа” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Өмгөөлөгч нарын ёс зүй харилцааны хувьд залуу өмгөөлөгч нарт өмгөөлөгчийн нууцлалыг хадгалах ёс зүй гэх зүйл алга болоод байх шиг. Сүүлийн үед бүр хоёр талд ажилладаг өмгөөлөгч нар бий болсон гэж ард түмэн ярьдаг болжээ. Ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хуульд өмгөөллийн нууцыг ямар ч тохиолдолд хугацаагүй хадгална, нууцад гэрээ, баримтаас гадна өмгөөлөгч, өмгөөлүүлэгч нарын хоорондын яриа ч орно. Өмгөөлөгчид хориглох, ашиг сонирхлын зөрчлийг 16 зүйл заалт болгож тодорхой болгож өгсөн. Үүнд нөгөө талтай уулзах, баримт материал өгөх гэх мэт зүйлийг хориглоод эрүүгийн гэмт хэрэг гэж үзээгүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэж, өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлэх маш тодорхой заалтууд орсон" гэлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ