Дөрвөн сайдын нүүр үзсэн Дарханы зам ашиглалтад орох уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Дөрвөн сайдын нүүр үзсэн Дарханы зам ашиглалтад орох уу?

Дөрвөн сайдын нүүр үзсэн Дарханы зам ашиглалтад орох уу?

Жилийн дөрвөн улиралтай Монгол Улсад бүтээн байгуулалт хийх зуны гуравхан сарын хугацаа бий. Энэ хугацаанд  амжихын тулд цаг агаарын нөхцөлд тааруулж, төлөвлөгөөгөө гаргах ёстой. Гэхдээ цагийг нь тулгаж тендер зарладаг, тендерээс хасагдсан нь шүүхийн байгууллагад хандана, ингээд наадам, намартай золгодог “уламжлал” нэгэнтээ манайд тогтчихжээ.  Хавар эхлэх бүтээн байгуулалтын тендер, сонгон шалгаруулалтыг намар, өвөлдөө хийж,  урин цаг наашлахтай зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил эхэлж, өдийд ид өрнөж байх цаг хугацаа л даа.

Энэ жил төвийн бүсийг Улаанбаатартай холбож буй Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ашиглалтад оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 2017 онд 244 км Дарханы замыг 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж 2018 онд хүлээлгэн өгнө хэмээн сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн юм.

Зураг: Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замын их засварын ажлын нээлт, 2017 он.

 

Анх Д.Ганбат сайдын  Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх шийдвэр гарч байсан бөгөөд түүнээс хойш гурван ч сайдын "нүүр" үзэв. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажил Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан гээд гурван сайдын гар дамжжээ.

Өнгөрсөн хугацаанд хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй цаг алдсанаас өдийд л ажил нь эхлэх гээд дуншиж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр Засгийн газраас гарсан байдаг. Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэр гарчээ. Гэхдээ энэ жил зөвхөн хоёр эгнээг ашиглалтад оруулах бөгөөд санхүүжилтийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон бөгөөд 83.8 сая ам.доллар зарцуулна. Эхний ээлжинд замын хажуугаар түр зам байгуулж, зорчих хэсгийг хааснаар замын ажил эхлэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд лав түр зам тавих ажил нь дуусаагүй байсан. Энэ долоо хоногт дуусгаад, зургадугаар сарын 17-нд үндсэн замын ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй гэж албаныхан хэлж буй. Гэхдээ л 204,6 км замыг ирэх арванхоёрдугаар сард багтаан дуусгана гэдэг нь эргэлзээтэй байна. Ялангуяа цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч бүтээн байгуулалт өрнөж, зогсдог гэнэтийн хүчин зүйлтэй, дээрээс нь бүтээн байгуулалтад залхуу, хойрго ханддаг монголчуудын хувьд бол бүр ч эргэлзмээр. Ядаж байхад энэ жил олон жилийн дунджаас илүү бороо орох төлөв гарсныг Цаг уур орчны шинжилгээний газраас сануулаад байхад шүү дээ.

Улаанбаатар -Дархан чиглэлийн замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-аас хааж, барих ажлыг эхлүүлээд ирэх арванхоёрдугаар сарын 25-нд нээхээр төлөвлөсөн.

Хамгийн сүүлийн мэдээллээр таван компани замыг хуваан авч,  түр зам тавьж байгаа бөгөөд зургадугаар сарын 17-ны өдөр албан ёсоор хоёр эгнээ бүхий замын  ажлаа эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна. Мэдээж санхүүжилт нь царцахгүй, бүтээн байгуулалтаа цаг тухайд нь хурдан хийж чадвал зам төлөвлөсөн хугацаандаа орж магадгүй л юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэх тоо бий.  Мэдээж зам засварын ажилтай зэрэгцэн ийм тооны иргэн, аж ахуй нэгжид тодорхой хэмжээний хүндрэл, хохирол учрах нь тодорхой. Тиймээс дөрвөн эгнээ замаа байг гэхэд энэ жилдээ хоёр эгнээ замаа ашиглалтад оруулчихвал Б.Энх-Амгалан сайд сонгуулийн өмнө намдаа ч өөртөө ч том “оноо” авна.

МАН сөрөг хүчин байхдаа эрх барьж байсан Ардчилсан намыг шүүмжилж, зам тавихаас өөр ажилгүй хэмээн шүүмжилж байсан ч тэд өөрсдөө эрх барьсан гурав дахь жилдээ улсын чанартай, чухал ач холбогдолтой цөөхөн замын ажлыг эхлүүлж байгаа. Ямартай л “Ардчилсан намын үед олон аймаг Улаанбаатартай холбогдсон, МАН-ын үед нэг ч зам тавигдсангүй” хэмээх сөрөг хүчний шүүмжлэлд өртөх вэ дээ. Засгийн газраас 2019 онд таван аймгийг автозамаар холбох бөгөөд нийт 2559,7 км замын бүтээн байгуулалт, их засварын ажил хийхээр төлөвлөсөн. Түүний нэг нь Улаанбаатар-Дарханы зам юм.

2019.03.13 ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бэлтгэл ажилтай танилцав

Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан гээд таван аймгийг нийслэлтэй холбох, чухал ач холбогдолтой энэ замын ажилд Зам тээврийн хөгжлийн сайд, Дарханаас сонгогдсон гишүүд нь тууз хайчилж, хэвлэлээр гарах гэж яаралгүй замын бүтээн байгуулалтын ажилд илүү их санаа тавиарай. Учир нь МАН-д, энэ Засгийн газарт харьяалагдах ганц том ажлын нэг нь энэ зам учраас.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж