Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын ээлжит чуулга уулзалт энэ долоо хоногт тохиож байна. Энэ удаагийн уулзалтаар эдийн засгийн асуудлууд болон бус нутгийн терреризмтой тэмцэх асуудлаар хэлэлцэх боловч аливаа нэг улс орныг чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй хэмээн уг байгууллагыг тэргүүлэгч улс болох Хятадын талын төлөөлөгч өчигдөр /2019.06.10/ мэдэгджээ.
Хятадын талыг төлөөлж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Жан Ханхуй 2019 оны ШХАБ-ын уулзалт нь өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөхөд төвлөрч байгааг дурдаад “ШХАБ-ын энэ удаагийн уулзалтаар бид эдийн засаг болон аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэнэ. Ялангуяа бүс нутгийн терроризмтой тэмцэх асуудлаар. Аюулгүй байдал, хөгжил дэвшил гэдэг хоёр асуудал бол энэ байгууллагын гол зорилтууд. Гэхдээ аливаа нэг улс орныг онилсон яриа хэлэлцээ хэзээ ч болохгүй” хэмээн хэлжээ. Мөн АНУ болон Хятадын хооронд өрнөөд буй худалдааны дайн энэ удаагийн уулзалтын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг байх болно гэдгийг дурджээ.
Уг уулзалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра моди, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан нар оролцох бөгөөд Хятадын төлөөлөгчийн хэлсэн үг хүйтэн хөндий харилцаатай байгаа хоёр улсад хандсан байна. Энэтхэг, Пакистаны Ерөнхий сайд нар уулзалтын үеэр нүүр тулан уулзах бодолгүй байгаа аж.
ШХАБ-д голлох үүргийг гүйцэтгэдэг Хятад улсын хувьд энэхүү байгууллага нь ямар нэгэн цэргийн холбоо үүсгэх зорилгогүй бөгөөд хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх, улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах нь ШХАБ-ын гол зорилго гэж мэдэгддэг. Тиймдээ ч Энэтхэг, Пакистаныг эгнээндээ нэгтгэснээс хойш энэ хоёр улсыг ШХАБ-ыг ашиглан харилцаагаа сайжруулахыг уриалсаар ирсэн.
ШХАБ-ын 19 дэх удаагийн уулзалт энэ сарын 13-14-ний хооронд Киргизын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдана. ШХАБ нь Хятад тэргүүтэй ОХУ, Тажикстан, Узбекстан, Киргиз, Казакстан зэрэг улсуудын үүсгэн байгуулсан бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага. Газар нутгийн маргаанаас болж бие биетэйгээ дайсагнаж ирсэн Энэтхэг, Пакистан улсууд нь 2017 онд уг байгууллагын гишүүн болсон юм.
Нарендра Модигийн хувьд дахин сонгогдсоноос нь хойшхи анхны олон улсын үйл ажиллагаа болж байгаа ба уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзахаа мэдэгдсэн бол Пакистаны Ерөнхий сайд имран Хантай уулзахгүй гэж мэдэгдсэн. Имран Ханы зүгээс ч ижил байр суурьтай байгаа.
Хэсэг зуур намжмал байдалд байсан хоёр улсын харилцаа өнгөрсөн хоёрдугаар сард болсон Пулвамагийн халдлагаас болж эргэн хурцдаж бараг дайны байдалд шилжээд буй. Пакистаны Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч Энэтхэгийн Кашмирын Пулвамад цагдаагийн албан хаагчдын машины цуваа руу халдан бөмбөг дэлбэлж, үүний улмаас Энэтхэгийн 40 гаруй цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн юм. Пакистаны засгийн газраас уг бүлэглэлтэй ямар ч холбоо сүлбээ байхгүй гэдгээ мэдэгдсэн боловч Энэтхэг тэдэнд итгээгүй халдлагын цаана Пакистаны засгийн газар байгаа гэж үзсэн. Ингээд Энэтхэг улс хариу арга хэмжээ авч Кашмир дахь Пакистаны террористууд руу агаарын цохилт өгөв. Харин Пакистан үүнийх нь хариуд агаарын хил зөрчсөн хэмээн Энэтхэгийн хоёр онгоцыг буудан унагаж, нисгэгчийг нь барьцаалсан юм.
Монгол Улсын хувьд ШХАБ-ын ажиглагч дөрвөн улсын нэг. Уг байгууллагад 2004 оноос ажиглагчийн статус бий болсон. Монгол Улс хамгийн түрүүнд ажиглагчийн эгнээнд нэгдсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улс уг байгууллагад элсэх тухай яриа хүчтэй өрнөж байгаа. Энэ асуудал олон жилийн турш эрх баригчдын дунд маргаантай хэвээр байгаа билээ. Монгол Улс статусаа дээшлүүлэн ажиглагчаас жинхэнэ гишүүн болохын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх учиртай. 2014 онд болсон Душенбекийн чуулга уулзалтын үеэр өмнөд болон хойд хөршийн төрийн тэргүүн нар хэрэв Монгол Улс ШХАБ-д элсэх шийдвэр гаргавал дэмжинэ гэдгээ илэрхийлж байв .Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ талаар “Монгол Улс ажиглагчийн статустай байхад л хангалттай” хэмээн хариулж байжээ. Пүрэв гаригт /2019.06.13/ эхлэх ШХАБ-ын 19 дэх удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох юм байна.
Холбоотой мэдээ