Өнгөрсөн амралын өдрүүдэд манай сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнжлөө. Энэ үеэр тус аймгийн Гаалийн газар, Цагдаагийн газраар зочилж, дээрх байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалттай биечлэн танилцах боломж олдсон юм.
СЭЛЭНГЭ АЙМАГТ БАТАЛГААГҮЙ ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ ТҮГЭЭМЭЛ БАЙДАГ ГЭВ
Өнгөрсөн амралтын өдрийн Бямба гаригийн өглөө тус аймаг дахь Гаалийн газарт очлоо. Сэлэнгийн Гаалийн газар нь Монгол Улсын анхны гаалийн байгууллагын нэг бөгөөд 1912 онд байгуулагджээ. Одоогийн байдлаар нийт 110 албан хаагчтай.
Мөн тус сумын нутаг дэвсгэр хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн дөрвөн хяналтын бүс ажиллаж байгийн гурав нь ОХУ-аас БНХАУ руу мод, модон бүтээгдэхүүн шилжүүлэн ачих зориулалттай. Үлдсэн нэг нь төрөл бүрийн барааны гаалийн хяналтын бүс юм.
Энэ оны эхний таван сарын байдлаар тус гаалийн газарт ОХУ-аас ачааны 241 машинаар 20915 м3 гуалин, зүсмэл материал буусан бол 241 вагонд 20785.15 м3 ачигдсан байна. Үүнээс гадна улс хоорондын нийт ирсэн, явсан 157 ширхэг шуудан илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийжээ. Үүнд, Польш, Франц, Япон, Өмнөд Солонгос, Чех, Герман зэрэг дэлхийн 13 орноос ирсэн байна.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар ОХУ-тай хиллэдэг бөгөөд боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагаа 24 цагийн турш явагддаг. Энэ боомтоор ОХУ-аас эм, эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирэх явдал түгээмэл байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, хаана үйлдвэрлэгдсэн, орц найрлага нь тодорхойгүй баталгаагүй эмийг хилээр нэвтрүүлэх зөрчил нэлээд гардаг байна. Он гарснаас хойш тус боомтоор 38 удаа эм, эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдол илэрчээ. Албаны хүмүүсийн хэлснээр баталгаагүй, стандартад байхгүй эмийн бэлдмэл хэрэглэснээр тухайн хүний эрүүл мэнд, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг онцоллоо.
ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН 18 ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛСЭН
Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрбээр “Монгол Улсад 18 гаалийн газар байдаг. Хилтэй ойрхон газруудад гаалийн газар байх бөгөөд энэ газруудад 48 боомт ажилладаг. Зарим нь олон улсын боомт, хоёр улсын боомт, байнгын ажиллагаатай, түр ажиллагаатай, хилийн боомтуудад 1800 гаруй гаалийн улсын байцаагчид ажиллаж байна.
2018 онд хар тамхи мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нийтдээ 18 үйлдлийг ГЕГ илрүүлсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 18 зөрчлийг илрүүллээ. Нэг зүйлийг онцлоход хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэх нь гэмт хэрэгт тооцогддог. Үүнийг тодруулбал, гаалийн байгууллага хар тамхины хэрэгт хэрэг бүртгэлт явуулах эрхтэй болсон. 2002 оны Эрүүгийн хуулиар гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг байсан бол одоо хэрэг бүртгэх үйл ажиллагаа явуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг гаалийн байгууллагаас илрүүлсэн тохиолдолд газар дээр нь хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг бие даан явуулж прокурорын байгууллагад шилжүүлдэг болсон.
Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд өнгөрсөн тавдугаар сард улс хоорондын шуудан илгээмжээр Монгол Улсын иргэний хаягаар шуудан илгээмж ирсэн. Энэ шуудан илгээмжийг гаалийн байгууллагаас шалгахад гурван кг орчим гашишийн төрлийн хар тамхийг илрүүллээ. Одоогийн байдлаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ГЕГ мэргэшсэн эрэлч нохой, рентген тоног төхөөрөмж, гаалийн улсын байцаагч нарын мэдлэг ур чадварт тулгуурлаж буй.
Дахин нэг жишээ хэлэхэд 2013 онд Филиппин улсын харъяат эмэгтэй Буянт-Ухаа дах гаалийн газрын хяналтын бүсээр нэвтэрсэн байдаг. Тухайн эмэгтэйн мэдээллийг шалгах явцад улсын хилээр гарчихаад удалгүй буцаад ороод ирдэг нь бидний анхааралд өртсөн. Ингээд эмэгтэйг шалгаж үзэхэд 4.8 кг героиний төрлийн мансууруулах бодисыг гар тээшнийхээ хойд талын хана хэсэгт нууж далдалсан байдалтайгаар авч явсныг илрүүлсэн. Одоо тухайн эмэгтэй 10 жилийн ялыг биеэр эдлээд явж байна. Иймэрхүү байдлаар гаалийн байгууллага энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа” гэж ярив.
Гаалийн байгууллага хоёр үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах. Үүнд, хар тамхи, мансууруулах бодис, онцгой хортой химийн бодис, садар самууныг сурталчилсан эд зүйлс, эсвэл онцгой хортой эм эмийн зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллана. Хоёрдугаарт, улсын хилээр нэвтэрч буй бараанд татвар ногдуулж тухайн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх төсвийн үүрэг хүлээж ажилладаг байна.
ГАДААДААС ИРҮҮЛЖ БАЙГАА ИЛГЭЭМЖНЭЭС ХАР ТАМХИ ИЛРЭХ ХЭРЭГ НЭМЭГДЭЖ БАЙНА
Товчхондоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хийгээд улсын татварын орлогыг бүрдүүлэхэд гаалийн байгууллагын үүрэг оролцоо их. Тэр дундаа тус газрынхан хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиг үүргийг хүлээсэн байгууллага. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газартай хамтран болон бие даан хар тамхи мансууруулах бодистой тэмцдэг. Тус газрын тухайд хил, гаалиар Монгол Улсад хар тамхи мансууруулах бодис орж ирэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон арга хэмжээг авч ажиллажээ. Учир нь, сүүлийн жилүүдэд Монгол Улсын хил гаалиар нэвтрэн орж ирж буй гадаад улсаас ирүүлсэн илгээмжээс хар тамхи илрэх тохиолдол нэмэгдсэн байна. Үүнээс гадна өөр нэг санаа зовоож буй асуудал бол ОХУ, БНХАУ-аас мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг буурахгүй байгаад гаалийнхан санаа зовинож байгаагаа нуусангүй.
Э.АРИУН