Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах, 2017 онд Малайзад хөнөөгдсөн Ким Жон Нам АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан талаар өнгөрсөн даваа гаригт “Wall Street Journal” мэдээлжээ. Тус сонин эх сурвалжийн нэрийг нууцалсан бөгөөд АНУ-ын Тагнуулын төв газраас Ким Жон Намтай гүнзгий харилцаа холбоотой байсан тухайд тайлбар өгөөгүй талаар онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын хэд хэдэн албан тушаалтан “Ким Жон Нам нь олон жилийн турш эх орноосоо гадна амьдарч байсан, Пёньяны дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хэлснийг “Wall Street Journal” мэдээлжээ. Зарим албаны хүмүүс Ким Жон Намыг бусад орны аюулгүй байдлын алба, тэр дундаа Хятад улсын аюулгүй байдлын албатай харилцдаг байсан гэж хэлснийг тус сонинд мэдээлсэн талаар "The Reuters" агентлаг уламжилсан байна.
Өмнөд Солонгос болон АНУ-ын албаны хүмүүс “ Хойд Солонгосын эрх баригчид гэр бүлийнхээ дэглэмийг шүүмжилж байсан Ким Жон Намыг алах тушаал өгсөн” гэж мэдэгдсэнийг Пёньян үгүйсгэсэн билээ.
Куала Лумпурын нисэх онгоцны буудалд 2017 оны хоёрдугаар сард Ким Жон Намын нүүрэнд мэдрэл саажуулах VX хэмээх хүчтэй хор түрхэж хөнөөсөн хэрэгт хоёр эмэгтэйг буруутган, хэрэг үүсгэн шалгасан билээ. Өнгөрсөн тавдугаар сард Малайз улс Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг, гуравдугаар сард Индонезийн иргэн Сити Айсяг тус тус сулласан билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун 2017 оны хоёрдугаар сард буюу амь насанд халдах үед өөртэй нь холбоо тогтоосон АНУ-ын Тагнуулын төв газрын төлөөлөгчтэй уулзахаар Малайзад очжээ. Гэвч “Энэ нь Ким Жон Нам тус улсыг зорих болсон цорын ганц шалтгаан биш байсан” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Malaysia Today
Холбоотой мэдээ