Ч.Улаан: Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй

Ч.Улаан: Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй

ЖДҮХС-ГААС 487 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХ ХҮСЭЛТ ИРЖЭЭ

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ жил ЖДҮХС-аас олгох зээл болон зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч дууссан талаар танилцууллаа. Энэ жил ЖДҮХС-гаас 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 2252 иргэн, аж ахуй нэгжийн хүсэлт иржээ. Үүнээс,

  • Орон нутагт- 106 тэрбум санхүүжилт хүссэн 1631 төсөл ирүүлсэн.
  • Улаанбаатарт-381 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 1411 төсөл ирүүлсэн.

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН:

-Энэ жил ЖДҮХС-аас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгох бөгөөд ирж байгаа хүсэлт 10 дахин их байна. Цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ төслүүдийн дотроос арилжааны банкаар 11 иргэний, 186 аж ахуй нэгжийн 144 тэрбум төгрөгийн хүсэлттэй төслүүд ирсэн байна. Өмнө нь гаргасан алдаа, дутагдлаа засч, шинэ журам, арга барилаар ажиллана гэлээ.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүдийг ЖДҮХС-аас авсан зээлээ буцааж төлөхийг Ерөнхий сайд үүрэгдсэн. Одоогоор зээлээ төлсөн хэдэн гишүүн байна вэ?

-34 иргэн, аж ахуй нэгжтэй холбоотой 19 орчим тэрбум төгрөг байхаас 12 тэрбум төгрөг нь төлөгдсөн. Бусад нь графикийн дагуу төлөгдөөд явж байгаа.

-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүд болон эрх бүхий албан тушаалтнуудад зээл олгосон асуудалд холбогдсон. Энэ хүний асуудал юу болсон бэ, түүний орны хүнийг томилсон уу?

-Манай яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Шүүхээр энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй учраас түүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй. Тиймээс манай яам одоогоор төрийн нарийн бичгийн даргагүй ажиллаж байна.

-Өнөөдөр махны холбооноос мэдээлэл хийж, таныг бог малыг хөлөөр нь гаргах хэлэлцээр хийгээд ирсэн гэсэн  мэдээлэл гараад байгаа?

-Би БНХАУ-д албан ёсоор айлчлал хийгээд ирэх үед мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, хөх тариа зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах, харилцан протокол тогтох ажлыг ярьсан. Мал амьдаар нь гаргах тухай асуудал яригдаагүй. Энэ нь өөрөө өмнө нь Засгийн газрын шийдвэртэй, үржлийн бус эр хонь, ямааг гаргах чиглэлийг аймгуудын удирдлагуудад өгсөн. Хэрэв мал амьдаар нь гаргахаар бол аймгийн удирдлагууд шийдвэрлэж, яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Яамнаас квот тогтоох, эрүүл ахуйг нь хангах бөгөөд одоогоор энэ ажил албан ёсоор хэрэгжээгүй. Тодорхой нөхцөл, шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Ер нь бол үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна.

-Мөл хөлөөр нь гаргахтай холбоотойгоор танай эхнэрийн дүү мал хөлөөр нь гаргах чиглэлийн үйлдвэрийг Замын-Үүдэд барьсан нь ашиг сонирхол, ёс зүйн зөрчил болохгүй юу?

-Хэн ч бай, хэний хүн, хэний ч дүү бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавигдсан шаардлага, үзүүлэлтийг тавьж, дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

Таны эхнэрийн дүү нар яагаад давуу эрхтэй байгаа юм бэ. Нэг дүү нь Замын-Үүдэд компани нээсэн бол нөгөө нь таны зөвлөхөөр ажиллаж байна шүү дээ. Энэ нь өөрөө ёс зүйн хувьд боломжтой гэж үү?

-Орон тооны бус зөвлөх. Надтай хамт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний зөвлөх. УИХ-ын гишүүн, сайд хоёрын ажлыг уялдуулах чиглэлээр орон тооны бус зөвлөх хийдэг.

-Таны эхнэрийн дүү мал хөлөөр нь экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Бит монголиа” гэх компани байгуулсан. Яг энэ үеэр та мал амьдаар нь гаргах асуудлыг яриад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг харагдаад байна л даа?

-Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолбор байгуулагдаад хоёр жил болсон, бүтээн байгуулалтын ажлаа хийсэн, малаа гаргах боллоо гэж асуудал тавьж буй. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн.

-Ашиг сонирхлын зөрчил, хамаарал бүхий этгээд биш үү?

-Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Хуулийн дагуу байх ёстой шаардлагаа тавина. Хоёр талын хөрөнгө оруулалттай хамтарсан компани гаргах бөгөөд шууд шийдвэрийг Дорноговь аймгийн удирдлага гаргана. Давуу эрх олгосон зүйл байхгүй. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах хоёр улсын хамтарсан хоёр компани хяналтаа тавиад ажиллаж байгаа. Намайг сайд болохоос өмнө буюу хоёр жилийн өмнө энэ ажлаа эхлүүлээд явсан зүйл.

Та шалгуулахад бэлэн үү?

-Шалгуулахгүй гэх зүйл байхгүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж