Эрүүл эдийн засгийн төлөө соданаас татвар авах уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Эрүүл эдийн засгийн төлөө соданаас татвар авах уу?

Дундаж Америк хүн долоо хоногт нэг
ямар ч тэжээл өгдөггүй мөртлөө 1,000 калори шахдаг нэг галлон сода
уудаг. (Алкогольгүй, ихэнхдээ хийжүүлсэн, зөөлөн ундааг сода ундаа
гэдэг. Үүнд кола, мөстэй цай гэх мэт ундаанууд багтдаг) Дундаж америк
хүн мөн илүүдэл жинтэй. Үүний нэгийг нь өөрчилбөл нөгөө нь өөрчлөгдөх
үү? Сонгогдсон албан тушаалтнууд улам олноороо ингэж боддог болж байгаа
бөгөөд сода ундааны хэрэглээг бууруулахад чиглэсэн шинэ татварын хууль
боловсруулахын хамт обестэй тэмцэх санаачилгуудад санхүүжилт хайж байна.
Нью-Мексикогоос Балтимор хүртэлх 20 муж, олон хотууд сода ундаанд шинэ
татвар ноогдуулах талаар хэлэлцэж байна.

Үүний эсрэг хүчтэй,
хатуу эсэргүүцэл тулгарч байна. Гуравдугаар сард “Pepsi”, “Coke”, “7-Up”
зэрэг сода ундааны компаниудын ажилчид Канзас мужийн сенатыг бүчин
жимсний бус ундаанд хийсэн цайны халбага сахар бүрийн төлөө нэг зоос
нэмж татварт авах хэрэгтэй гэсэн саналыг эсэргүүцсэн. Хэрвээ уг хуулийн
төсөл батлагдвал 12 унци (нэг унци = ойролцоогоор 30 миллиграмм. 12 унци
375 миллиграмм) хэмжээтэй сода ундаа ойролцоогоор 10 орчим центийн
татвар төлөх бөгөөд жилд 90 орчим сая ам.долларын татварын орлого нэмж
орно. “Үүнийг хэрэгжүүлбэл бид нэг чулуугаар хоёр шувуу онож магадгүй
гэж би бодож байна” гэж мужийн сенатор Жон Вратил ярьсан. Тэрээр АНУ-ын
бусад сенаторуудын нэгэн адилаар хямралаас болж дундарсан мужуудын
төсөв, илүүдэл жинтэй холбоотой эрүүл мэндийн зардлын асуудлыг
шийдвэрлэх арга замыг хайж байгаа юм. Харин тэрээр оронд нь сода ундааны
татварыг нэмэх нь ажлын байрыг үгүй хийж, орлогогүй, ажилгүй хүмүүсийн
тоог нэмэгдүүлэх болно гэсэн яриа их сонссон.

АНУ-ын засгийн
газар Америкчуудын юу идэх уухад оролцож байгаа нь шинэ зүйл биш.
Тухайлбал чихэр орлуулагч үйлдвэрлэлтийн тухай асуудлыг дурдаж болно.
Гэвч чухам яагаад пизза, мөхөөлдөс зэрэг калори ихтэй бусад хүнсэнд биш,
эсвэл хүүхдүүдийг гадаа тоглуулахгүй дэлгэцийн өмнө суулгадаг видео
тоглоомуудад татвар ноогдуулалгүй соданд татвар ноогдуулна гэж? Учир нь
гэвэл дээрх бүхнээс илүү сода ундаа хүнд илүүдэл жин үүсгэж байгааг
эрдэмтэд ажигласан гэж Вашингтон хотын зөвлөлийн гишүүн Мери Чех ярьж
байна. Тэрээр Эрүүл сургууль гэдэг хуулийг батлуулахын төлөө хөөцөлдөж
байгаа бөгөөд хэрвээ хууль батлагдвал сурагчдийнх нь 40 хувь нь илүүдэл
жинтэй Вашингтоны сургуулиудын сурагчдийн өдрийн хоолонд илүү чанга 
стандарт тавигдах болно. Гэвч эрүүл сургуулийн асуудлаас эхлүүлсэн учиг
нь түүнийг сода ундаатай холбогдоход хүргэнэ гэдгийг тэр мэдээгүй
байсан. Түүний олсон баримт нь түүнийг гайхшруулсан. Дундаж америк хүний
уудаг сода ундааны хэмжээ сүүлийн 60 жилийн дотор 500 хувиар (тав
дахин) өссөн бөгөөд 1970-аад оны сүүл үеэс хойш Америкчууд өдөр тутам
250-300 калори сода ундаанаас авч байсан бөгөөд түүний бараг тал хувь нь
сахартай ундаануудаас гаралтай байв. “Би бүх төрлийн хоолны дэглэмэнд
зориулж татвар оноохыг хүсэхгүй, гэхдээ хэрвээ бид өөрчлөлт гаргахыг
хүсэж байгаа бол сода ундааг зайлшгүй бай болгох хэрэгтэй” гэж Чех
ярьсан.

Хэдийгээр ундааны татварыг нэмэх асуудал бүрэн нэг тийш
хэлэлцэгдээгүй ч гэсэн өөр асуудлуудын талаар нэмж хэлэлцэх хэрэгтэй.
Тухайлбал чихэрлэг цайны татварыг нэмэх үү? Калори байхгүй мөртлөө
хооллох дуршилд нөлөөлдөг “diet soda” нарын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
Уул нь сода ундаанд Вашингтон худалдааны татвар оногдуулсан байсан ч
2001 онд цуцалсан бөгөөд шалтгааныг нь чухам аль ундаанаас ямар татвар
ноогдуулж авах нь төвөгтэй байна гэж тайлбарлаж байсан. Чехийн санал
болгож байгаа хуулийн төсөлд сода ундааны бөөний худалдаачдад татвар
ноогдуулах бөгөөд хоёр литрийн хэмжээтэй гаазтай ундаанд 68 центийн
татвар ноогдуулах бөгөөд энэ татвар лангуун дээрх бүтээгдэхүүний үнэнд
шингэсэн байх болно.

Үүнтэй уялдаатай хариулахад төвөгтэй нэг
асуулт гарч ирэх нь сода ундааны татварыг нэмэгдүүлээ гэхэд энэ нь
хүмүүсийн хэрэглэх калорид нөлөөлөх эсэх тухай асуудал. Зарим судалгаа
үүнд нөлөөлнө гэж хариулж байна. Эрүүл мэндийн ач холбогдлоос гадна
төсвийн орлого нь буурсан мужууд сода ундааны татварыг нэмэгдүүлж нэмэлт
орлого олох сонирхол ихтэй байна. Энэ оны дөрөвдүгээр сард Вашингтон
муж 12 унцийн сода ундаанд 2 центийн татвар ноогдуулах хууль баталсан.
Энэ нь иргэдийнхээ илүүдэл жинг бууруулахаас илүү 2.8 тэрбум ам.долларын
төсвийн алдагдалтай байгаа мужийнхаа төсвийн цоорхойг нөхөх зорилготой
байсан бололтой. Сода ундаанаас гадна хууль тогтоогчид пиво, чихэр,
савласан цэвэр ус, янжуур тамхины татвараа нэмэгдүүлсэн байна.

Энэ
хандлагыг зогсоохоор сода ундааны салбар чармайж эхэлсэн байна. Энэ оны
эхний гурван сард Америкийн Ундааны Холбоо лобби хийхэд зориулж 5.4 сая
ам.доллар зарцуулсан бол өнгөрсөн жилийн эхний улиралд ердөө 140,000
ам.доллар зарцуулж байжээ. Нью-Йорк хотын захирагч сода ундаанд
ноогдуулах татвараа нэмэгдүүлэх тухай санаачилга гаргах үед “Pepsi”
компани төвөө тус мужаас өөр мужруу нүүлгэх болно шүү гэж мэдэгдсэн.
Филадельфиа муж нэг унци ундаанд 2 центийн татвар ноогдуулах талаар
хэлэлцэхэд орон нутгийн нэгэн ундааны компани хотынхоо төсөвт 10 сая
ам.доларын хандив өргөх санал дэвшүүлсэн ч Филлигийнхэн уг саналаас
татгалзсан байна.

Вашингтон мужид сода ундааны салбарын лобби
бүлгийнхэн шинээр батлагдсан татварын хуулийг өөрчлүүлэх санал хураалт
явуулахын тулд шаардлагатай 240,000 хүний гарын үсэг цуглуулахах ажилд
1.5 сая ам.доллар зарцуулаад байна. Хоёр жилийн өмнө Мейн мужийнхан сода
ундаа, пиво, винонд ноогдуулах татвараа нэмэгдүүлсэн хэдий ч лобби
бүлгийнхэн 5 сая ам.доллар зарцуулан ТВ, радио, сонингоор хүчтэй
сурталчилгаа хийн, иргэдийн саналыг цуглуулж, дахин санал хураалт
явуулан тус хуулийг хүчингүй болгуулсан юм.

Сода ундааны
салбарынхны олон сая ам.долларын сурталчилгааны кампанит ажлаар
бөмбөгдүүлэхдээ иргэд ер нь юу боддог бол? Үүний хариулт одоогоор
тодорхой биш байна. Энэ оны дөрөвдүгээр сард Киннипиак Их Сургуулийн
институт Нью-Йорк мужийн оршин суугчдаас санал асуулга авч, “сахартай
сода” ундаанд татвар ноогдуулахыг дэмжиж байгаа эсэхийг асуухад 31 хувь
нь дэмжиж, 66 хувь нь эсэргүүцжээ. Харин асуултаа өөрчлөн, хэрвээ
нэмэгдүүлсэн татвараас олсон мөнгийг эрүүл мэндэд зарцуулбал яах вэ гэж
асуусанд хүмүүсийн бодол огцом өөрчлөгдөж 48 хувь нь дэмжиж, 49 хувь нь
эсэргүүцсэн байна.

Сонгогдсон албан тушаалтнууд, улс төрчид сода
ундаанд татвар ноогдуулах нь хамгийн шилдэг арга зам гэдэгт санал
нэгтэй итгэхгүй байна. Энэ жил сода ундаанд татвар ноогдуулах тухай 20
орчим санал дэвшигдсэн ч ихэнх нь урагш муутай байна. Вашингтон мужид
сода ундааны сав тутмаас татвар авах тухай хуулийг одоогоор батлаагүй
байгаа ч тус муж сода ундааг худалдааны 6 хувийн татвараас чөлөөлсөн
байсныгаа хүчингүй болгосон. Канзас мужид сенатор Вратилын дэвшүүлсэн
татварын хууль сенатын хороонд ч хүрэлгүй унасан. Гэхдээ тэр нэг их урам
хугараагүй бөгөөд “Энэ жил батлагдахгүй байх гэж бодож байсан юм” гэж
ярьж байна. Вашингтонд Чех “Ялалт шууд ирдэггүй. Гэхдээ нэг л өдөр ирэх
болно” гэж ярьсан. Сода ундааны татварын хуулийн төслүүд энэ жил
олноороо батлагдаагүй ч хожим дахин олноороо дэвшигдэн гарахгүй байх
шалтгаан үгүй байна гэж “Washington TImes” сонин мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж