Жимс, жимсгэний салбарын судлаачид хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Жимс, жимсгэний салбарын судлаачид хуралдаж байна

Өнөөдөр ХХААЯ, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хамтран “Жимс, жимсгэнэ судлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол орны жимс, жимсгэний салбарт судалгаа хийдэг бүх эрдэм шинжилгээний байгууллагууд, Чацарганы кластерын санаачлага төсөл түүнчлэн тариалалт эрхэлдэг аж ахуй нэгжүүд гээд нийт 80-аад хүн оролцож байна.

Хэлэлцүүлгээр тус салбар үүсч хөгжөөд 60-аад жил болж байгаа ч гэсэн 1990-ээд оноос хойш энэ талын судалгаа шинжилгээний ажил тасалдсан байгаа, цаашдаа жимс, жимсгэний аж ахуйг аль болох үр ашигтай эрхлэх, нөгөө талаар Монгол орны экологи, байгалийн цэвэр нөхцөлд ургасан жимс, жимсгэнийг органик бүтээгдэхүүн болгож, экспортын баримжаатай хөгжүүлэх, манай эрс тэс цаг уурын нөхцөлд зохицсон сортын нэр төрлийг олшруулах, бүтээгдэхүүний боловсруулалтын өндөр технологи бий болгох зэрэг асуудлыг хөндөж байгаа юм. Түүнчлэн чацарганыг байгаль хамгаалах чиглэлээр тэр дундаа элсний нөлөө, цөлжилтийг сааруулахад хэрхэн яаж ашиглах вэ зэрэг олон тулгамдсан асуудлыг хамтдаа ярилцаж, нэгэн шийдэлд хүрэхэд хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.

Жимс жимсгэний судлалыг олон улсын түвшинд хүргэх, Монгол улсад хэрэгжүүлж байгаа судалгаа, шинжилгээний мэдээллийг бусадтайгаа хуваалцах, харилцан уялдаа холбоотой ажиллах, цаашдын хөгжил, чиглэлээ тодорхойлох түүнчлэн Монгол орны давуу тал, боломж нөхцлөө ашиглан, бүс нутагтаа жимс жимсгэний салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартын шаардлага ханган боловсруулсан, чанарын баталгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод тогтвортой гаргах нэгдсэн шийдэл гаргахад энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдол оршино.

Д.УЛАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж