Гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо ирлээ

Гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо ирлээ

Монголын Гандболын Холбоо тамирчин Ш.Тэмүүжинг өнөөдөр /2019.06.11/ хүлээн авч уулзан, футзалын ордонд өсвөрийн баг тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцуулах, МҮОНРТ, Ийгл ТВ зочны ярилцлагад оролцуулах, МҮОХ-д айлчлуулах зэрэг аялалын богино хөтөлбөр гаргасан талаараа ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байна.

Ш.Тэмүүжин (Schuch Timuzsin) нь 1985 оны зургадугаар сарын 5 нд төрсөн, 34 настай. Тэрбээр 1,97 см өндөр нуруутай, гандболын багийн “пивот” байрлалд довтлон тоглодог. Шигшээ болон клубын багтаа 5 дугаарыг эзэмшдэг. Одоо тэрбээр Унгар улсын гандболын үндэсний шигшээ багийн /2006 оноос/ болон “Ференцварош” клубын харьяалалд /2018 оноос/ багтдаг тамирчин юм. Түүний эцэг нь Унгар, ээж нь Монгол хүн билээ. Тэрбээр 2004 оноос эхлэн Унгарын гандболын “Весзпрем” багийн хүүхдийн академид суралцаж, 19 насандаа мэргэжлийн багтай гэрээ байгуулж, 1 жил тоглон Унгарын лигийн аварга болсон. Улмаар залуу тоглогчийг туршлага суулгах үүднээс Риняминти багт зээлээр тоглуулсан юм.

Ш.Тэмүүжин нь Унгарын үндэсний шигшээ багийн хамтаар 2012 оны Лондоны олимпод шалгаран оролцож, шагналт 4 дүгээр байранд орж байсан. Тэрбээр 2005 оны дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль хүртэж байв. Унгарын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж Европын аварга шалгаруулах 2010, 2012, 2014, 2016, 2018 оны таван удаагийн тэмцээнд оролцож байв. Гандболын ДАШТ-д 2011, 2013, 2017, 2019 онуудад 4-н удаа Унгарын шигшээ багийн үндсэн гарааны бүрэлдэхүүнд багтан орж байлаа.

Румын улсын “Динома” клубт легионер тамирчинаар ажиллан 2009, 2010 оны гандболын лигийн аварга болсон. Улмаар 2011-2018 онд өөрийн унаган баг “Весзпрем” багт тоглов. Энэ хугацаанд Унгарын үндэсний лигийн аваргаар 7 удаа /2005, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад/ тодорч, улсынхаа гандболын холбооны цомын тэмцээнд 6 удаа /2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад/ түрүүлсэн билээ.

Тэрээр Унгарын “Весзпрем” багт тоглох хугацаандаа Европын Гандболын холбооны Аваргуудын лигт оролцож 2012-2013 он, 2014-2015 он, 2015-2016 онуудад Европын Аваргуудын лигийн шилдэг хамгаалан тоглогчоор 3 удаа шалгарч байсан Европ тивийн болон дэлхийн шилдэг тоглогчийн нэг юм.

Ш.Тэмүүжин нь тив, дэлхийн болон Унгар улсын олон мянган гандболын спортыг сонирхогчдын сэтгэл зүрхийг татсан шилдэг сайн тамирчин болж чадсан бөгөөд түүнийг Лондонгийн олимпийн наадамд амжилттай оролцоод ирсний дараа 2012 онд Унгарын төрийн дээд одон медалиар шагнагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж