УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж.
Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн зүйлд ногдуулдаг байна. Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм байна. Дэлхийн орнуудын дээрх туршлагад үндэслэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт хотын өдөр тутмын амьдралд тулгарч буй олон асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх зорилгоор нийслэл хотод бизнес эрхэлсэн бол энэ төрлийн татварыг ногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулахаар тусгасан байна. Түүнчлэн Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ. Зочид буудал, амралтын газар, баар рестораны үйлчилгээ, бүх төрлийн танхимаас нэг хувийн татвар тогтоохоор тусгаад байгаа юм.
Одоо байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар Ажлын хэсгээс асуултдаа хариулт авч байна.
С.ОТГОН