"Иргэд машинаараа мөргөснөөс моднууд хугарч, үхсэн"

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

"Иргэд машинаараа мөргөснөөс моднууд хугарч, үхсэн"

"Иргэд машинаараа мөргөснөөс моднууд хугарч, үхсэн"

Нийслэлийн хүн амын нягтаршил, барилга байгууламж, бүтээн байгуулалттай холбоотойгоор жилээс жилд ногоон байгууламж устаж, үгүй болж буй. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах зорилгоор уулнаас болон урд хөршөөс мод бут, цэцэг авчирч  цэцэрлэгт хүрээлэн, авто замын хажууд гээд тодорхой хэсгүүдэд тохижилт хийх болсон.

Тэгвэл уулнаас авчирч суулгаж байгаа, ургуулж, тарьж байгаа мод бут, ногоон байгууламж нь арчилгаа, хамгаалалтгүйгээс сүйдэх нь их болжээ. Тухайлбал, Яармагийн зам дагуух ногоон байгууламж аль хэдийнэ "үхжээ".  2016 онд АСЕМ-ын үеэр суулгасан модод нь төлжин, ургаж байхад өнгөрсөн жил тарьсан моднууд нь үхэж, дахин шинээр мод суулгахаас өөр аргагүй болжээ. Гэхдээ моднууд үхэх болсон шалтгаан нь иргэдийн буруутай үйл ажиллагаатай холбоотойг албаныхан хэлж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбатаас тодрууллаа.


Яармагийн зам дагуу өнгөрсөн хавар тарьсан моддын зарим нь үхсэн байна. Стандарынх нь дагуу тарьж чадсангүй юу, эсвэл өөр зүйл нөлөөлөв үү?  

Шилмүүст мод шилжүүлэн суулгах ажил нь нарийн шинжлэх ухааны үндэслэлд суурилдаг. Хэрэв нэг л технологийн алдаа гаргавал  мод ургахгүй учраас бүх технологиуд  нарийн зөв хийгдэж байж мод бут ургана. Олон улсад нийтийн эзэмшлийн талбайд тарьсан нийт модны 80-85 хувь нь ургасан байхад хангалттай гэж үздэг. Уулнаас авчирсан мод хэзээ ч 100 хувь ургахгүй. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8000 гаруй мод тарьсны 97 гаруй хувийнх нь ургалт сайн байгаа.

Харин Яармагийн замын урд, хойно тус бүр  өнгөрсөн оны намар 1070 мод тарьсан. Үүнээс 40 ширхэг модыг солих шаардлагатай байсан учраас буулгалсан. Одоо ургамлын  эрчимтэй  үе эхэлж байгаа учраас нэгэнт ургах боломжгүй моднуудыг авахаас өөр аргагүй.

Модны нөхөн тарилтыг хариуцаж байгаа компаниуд нь гурван жилийн арчилгаа хийх  гэрээтэй учраас энэ хүрээнд нөхөн тарилтаа хийгээд явна. Одоо бид нийтийн эзэмшлийн талбайгаа 27 хувийг л арчилж байна. Цаана нь нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, олон улсын жишигт хүрэхийн тулд 5-6 дахин нэмэгдүүлэх шаардлага бий. 

Ой зүйчдийн хувьд ууланд ургасан нас бие гүйцсэн моддыг хөрсийг нь бэлдэж арчилгааг сайн хийгээгүй байж тарих нь буруу гэсэн байр суурийг илэрхийлдэг. Хэдийгээр мод тарьж байгаа нь зөв боловч тарихдаа арго техник нь дутуу дулимагаас болоод хөрсөндөө дасан зохицож чадахгүй байгаа нь мод үхэхэд хүргээд байгаа биш үү?

 -Уулнаас мод авчирч суулгаснаас хойш гурван жилийн хугацаанд арчилгаа маш чухал. Энэ хугацаанд мод шингэрэх, хортон шавьжид идүүлэх, үхэх нь бий. Тиймээс тулгуур хийж, дусал залгаж, борддог. Гурван жилийн турш сайн арчлаад, ургуулсан моднууд бий. Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны гадна талбайд тарьсан моднууд хөрсөндөө дасан зохицсон учраас тулгуур моднуудыг нь авсан, одоо сайхан ургаж байна. Гурван жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагууд  тарилтаа хийгээд дууссан бол захирагчийн албанд хүлээлгэж өгөөд бид өмчид бүртгүүлж өгдөг.

Манайхан хурдан ургадгаар нь навчит мод тарих юм. Хотын ногоон байгууламжид цэцгээрээ гоёдог модыг хэр  хэмжээгээр тарьж  байгаа вэ?

Улаанбаатар  хотод таригдаж байгаа нийт модны 95 хувь нь гоёлын мод бут. 2018 онд нийт 22 төрлийн  349 мянган ширхэг   гоёлын мод  бут  тарьсан бол шилмүүст мод нийт 3717 ширхгийг тарьсан. Тэгэхээр нийт модны арван хувь нь шилмүүст мод гэсэн үг.  Нийт модны 97-98 хувийг  мод үржүүлгийн газраас, байгалийн ойгоос  дөрвөн хувь, импортын моднууд нийт модны 0.4 хувийг эзэлж байна.

ИХЭНХ МОДОД МЕХАНИК ГЭМТЛЭЭР БУЮУ МАШИН МӨРГӨСНИЙ УЛМААС ХУГАРЧ, ҮХСЭН

-Ер нь зулзаган модыг нийслэлд тарьдаг юм уу? Жижиг мод арчлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай учраас ихэвчлэн нас гүйцсэн мод тарьдаг гэж сонссон юм байна? 

-Зулзаган мод нь байгалийн ойд яригддаг хэллэг. Ойд навчит мод 60, шилмүүст мод 120-оос дээш насалсан бол  болц гүйцсэн  гэж үздэг.  Түүнээс доош настай моднуудыг зулзаган мод гэж нэрлэдэг. Хотын ногоон байгууламжид таригдах мод, бутны   нэг, хоёр, гуравдугаар зэргийн стандарт гэж бий. Тухайлбал, нэгдүгээр зэргийн стандарт нь  хоёр метрээс дээш өндөртэй мод, хоёрдугаар зэргийн стандарт 60 метр, гуравдугаар зэргийн стандарт нь 60-аас доош өндөртэй гэж  заасан  байгаа. Ойд байдаг зулзаган мод нь хотын ногоон байгууламжид ирэхээр том мод болчхож байгаа юм.  

-Тасганы овоо дагуу байх моднууд шарлаад өнгөө алдсан байна. Уг нь өдийд өнгө засаж, ургах ёстой. Заримыг нь яагаад булгалчихсан юм бэ?

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мод бут тарих  нь  Улаанбаатар хотын агаар хөрсний  бохирдлыг бууруулах зорилготой. Мод бутыг хотын ногоон уушги гэж үздэг. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол ихтэй үед  сайжруулсан түлшийг хэрэглэх юм бол  агаарын бохирдол 50 орчим хувиар буурна гэсэн мастер төлөвлөгөө бий.  Харин үлдсэн 50 хувийн бохирдолтыг ногоон байгууламжаар байхгүй болгоно. Үүний тулд одоо байгаа бохирдолтын  хэмжээнээс давсан шүүх хэмжээний том ногоон байгууламжийг бий болгох шаардлагатай гэсэн үг.

Өнөөдөр  нийтийн эзэмшилд байгаа  мод бутанд тос тоосонцрын хэмжээ хэт их байна. Мод, бут агаарын бохирдлыг шүүх,  дуу чимээ багасгах, хүчилтөрөгч ялгаруулах үндсэн үүрэгтэй  учраас моднууд тоос тоосонцрыг өөр дээрээ татсан хэрэг. Тасганы овоод  2017 оны намар 136 мод тарьсан. Эдгээрээс 30 модыг солих шаардлагатай болсон. Тэдгээрийн ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн.

2016-2018 онд таригдсан нийт 67 байршилд  8095  ширхэг мод ургаж байгаагаас механик гэмтлээр дөрвөн  жилийн хугацаанд автомашины осол,  хүний буруутай үйл ажиллагаанаас  болж нийт 85 ширхэг  шилмүүст мод гэмтсэн.  Харин  2019 он гарснаас хойш 50 орчим удаагийн  тохиолдол бүртгэгдэж   50 сая төгрөгийн хохирол учруулснаас  18 сая  төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлсэн.

                                                                                            Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж