Махны холбооныхон Ч.Улаан сайдыг АТГ-т шалгуулна

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Махны холбооныхон Ч.Улаан сайдыг АТГ-т шалгуулна

Махны холбооныхон Ч.Улаан сайдыг АТГ-т шалгуулна

Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд  хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тус холбоодын удирдлагууд 2017 оны арваннэгдүгээр сард малыг амьдаар гаргах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Монголын махны холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт амьд мал экспортлохгүй байх тухай албан бичиг өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байгааг онцолсон юм.

НЭГ КОМПАНИД ДАВУУ ЭРХ ОЛГОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Махны салбарт нийтдээ 10 гаруй мянган хүн ажилладаг. Өнгөрсөн жил бид 78 мянган тонн махыг боловсруулж экспортолсон. Өнөөгийн байдлаар олон үйлдвэрүүд техник технологийн хувьд сайжрах боломж бүрдлээ. Засгийн газраас нийт таван сая амьд малыг экспортлох зөвшөөрлийг олгохоор болж байна. Тухайлбал, зөвхөн нэг компанид давуу эрхтэйгээр олгож байгаа нь бидний гайхширлыг төрүүллээ.

Амьд малыг экспортод гаргахад хоёроос гурван жилийн дараа дотоодын үйлдвэр хаагдахад нэг компани үнэ тулгаж, малыг хямд үнээр авах нөхцөл байдал руу шилжинэ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын эхээр БНХАУ-д айлчилж малын экспортын талаар ярилцсан. Мөн энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын газрын дарга ярилцсан байна лээ.

Ч.Улаан сайд, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар үнэхээр улаан, цагаандаа гарч байна. Тэд Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна. Иймээс Монголын махны холбоо болон мэргэжлийн холбоод үүнийг эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны тодорхой хэмжээний хувийн эрх ашиг байгаа хэмээн үзэж буй. Тэгэхээр хоёр албан тушаалтныг АТГ-д шалгуулах хүсэлтийг өгнө. Манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХАҮХ-ий сайд Ч.Улаан нарт дээрх асуудалтай холбоотой албан бичгийг энэ оны дөрөвдүгээр сарын эхээр явуулсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй.

Малыг амьдаар гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлж Монголын махны экспортод ноцтой хохирол учруулж буй энэ асуудалд яаралтай шийдвэр гаргах тухай албан бичгийг хүргүүлж байна. Амьд мал гаргахын цаана БНХАУ өөрсдийнхөө иргэдийг малжуулах хөтөлбөр явагдаж байгаа. Мөн манай ноолуурын БНХАУ-ын ноолуураас илүү чанартай. Энэ үед БНХАУ-ын ноолуурын чанар унаж эхэлж буй.  Яг энэ үед манайхаас ямаа авснаар ноолуурын салбарт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс бид бүхэн амьд малын экспортыг зогсооно гэж найдаж байна.

Монголоос нэг  л удаа мал амьдаар гарах юм бол тэр чигээрээ цуварна. БНХАУ-д мал гаргаад эхэлмэгц ОХУ, Казахстан зэрэг улсууд авч эхлэх байх. Энэ байдлаас улбаалан  Монголын мал ямар ч нэмүү өртөггүйгээр хоёрхон сувгаар гарах нөхцөл байдал үүсчхэж байгаа юм. Өөрөөр хэлбэл  малчид одоохондоо малаа өндөр үнээр зарж болох ч тодорхой хугацааны дараа нэг компанийн хяналтад орох эрсдэл бий. Улмаар Улаанбаатар хотод мах хэрэглэдэг тэр хүмүүс маш өндөр үнэтэй малын мах идэх нөхцөл байдал тулгарч байна” гэж ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж