Ч.Отгочулуу: Бидэнд баатар хэрэггүй, мөнгө хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Ч.Отгочулуу: Бидэнд баатар хэрэггүй, мөнгө хэрэгтэй

Ч.Отгочулуу: Бидэнд баатар хэрэггүй, мөнгө хэрэгтэй

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-аас УИХ-д өргөн барьсан. Улс орны төсөв, мөнгөний бодлого, татвар, өр зээл, байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн гол асуудлыг шийдвэрлэх зарчим, зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах ёстой гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засагчдын хэлдэг энэ асуудал Үндсэн хуулийн шинэ төсөлд хэр тусгагдсан байна?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй” гэсэн заалт оруулж өгсөн байна билээ. Ингэж төсвийн бодлогоо Үндсэн хуулиар хамгаалж өгч байгаа нь зөв. Нийтийн эрх ашгийн үүднээс улсын төсвийг тойргийн улстөрчдөөс хамгаалж байна гэж харж байна.

-Төсөв хэлэлцэх үеэр улстөрчид тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэж “алаан” болдог. Тиймээс Монгол Улсын төсвийг авлигажсан төсөв гэдэг?

-Улс орны макро эдийн засгийн гол бодлогууд төсөв, мөнгө, хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжиж илэрч байдаг. УИХ дээр энэ чиглэлийн шийдвэрүүд нь гардаг. Сүүлийн 15 жилд Монгол Улс дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Үүнээсээ болоод чөтгөрийн тойрогт орчихсон. Зарим хүмүүс авлигажсан төсөв ч гэж тодорхойлдог. УИХ дээр төсвийн бодлого орж ирэхээр гишүүд бүгд Ерөнхий сайд, Сангийн сайд болдог, тойрогтоо хийсэн ажилтай болохын тулд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах хөрөнгө оруулалтаар наймаалцдаг. Засгийн газар ч тойргоо гэсэн сэтгэлээр нь барьцаалаад УИХ-ын гишүүдээ эвтэйхэн “авлигаддаг”. Үүнээс болоод улсын төсөв бүхэлдээ алдагдал ордог, инфляци гаарч, эдийн засаг хямардаг байсан. Ер нь алдагдалтай төсөв батлаад, “шархаа” гадаад зах зээлээр нөхсөн улс хөгжсөн түүх дэлхийн түүхэнд байхгүй. Аль болохоор алдагдалгүй төсөв баталж байж, эдийн засгийн тогтвортой бодлогууд хэрэгждэг. Санаагаар болдог бол, аль болохоор алдагдалгүй төсөв батлах ёстой гээд Үндсэн хуульд бүр зоригтой суулгаад өгчих хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт эрс муудсан. Ялангуяа уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт тэг зогссон. Энэ нь улстөрчдийн хэлж ярьж байгаагаас болов уу эсвэл эрдэс баялгийн үнийн уналттай холбоотой юу?

-Гадаадын хөрөнгө оруулалт муудсан нь цэвэр дотоодын шалтгаантай.

Монгол Улс хөрөнгө оруулахад эрсдэлтэй орон гэдгээ өөрсдөө байнга зарлаж байна. Дотоодын улс төрийн бохир хэрүүлээ дэлхийд ил цацах болсон. Зөвхөн гадаадын ч гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч тэр улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдийн үг, үйлдэл, засгийн хүнд суртал, төр захиргааны байгууллагын ажилтнуудын таагүй хандлагаас болоод Монголыг тоохоо больсон.

Одоо жишээ нь Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг сайн, муу болсон гэж парламентаараа хэлэлцэж эхэлсэн. Энэ болгон хөрөнгө оруулагчдад муу мессеж болж очдог.

-Монголын парламентын олон гишүүн Оюутолгойн талаар эсрэг байр суурьтай байдаг. Иргэд нь ч хамаг баялгийг нь ухаж аваад Рио-Тинто баяжаад байгаа юм шиг ойлголттой явдаг. Үнэндээ Оюутолгой төсөл байгаагүй бол олон хүн ажилгүй, орлогогүй, амьдралгүй болно гэдгээ ойлгодоггүй?

-Монголын гол асуудал бол ажилгүйдэл, ядуурал. Үүнийг шийдвэрлэх арга зам нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэвэл ганцхан Оюутолгой л байна. Сүүлийн 30 жилд урагшаа хөдөлсөн ганц том төсөл нь Оюутолгой. Оюутолгойн гэрээг баталсан цагаас хойш энэ төслийг мөлжиж, сэвж бас шимж карьерээ залгуулдаг улстөрчид олширсон. Аливаа асуудалд эрүүлээр ханддаг улстөрчид хүртэл өнөөдөр популист болж хувирсан байна. Гэтэл Монгол маань өөрөө тэртэй тэргүй хөрөнгө оруулж, бизнес эрхлэхэд таатай, тааламжтай улс биш шүү дээ. Улирлын мөчлөгтэй,  урин дулааны ганцхан улиралтай. Зам, цахилгаан, усан хангамж гээд дэд бүтэц асар муу. Уул уурхай бас өөрийн гэсэн мөчлөгтэй. Үнэ өндөр байвал хөрөнгө оруулагч хүрээд ирнэ, төсөв ч өсөөд явчихна. Үнэ унавал хөрөнгө оруулагч алдагдалд, эрсдэлд орно. Харин улсын төсөв алдагдлаа үүрнэ. Ийм хоёр жам ёсны мөчлөг дээр улс төрийн мөчлөг нь  нэмэгдэнэ. Монголд маань дөрвөн жил тутамд гурван том сонгууль болж байна. УИХ, аймаг, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор л цөөн хэдэн хөрөнгө оруулагчаа барьж ноолдог боллоо. Хөрөнгө оруулагч байхгүй бол энэ улсын эдийн засаг хатаж, ширгээд дуусна. Улстөрч байхгүй боллоо гээд тэднээр нэг их дутагдахгүй л байх, Монгол.

-Тэгээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээг эргэж харах нь зөв юм уу, буруу юм уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээн дээр УИХ хяналт тавих нь зөв. Гэхдээ хийрхсэн, мэдлэг муутай, популистуудаар дүүрсэн, чадамжгүй энэ парламент буруу шийдвэр гаргавал хохирлыг нь засахад маш хэцүү. УИХ буруу шийд гарвал залруулах том байгууллага байхгүй. Эдийн засаг дааж, давж чадахгүй ч болж мэднэ. Ажлын хэсгийн гэх хэдэн хүн нь бие биеэ уралдаж муулаад, дээр нь гэрээний талаарх ойлголт муутай харагдсан.

Зурагтаар зарим нэгнийх нь яриаг сонсоход, ярьж байгаа асуудлаа ч мэдэхгүй, тайлбарлаж чадахгүй байна билээ. Зүгээр л хий хоосон хардлага, сэтгэлийн хөөрөл. Тэр мөнгөн урсгалын тооцоо нь ч шал буруу. Уг нь энгийн нэг арифметик шүү дээ.

Санаагаар болбол, ажлын хэсгийнхэн дотооддоо ойлголцлын зөрүү байвал нягтлаад, нэг амаар, нэг үгээр ярих ёстой. Гэтэл танин мэдэхүйн шатандаа гацчихаад хий эргээд, тэгээд яахав чаддагаараа чанга дуугарах төдий. Тэдний түүхий дүгнэлтийг үндэслээд УИХ шийдвэр гаргах юм бол надад харамсалтай л санагдсан. Яагаад гэвэл улстөрчдийн байр суурь биш, Монгол төрийн үг гэж гадаадад ойлгогдоно. Дэлхийтэй харьцаж амьдрах учиртай хойч үеийнхэндээ шавар хаасан асар хариуцлагагүй үйлдэл болох байх.

-Монголын парламентад олон улсын гэрээг ойлгож уншиж, дүгнэж чадах гишүүн цөөн л дөө. Тэр тусмаа Оюутолгойг шалгах ажлын хэсэгт энэ гэрээг хянаж чадах хүн байхгүй гэхэд буруудахгүй байх. Тэд Оюутолгойг ирэх УИХ-ын сонгуулийн пи-араа болгоод байх шиг?

-Би бас ингэж хардаж байна. Яагаад гэвэл Монголын тал яг юуг хүсээд байгаа нь тун ойлгомжгүй байна. Нэг гишүүн нь хувиа нэмье гэх. Нөгөө нь хувиа заръя гэх. Монголын Засгийн газар ямар бодолтой, ямар шаардлага тавиад байгаа нь хөрөнгө оруулагчдад битгий хэл хөндлөнгийн эдийн засагч бидэнд огт ойлгомжгүй харагдсан. Уг нь энэ болгоноо тодорхой болгох хэрэгтэй л дээ. Засгийн газар, УИХ нь дотроо учраа ололцох ёстой. Миний хувьд Монголын улстөрчдөд хандаж өөр л зөвлөгөө өгмөөр санагддаг.

-Ямар зөвлөгөө?

-Эхэлж дотроо учраа ол. Буруутай асуудлуудаа эзнээр нь, бас түүхээр нь, тэгээд гарал үүслээр нь ялгаж салга. Энэ нь манай улстөрчдийн алдаа байна. Энэ нь хуулийн цоорхой байж. Ийм соёлын ялгаа бий, олон улсын стандарт Монгол Улсын стандарт ингэж зөрдөг юм байна гээд асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Түүнээс хөрөнгө оруулагчдаас юу хүсээд, тэдэнд юу тулгаад байгаа нь ойлгомжгүй олон юм ярьж болохгүй шүү дээ. Улс орны нэр хүнд, олон улсын бизнесийн харилцааг бодсон ч тэр.

-Дубайн гэрээ л гэх юм. Дубайд очиж гэрээ байгуулаагүй байсан бол Монголын эдийн засаг ямар байдалтай байх бол?

-Дубайн гэрээ гэж нэг зүүн хойд талын хар овоохойтой болж авсан. Зардлын хэтрэлтийн маргаан, ТЭЗҮ ба төслийн санхүүжилт тойрсон асуудлаар “Эрдэнэс Оюутолгой”-гоос Рио Тинтод бичсэн захидлаас болсон гэх шалтгаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хоёр жил гацсан. Энэ гацсан хугацаанд манай эдийн засагт хүндрэлүүд гарч эхэлсэн, хөрөнгө оруулалт хомсдож улмаар төгрөгийн ханш суларч эхэлсэн. Энэ байдлыг олж харсан тухайн үеийн УИХ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт үүрэг өгсөн. Ер нь бол наад Оюутолгойгоо үргэлжлүүл, маргаандаа цэг тавиад далд уурхайн бүтээн байгуулалтыг нь эхлүүл гэсэн агуулга бүхий хоёр ч тогтоол гарсан байгаа. Дубайн гэрээ бол угтаа харилцан ойлголтын санамж бичиг л юм. Тухайн үед хувь нийлүүлэгчдийн хооронд маргаж, хэлэлцэж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үүссэн 30 асуудлыг жагсаасан. Тэгээд тэр асуудлуудаа хэрхэн шийдсэнээ дүгнэж протокол үйлдсэн. Бас тэгээд цаашаа нэг завин дээр суугаад хамтран аялцгаая гэсэн үг л дээ. Зарим улс төрчдийн хараагаад байгаа энэ Дубайн төлөвлөгөөний шууд болон дам нөлөөгөөр энэ рекламдаад байгаа эдийн засгийн өсөлт гарч ирсэн. Валютын нөөц өслөө, гадаадын шууд хөрөнгө өслөө л гэнэ. Үнэндээ энэний 90 хувийг Оюутолгой бүрдүүлж байгаа. Ч.Хүрэлбаатар сайд энэ өсөлтөөр л хамгийн гоё шоу хийгээд явж байна. Дубайн төлөвлөгөө батлагдсан нь ОУВС-гийн хөтөлбөрт ч нааштай нөлөөлж байгаа. Уг нь, Ч.Сайханбилэгийн, У.Хүрэлсүхийн Засгийн газар гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газар гэж бий. Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлээд алхах юм уу, эсвэл сонгуулиас сонгуулийн хооронд өмнөх засгаа ангуучилж, хий эргэсээр хоцрогдож үлдэх юм уу гэдгээ бодмоор байна.

-Монголын улстөрчид Оюутолгой төсөл дээр хийсэн ТЭЗҮ хэтэрснийг л шүүмжлээд байгаа. Энэ ямар хэтрэлт хаанаас гараад ирэв гэх мэт. Харин эдийн  засагчид Оюутолгой дээр ТЭЗҮ ганц удаа хийгдэхгүй гэсэн тайлбар өгөөд байгаа шүү дээ?

-Геологи, хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч ТЭЗҮ дотроо таван төрөл байдаг. Order of magnitude, scope of change, pre-feasibility, feasibility study, bankable feasibility study гээд. Харин манайд ТЭЗҮ гэдгийг хуульчилж томъёолсон зүйл байхгүй. Бүгд өөр, өөрөөр тайлбарладаг. Уг манайд нэг сайдын тушаалаар батлагдсан журам байдаг юм. Харамсалтай нь, Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгээгүй учир нийтээр дагаж мөрдөх эрхзүйн акт гэхэд бас хэцүү. За, тэр журмын дагуу  Оюутолгой дээр ТЭЗҮ-г нь таван жил тутам тодотгох ёстой. ТЭЗҮ-гийн гүйцэтгэл  ч 20 хувь дээш, доош хөдөлж болно. Гэтэл зарим улс төрчид энэ ТЭЗҮ-г одоо болтол социалист сэтгэхүйгээр гэх үү, зөвлөлтийн стандартаар ойлгодог. Тэгээд хөрөнгө оруулалтын гэрээ хөдөлнө, өөрчлөгдөнө. Харин ТЭЗҮ бол огт хөдлөшгүй, өөрчлөгдөшгүй гэж ойлгодог. Нэг тийм нэгдэлчдийн сэтгэхүйгээр л яваад байна. Яагаав өмнө нь нэгдлийн мал гээд нэг малчинд баахан мал хариуцуулдаг. Гэтэл зуд турхан, ган гачгаас болоод мал нь үхлээ гэхэд шууд шоронд хорьдог тэр сэтгэхүйнээс салаагүй байна.

2010 онд батлагдсан ТЭЗҮ хэтэрлээ гэнэ. Гэтэл тэр хэтрэлт чинь уг нь 2010,2011 онд гарсан түүхтэй. Дубайгаар энэ хэтрэлтийг хүлээн зөвшөөрлөө л гэнэ. Яг уншаад үзсэн бол тийм зүйл байхгүй.

Ч.Улаан сайдын баталсан журмаар Оюутолгой зэрэг том компаниуд тайлан балансаа цахимаар Сангийн яаманд өгдөг. Дараа нь хэвлэсэн хувилбараар авчирч тулган баталгаажуулдаг. Гэтэл Оюутолгойн тайлан балансыг Сангийн яамны ажилтнууд хүлээж авахгүй байсан. Шалтгаан нь улстөржилтөөс айгаад, хэрэгт орчихно гэж болгоомжилсон. Хэрэвзээ зургаан улирал дараалж, Оюутолгой тайлан балансаа баталгаажуулалт хийлгүүлээгүй бол тусгай  зөвшөөрөл нь хүчингүй болж, татан буугдах журамтай. Оюутолгойг татан буулгах амархан л даа. Гэтэл 34 хувь нь Монголын Засгийн газрын өмч байдаг. Сангийн яам нь нэг талдаа өмчлөгч, нөгөө талдаа зохицуулагч. Дээр нь өөрсдөө улс төр хийгээд эхэлсэн. Яг журмынх нь дагуу тайлан балансыг нь аваад явсан бол заавал тэр Дубайн төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй байсан. Санхүүгийн тайлан болон уул уурхайн ТЭЗҮ хоёр чинь огт өөр эрхзүйн баримт бичиг. Манайхан энэ мэт дотроо учраа олж, яам нь яам шиг, улстөрч нь улстөрч шиг болчхоод дараа нь гадагшаа сэлэм эргүүлж байвал хамаа алга. Одоо бол үнэндээ ичмээр байна шүү дээ.

-Оюутолгой дээр хоёр хөршийн нөлөө байна уу. Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид хоёр хөршүүдэд “үйлчлээд” байгаа юм шиг хардлага төрөх болсон?

-ОХУ маань ЗХУ-ын үеийн нөлөөгөө эргүүлж олж авна гэдгээ нуухгүй байгаа. Урд хөрш ч “Бүс ба зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж буй бүс нутагт байгаа ордууд дээр хяналтаа ихэсгэх бодолтой байгаа. Тэгж байж түүхий эдийн хангамжаа сайжруулна гэдгээ зарласан. Хоёр хөрш өөрсдийн сонирхлоо нууж хаалгүйгээр илт зарлаж байхад Монгол Улс дотроо бодолтой байх ёстой. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, ОУВС, Дэлхийн банктай түншилж, эдийн засгийн хараат бус байдлаа хамгаалж, хадгалах хэрэгтэй байна. Харамсалтай нь, үндэсний язгуур эрх ашигт биш харин хөршүүдийн ашиг сонирхолд эхэлж үйлчлэх улстөрчид байхыг үгүйсгэхгүй. Монгол маань төв Азид байгаа зарим ядуу, дампуу стан шиг болох гээгүй юм бие даасан бодлоготой байх нь зөв. Яахаараа Улаанбаатар заавал Москвагийн, Бээжингийн хүслээр явах ёстой юм. Тиймээс эдийн засгийн хараат бус байдлаа хамгаалах том төсөл бол Оюутолгой гэж боддог.

-Сүүлийн үед Монголын Засгийн газраас уул уурхай дээр илүү хатуу чанга бодлого явуулахаа зарласан. 400 лиценз хурааж авна, булаана гэх хандлагаа ч илэрхийлэх болсон. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Монгол Улс одоогоор малын арьс, сүү, мах зараад тэрбум, тэрбум ам.доллар олж чадахгүй. Бидний зарж амьдрах бараа бол  яалт ч үгүй уул уурхайн бүтээгдэхүүн байна. Мэдээж, уул уурхай өөрөө цэвэр ариухан бизнес биш. Гэхдээ хүссэн ч, хүсээгүй ч уул уурхай дээр түшиглэж эдийн засгаа хөгжүүлэхээс өөр арга зам байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь уул уурхайн салбарт орж ирдэг. Гэтэл үүнийг эсэргүүцээд, уул уурхайг харлуулаад байх юм бол монголчууд өөрсдөө өөрсдийгөө л хорлоно. Засгийн газар нь лицензийг нь хураана гэж зарлаад, буутай, зэр зэвсэгтэй цэрэг, тагнуулынхнаар тусгай ажиллагаа хийлгээд, үндэсний хөрөнгө оруулагчдаа камерын өмнө барьж хориод байх юм бол Монголын төр засагтай хэн хөрөнгө мөнгө ярих билээ. Хөрөнгө оруулалт байхгүй бол ажлын байр байхгүй. Ажлын байр байхгүй бол эдийн засаг байхгүй.

-Баривчилгаа гэснээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсан нь зөв үү?

-Монголын компаниуд томрох ёстой. Хэдхэн арван жилийн өмнө гаднаас хөрөнгө оруулалт гуйгаад явж байсан Япон, Хятад, Солонгосын компаниуд гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт их хийдэг, бас их өсч томорчээ. Бид гадагшаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй юмаа гэхэд өөрсдийнхөө өмчийг гаднаас оруулж ирэх нь зөв. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан эсэхийг сонгуульд улайрсан Монголын улстөрчид тогтоохгүй л дээ. Оросын

“Ростех” бол том компани. Тэд манайхантай хуйвалдах хүмүүс биш. Оросуудын явуулсан сонгон шалгаруулалтыг даваад Казакстан, Хятадын компанитай өрсөлдөөд өмчөө аваад ирсэн бизнесменүүдээ хорьж, шалгаад байх ямар шаардлагатай юм бэ.

Улс төр  юм даа.  Бас Салхитын асуудал байна. Нэг агентлаг нь, Мэргэжлийн хяналтынхан хийх ажлыг төрийн тусгай албадаар хийлгэх ямар хэрэгтэй гэж. Магадгүй социализмын үед баатарлаг түүх үзэж өссөн масст таалагдаж байгаа л байх. Гэтэл бидэнд баатар биш хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй. Бидэнд шинэ хувьсгал хэрэггүй. Бид хувьсгалын ачаар тусгаар тогтнолоо нэгэнт олсон. Бид одоо капиталист нийгэмд амьдрах гэж яваа хүмүүс. Капиталист нийгэмд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлддөг. Хятад, Орос, Хойд Солонгос, Америк бүгд хөрөнгө оруулалтын төлөө тэмцэж байна. Харин бид сонгуулийн хонжоо хайсан улс төрчдийн нэр хүндийн төлөө гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа байлдаж байна. Тэр байлдааныг нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байгаа нь инээдэмтэй. Гэхдээ энэ популизм даамжирвал эмгэнэлтэй байдалд л орно доо, нийтээрээ.

-Ардын намд ажил хийх нэг жил үлдсэн. Тэд  энэ хугацаанд амалснаараа Тавантолгойг эргэлтэд оруулж, эдийн засгийн том бодлогууд гаргаж чадах болов уу?

-Уг нь гадаадын хөрөнгө оруулагчид, эдийн засгийнхан, бизнесийнхэн Ардын намыг ялахад их баярлаж, олон зүйл хөдөлгөх болов уу гэж их итгэл хүлээлгэсэн. Гэвч МАН-ынхан засгийн эрх аваад л шууд улстөржөөд явчихсан л даа. Үүнээсээ болоод өөрсдөө валютын ханшаа алдсан,шатахууны үнийг барьж чадаагүй, махны үнийг хөөрөгдсөн. Одоо хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан. Ардын намаас юу ч хүлээх хэрэггүй гэдгийг ойлгосон, одоо бүгд 2020 онысонгуулийг л харж байна.

Эрх баригчид одоо юм хийхгүй ээ. Үндсэн хуулийн өөрчлөлт , Сонгуулийн хуультайгаа зууралдаад дуусах байх. Тойрог булаалдсан дотоодын хэрүүлдээ анхаарах биз. Оюутолгойг хөөгөөд гаргачихгүй шиг сонгуультай золговол зол.

Тавантолгойг эргэлтэд оруулна гэж МАН-ынхан яриад байгаа. Гэхдээ жинхэнэ хөрөнгө оруулагчид авахгүй байх, Хятадын жижиг компаниуд л орж ирэх болов уу.

-Яагаад ингэж дүгнэж байна?

-Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг ингэж “балбаж” байгаа хүмүүстэй жинхэнэ хөрөнгө оруулагчид бизнес ярихгүй. Манай зарим нөлөө бүхий улстөрчидтэй хэл амаа ололцож чадах нь Хятадын компани л байх болов уу.

-ОУВС-гийн хөтөлбөр 2020 онд дуусна. Энэ хөтөлбөр хэр үр дүнгээ өгч байгаа вэ?

– Хөтөлбөр хэрэгжсэнээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл үргэлжилж унахаас сэргийлсэн байх. Гэхдээ одоо бол энэ хөтөлбөрийг сайнаар үнэлж байгаа хоёр л байгууллага байгаа. Нэг нь манай Сангийн яам. Нөгөө нь ОУВС. Хэт стандарт бодлого тулгаж, онцлогт нь тохирохгүй хөтөлбөр хэрэгжүүлснээс болж зарим эдийн засагт нэмэр биш нэрмээс болсон гэдгээрээ ОУВСнэг хэсэг ихээхэн шүүмжлэлд өртсөн. Тиймээс тэдэнд амжилтын шинэ түүх хэрэгтэй. Тэр нь одоо Монгол болсон байх. Манай хөтөлбөр хэрэгжсэнээр энэ улсын эдийн засаг суга өслөө гэж сурталдаад байна билээ. Гэхдээ миний хувьд эдийн засгийн өсөлтийг үнэхээр бүтээмж дээр суурилсан органик өсөлт мөн үү гэсэн эргэлзээ бий. Гол өсөлт нь нүүрсний үнэ ба Дубайн төлөвлөгөөний нөлөө байна.  Нэмээд татварын орлого өслөө л гэнэ. Гэхдээ энэ бол их бахархаад гайхуулаад байх өсөлт биш. Дээр нь олон сайхан залуу Тавантолгойн замд амиа алдан байж бид нэг ийм статистик тоо хэлэхтэйгээ боллоо шүү дээ. Татвар их өссөн гээд байгаа нь НӨАТ-ыг АН-ын үед шинэчилж баталсны, мөн Эдийн засгийн өршөөл үзүүлсний хаялга. Нөгөө талд иргэдийн цалин орлого олигтой өсөөгүй байхад, хэрэглэдэг, идэж уудаг юмны үнэ өссөн, иргэдийн амьдрал хүндэрч эхэлсний шинж. Эдийн засгийн хувьд уг нь том дохио. Эцэст нь базаад хэлэхэд ОУВС хөтөлбөр гэдэг чинь үнэндээ бас л өр шүү дээ. Таван тэрбум ам.долларын төлбөрөөр бид ОУВС-аар хичээл заалгууллаа. Яахав дүгнэж хэлбэл эх орны алтан гуравтай сууж байна. Төсвийн хариуцлага гэдэг зарчмынхаа эсрэг 2019 оны төсвийг эрх баригчид асар их алдагдалтай баталсан. Хэт өөдрөг төсөөлж байсан зэс, нүүрсний үнэ үргэлжлээд унавал байдал улам муудна. Одоо бол нүүрсний үнэ гэсэн хоосон юман дээр найдаад байх шиг. Үнэ унавал тэгээд ОУВС ч, Засгийн газар ч юугаа хэлэх юм бол доо. Төсвийн хараат бус байдал, бодлогын ардчилал, том төслүүдээ хөдөлгөх, бизнесийн орчныг сайжруулж хөрөнгө оруулалтыг татах энэ тэр гээд хөтөлбөр эхэлж байхад ярьж байсан зүйлүүд хоосон цаасан дээр л үлдэж байх шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж