Худалдааны "дайн” дэлхийн эдийн засгийг хямрааж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.11-нд нийтлэгдсэн

Худалдааны "дайн” дэлхийн эдийн засгийг хямрааж болзошгүй

Худалдааны "дайн” дэлхийн эдийн засгийг хямрааж болзошгүй

БНХАУ, АНУ хоорондын худалдааны бараа эргэлт 2018 оноос 14.5 хувиар буурчээ. Хятад улсын Гаалийн байгууллагын тайланд дурдсанаар хоёр улсын хооронд бараа эргэлт 209.7 тэрбум ам.доллар байгаа аж. Хятадаас АНУ-д нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт 8.4 хувиар буурч, 160 тэрбум ам.доллар болжээ. Америкчууд экспортыг 29.6 хувиар буюу 49.5 ам.доллараар бууруулсан байна.

АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны салбарт 2018 онд сөргөлдөөн үүссэн. Цагаан ордон БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвар 10 байсныг 25 хувь болгож нэмэгдүүлсэн. Гэвч Хятадын тал энэхүү хоригт буулт хийгээгүй. Тиймээс Дональд Трамп үлдсэн 300 тэрбум ам.долларын барааны татварыг нэмэхээр төлөвлөж байгаагаа зарлав.

Үүний хариуд Бээжин “АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараанаас зургадугаар сарын 1-нээс эхлэн 25 хувийн татвар авна” гэж мэдэгдсэн билээ. Мөн АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаа бүрмөсөн зогсоож, “Боинг” онгоцны захиалгаа цуцална гэж сүрдүүлсэн юм.

Сөргөлдөөний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлд эхний доргилт ажиглагдаж, “S&P 500” үнэлгээ 3.1 хувиар унаж, нэгдүгээр сараас хойших хамгийн доод хэмжээндээ очжээ. Дональд Трамп твиттер хуудастаа ”Бээжин олон жилийн турш АНУ-д хохирол учруулж, өөрсдөө ашиг олж ирсэн. Манай Ерөнхийлөгч нар ажлаа хийгээгүй. Бээжин хариу арга хэмжээ авахгүй. Хариу арга хэмжээ авбал бүх зүйл улам дордох болно” хэмээн жиргэж, БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй компаниудыг гаргана гэж сүрдүүлэв.

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “Худалдааны дайн”-ыг зогсоох Вашингтон Бээжингийн хэлэлцээр 90 хувьтай явж байна гэж мэдэгдсэн. Талуудын хооронд оюуны өмчийн эрхийн асуудал, Нэгдсэн улсын зах зээлд орж ирсэн төрийн мэдлийн корпорацуудад татаас олгодгийг болиулах, хоёр улсын худалдааны тэнцвэргүй байдлыг өөрчлөхийн тулд БНХАУ-ын зүгээс зайлшгүй хийх ёстой шинэчлэлүүд гэх мэт асуудлууд үлджээ.

-ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨСӨЛТ УДААШИРСАН БОЛ АНУ Ч БАГАГҮЙ ХОХИРОЛ АМСАНА-

Вашингтон, Бээжин хоёрын хооронд дэгдэж, улам даамжран ширүүсч буй худалдааны дайн нь Төв Азийн бүс нутагт ашигтай тусч мэдэх талаар эдийн засагчид онцолж буй юм. Хятад улс өмнө нь голдуу АНУ-аас худалдан авч байсан бараа бүтээгдэхүүнийг тус бүс нутгийн улс орнуудад их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Түүнээс гадна Хятадын “Нэг бүс, Нэг зам” мега төслийн ачаар Хятад улс болон Төв Азийн орнуудын хоорондох тээврийн сүлжээ эрс сайжирч, бараа тээвэрлэхэд хялбар дөхөм болсон билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн Хятадын 34 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулах тухай шийдвэр өнгөрсөн оны долдугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болсны дараа Бээжингийн эрх баригчид Америкийн экспортлогчдод хариу цохилт өгч, шар буурцагнаас авахуулаад цахилгаан автомашин хүртэлх олон төрлийн бараанд татвар ногдуулсан билээ.

Үйл явдлын өрнөлд Төв Азиас Хятадад нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ өсчээ. Тухайлбал, Казахстан улс гэхэд өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар Хятадад нийлүүлэх улаан буудайгаа 50 хувиар нэмэгдүүлсэн бол зургадугаар сард Казахстаны Хөдөө аж ахуйн сайдын мэдэгдсэнээр 2020 он гэхэд улаан буудайн нийлүүлэлт 2016 онтой харьцуулахад гурав дахин өсөх хандлагатай байгаа аж.

Хоёр улсын хооронд үүссэн худалдааны "дайн" дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн гадны орны эдийн засагчид таамаглаж буй аж. Дэлхийн эдийн засагт гадаад худалдааны нөлөө их. ОУВС-гийн гаргасан тайлангаар, дэлхийн экспорт 2009 оны хямралын өмнөх шиг үнэмлэхүй бага төвшинд очжээ. Тус тайланд ялангуяа дэлхийн эдийн засагт эзлэх жин ихтэй өндөр хөгжилтэй орнуудад энэ байдал илүүтэй ажиглагдаж байгааг тэмдэглэсэн байна.

“Bloomberg Economics”-ийн шинжээчдийн тооцоолсноор, АНУ-БНХАУ-ын худалдааны бараа эргэлт нь дэлхийн нийт бараа, үйлчилгээний худалдааны 1 хувь аж. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн барааны 4 хувь нь АНУ руу экспортод гарч буй юм байна.

Худалдааны “дайн”-ы уршгаар Азийн бусад улсууд, ялангуяа БНСУ, Тайвань ихээхэн хохирол амсаж болзошгүй аж. АНУ-ын хувьд ч ялгаагүй БНХАУ-аас багагүй хамааралтай байдаг. Тухайлбал, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 5.1 хувь нь БНХАУ руу гардаг байна.

Худалдааны “дайн”-ы улмаас өнгөрсөн онд БНХАУ-д 8.5 хувьтай байсан үйлдвэрлэлийн өсөлт удааширч, энэ оны эхний гурван сард 5.4 хувьтай гарсан байна. Энэ удаашрал түүхий эд олборлолт болон боловсруулах үйлдвэрлэлийн аль алинд ажиглагдаж байгаа аж.

Эх сурвалж: Bloomberg, Euro Asia, Finobzor 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж