С.Чинзориг: Хүүхдийн хөгжил, хамгаалалд анхаарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Хүүхдийн хөгжил, хамгаалалд анхаарч ажиллана

С.Чинзориг: Хүүхдийн хөгжил, хамгаалалд анхаарч ажиллана

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Их нарангийн дэнж буюу бидний нэрлэж заншсан Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхдүүдийн бодит байдалтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон  дүүргийн удирдлагууд танилцлаа. Тус хороонд байрлах Албан бус насан туршийн боловсролын төв нь эцэг эх нь архинаас хараат,   Улаанчулуутын хогийн цэгээс амьдралаа залгуулдаг, сургууль завсардсан наймаас дээш насны хүүхдүүдэд боловсрол олгодог аж. Энэ төвийн захирал З.Батцэцэг ”Дүүргийн хэмжээнд таван байршилд 197 хүүхэд насан туршийн боловсролын төвд суралцаж байна. Энэ төвд гурван бүлэгт 50 хүүхэд сурдаг. Эцэг эхчүүдийн ихэнх нь архины хамааралтай учраас хөөж туухаас эхлээд олон асуудал гардаг. Мөн хүүхдүүдээ сургуульд явуулах дургүй, гэр орондоо ажил хийлгэх туслуулах сонирхолтой байдаг. Тиймээс хамгаалах байрны асуудлыг шийдэхэд дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн асуудлаа танилцуулсан юм.

2016 оноос АНУ-ын Холт олон улсын байгууллага энэ насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллаж, хүүхдүүдийн хоол, хувцас, хичээлийн хэрэгсэл, номын сан гэх мэт үйлчилгээг үзүүлэхэд санхүүжилтээр хангаж, “Харилцааны хөгжил” ТББ-ын байранд сургалтаа явуулж байна. “Харилцааны хөгжил” ТББ-ын тэргүүн А.Баасандорж “Манай төв хоёр цэцэрлэг, нэг сургууль барьсан. Манай дүүрэгт хараа хяналтгүй хүүхдүүдийн тусгай байр байдаггүй. Хамгаалах байрны санхүүг нь шийдчихвэл ашиглалтад ороход бэлэн болсон, мөн энэ төвд илүү олон хүүхэд сурч, хөөмий, морин хуур, ятга хөгжмийн зэмсгийг сурах боломжтой. Цаашид төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна” гэв.

Мөн энэ хүүхдүүдийн эцэг эхийг нь жолооны сургалтад хамруулаад уурхайд ажиллуулах, оёдлын сургалт явуулахаас эхлээд мэргэжил эзэмшүүлж, тогтсон ажил орлоготой болгох тал дээр олон байгууллагатай хамтарч ажилладаг юм байна. Энэ тухай багш А.Дэлгэр 2015 оноос энэ төвд багшилж байгаа. Энд анх ирэхэд долоон хүүхэд сурч байсан бол одоо 50 болсон бөгөөд дараа жил 60 хүүхэд сургахаар төлөвлөж байгаа. Мөн “Энэ тойрогт сургууль завсардсан олон хүүхэд бий. Оюуны дасгал хийгээгүй, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй учраас аливаа зүйлийг хүлээж авах тал дээр удаан байдаг. Тиймээс хоцрогдлыг нь арилгахын тулд уйгагүй ажилладаг. Тулгамдаж байгаа нэн чухал асуудал бол хамгаалах байрны санхүүжилтийг шийдэх. Багшаа ээж аав согтуу, би харимааргүй байна гэдэг. Тиймээс хамгаалах байраа ашиглалтад оруулаад хүүхдүүдээ тэнд нь байршуулмаар байна. Гэр нь тав тухгүй, хүйтэн, хоол ундгүйгээс эндээ ирэх дуртай. Мөн спорт урлагийн заал хэрэгтэй байна. Энэ жижигхэн ангид биеийн тамирын хичээл орно. Урлагийн наадам, уран уншлагын тэмцээнд оролцохын тулд ангидаа л бэлдэнэ. Уран жиргээ тэмцээнд манай анги гурван жил түрүүлсэн. Энэ жил өргөмжлөл, шилжин явах цом авсан. Хүүхдүүдээ цааш нь хөгжүүлмээр байна. Спорт, урлагийн заал барьж өгч, хамгаалах байрны санхүүжилтийг шийдээд өгчихвөл ч манай сурагчид авьяас чадвараа хөгжүүлж, илүү чадварлаг болохоос гадна олон хүүхэд нэмж хүлээн авах боломж бүрдэнэ” гэж байсан юм.

Тус төвийн үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь холбогдох хүмүүсээс сонссоны эцэст Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхэд эцэг эхийнхээ хайр халамжид өсөх ёстой болохоос орлого олж гэр бүлээ тэжээх ёсгүй. Сурч боловсрох насан дээрээ орлого олохын тулд хөдөлмөрлөх нь эрхийг нь зөрчиж байгаа гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа асрамж хамгааллын төв 31 байгаагийн хоёр нь л улсын төсвөөс санхүүждэг. Хүүхдүүдийнхээ эрх ашигтай холбоотой асуудлыг орхиг­дуулж болохгүй. Хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой асуудлыг улсын төсөвд тусгах ёстой” гэсэн юм.

Дараа нь бид Их Нарангийн дэнж буюу Улаанчулуутын хогийн цэгийг зорив. Их нарангийн дэнж дээр өдөрт 257 машин 1600 тонн хог хаягдал ирдэг аж. Биднийг очих үед 2-3 хүүхэд, 6-7 том хүн хогийн цэг дээр ажиллаж байв. Энэ хогийн цэгээс амьжиргаагаа залгуулдаг иргэн Б.Тамир “Би 39-ийн задгайд амьдардаг. Нийгмийн халамж тусламж авч үзээгүй. Хоёр хүүхэдтэй. Нэг нь асрамжийн газар, нөгөө одоо 18 нас  хүрч байгаа. Нөхөр саяхан нас барсан. Шил, сав, хуванцар сав түүж зарж өдөрт хамгийн багадаа 10 мянга, ихдээ 20 мянган төгрөг олдог. Гэхдээ эмчилгээндээ зарцуулаад цахилгааныхаа мөнгийг ч төлж чаддаггүй. Зүрхний ховил цоорхой гээд дүүргийн эмнэлэгт байнга үзүүлэх ёстой ч эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй учир үзүүлж чадахгүй байна. Бичиг баримттай болоод Монгол Улсын иргэн болчихвол арай өөр сэтгэлээр л ажиллаж амьдрах байх” гэв.

Хэд хэдэн хүүхэд энэ цэг дээр байсан боловч ихэнх нь биднийг хараад зугтаж, ярихыг хүссэнгүй. Гэхдээ нэг хүүхэдтэй уулзсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хогийн цэг дээр байгаа энэ хүүхдүүд сургууль завсардаж, сурах эрх нь зөрчигдөж байна. Тэднийг бичиг баримттай болгох асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй. Сая надтай уулзсан хүүхэд бичиг баримтгүй учраас эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авч чадахгүй байгаа гэдгээ хэллээ. Хотын удирдлага, улсын бүртгэлийнхэнтэй уулзаж бичиг баримттай болгох асуудлыг шийднэ. Ер нь эцэг эхийгээ дагаад хог түүж байгаа энэ хүүхдүүдийн эцэг эхийг нь орон байр, ажилтай, орлоготой болгох хэрэгтэй. 14 жил хог түүж амьдарч байгаа хүн ч байна. Амьдралынх нь энэ муу дадал зуршлаас нь салгахын тулд урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэхүйг нь өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж