“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг дуучин Б.Нацагдоржтой ярилцлаа. Хөгжмийн найруулагч хэмээх ховорхон мэргэжилтэй залуу уран бүтээлч чамгүй авьяаслаг нэгэн гэдгээ энэ шоугаар дамжуулан үзэгчдэд харуулаад буй. Тэрбээр тун удахгүй анхны бие даасан цомгоо гаргаж, тоглолт хүртэл хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгасан юм .Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
“УРАН БҮТЭЭЛИЙН ОРГИЛУУН ҮЕ ИРЧИХЭЭД БАЙНА”
–Зуны сайхан улирал эхэллээ. Дуучин Наки энэ зуныг хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Миний хувьд энэ зуныг нэлээд завгүй өнгөрүүлэхээр төлөвлөөд байна. Тэр ажлын маань нэг хэсэг нь яахын аргагүй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг. Одоо шоуны финалын шат дөхөж байна шүү дээ. Дараагаар нь өөрийн уран бүтээлийн шинэ цомгийн ажлаа дуусгана. “Яг түүн шиг” шоугаа дөнгөж дуусгаад л цомгийн нээлтээ хийх бодолтой байна.
-Анхны цомгийн нээлт бил үү?
-Тийм. Миний анхны “Mi Sentii” гэдэг нэртэй цомог. Шинэхэн цомог маань нийт есөн дуутай. Цомгийн дөрвөн уран бүтээл нь сонсогчдод хэдийнэ хүрээд эхэлсэн бүтээл байх болно. Харин үлдсэн уран бүтээл нь сонсогчдод огт хүрээгүй, цоо шинэхэн дуунууд багтаж байгаа. Шинэ дуунуудын маань бичлэг саяхан дуусч, одоо цомгийн хэвлэлтэд шилжих гэж байна.
Би анх студи байгуулахдаа өөрийнхөө дууг хийх гэж байгуулсан юм. Тэгсэн мөртлөө өнгөрсөн хугацаанд өөрийнхөө нэг ч дууг хийсэнгүй. Одооноос л дууныхаа бичлэг, аяыг өөрөө зохиогоод цомгоо гаргахад бэлэн болж байна.
Анхны цомгоор дамжуулан сонсогчдодоо хайр дурлалын үнэ цэнэ, мөн чанарыг олон талаас нь илэрхийлэхийг хичээсэн. Өөрөөр хэлбэл, миний хайр дурлалын тухай үнэлэмжийг анхны цомог маань илэрхийлнэ гэх юм уу. Энэ цомогтоо “Говийн домог” уран сайхны киноны гол дүрд тоглосон н.Замилан гэх бүсгүй болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортай хамтран маш сайхан уянгын дууг дуулсан. Ер нь анхны цомгийнхоо араас бушуухан л дараагийн цомгийн ажилдаа ормоор байна.
-Энэ их ажлын хажуугаар уу?
-Уран бүтээлийн маш олон санаа байна. Уран бүтээлч хүний онгод орсон оргилуун үе гэж байдаг шүү дээ. Надад яг тэр үе нь ирчихээд байх шиг байна. Анхны цомгийн нээлтээ хийсний дараа бяцхан тоглолт хийх байх. Гэхдээ бушуухан л дараагийн цомгийн ажилдаа ормоор байна. Мэдээж би хөгжмийн зохиолч, найруулагч мэргэжилтэй учраас уран бүтээлч найзууд маань хамтран ажиллах санал тавьдаг. Жишээлбэл дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, “Аадар” хамтлаг гээд. Одоогоор энэ бүхэн санал төдий байгаа ч ирээдүйд гоё уран бүтээл төрөн гарахыг үгүйсгэхгүй шүү дээ.
-“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болсон тухай яриач?
-Намайг өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д явж байхад “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Яг түүн шиг” шоунд дахин оролцох санал тавьсан. Тэгэхдээ “Өмнөх улирлын шилдэг оролцогчид хоорондоо өрсөлдөөд, энэ жил “Яг түүн шиг” шоугаа хаахаар болсон юм” гэсэн. Тэгээд би бодож үзээд өнгөрсөн дугаарт амжилттай оролцсон учраас дахин авьяаслаг уран бүтээлч найзуудтайгаа энэ зуныг зугаатай, шинэлэг өнгө төрхтэйгээр өнгөрүүлэхээр шийдсэн юм. Одоо шоу нэвтрүүлэг маань үзэгчдэд амжилттай хүрч, үзэгчдийн дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээд байна. Бидний хувьд хоорондоо ширүүн өрсөлдөөд байгаа юм алга. Харин үзэгчид өөрсдийн дэмждэг оролцогчдоо харамлаж, дэмжээд байх шиг байгаа юм.
-Сүүлчийн удаа “Яг түүн шиг” шоуг хийж байгаа гэхээр харамсмаар ч юм шиг?
-Миний хувьд “Боловсрол суваг” телевизийн энэ сайхан шоуны нэг хэсэг болж байгаадаа баяртай байдаг. Тус телевизийн хамт олон анх удаа дэлхийн хэмжээний шоу ертөнцийн тайз дэлгэц, бэлтгэл, зураг авалтыг Монголын хөрсөнд буулгаж байгаа нь үнэхээр бахархалтай. Тэр утгаараа монголчууд энэ шоу нэвтрүүлгээс маш их зүйлийг суралцаж байна. Энэ жил “Яг түүн шиг” шоуг хийгээд хааж байгаад харамсахгүй байна. Харин энэ шоуны дараагийн улиралд орох хүсэлтэй, орж чадаагүй хүмүүсийн хувьд жаахан харамсалтай санагдах байх. Магадгүй “Яг түүн шиг” шоу маань таван жилийн дараа шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
“ЯГ ТҮҮН ШИГ” ШОУ ДУУЧНЫ МААНЬ КАРЬЕРЫГ ЭХЛҮҮЛСЭН”
-“Яг түүн шиг” шоуны тайз дуучин Накиг олны танил болгож, уран бүтээлчийн хувьд нээж өгсөн гэж боддог. Шоунд оролцохоос өмнөх болон дараах Наки өөрчлөгдсөн үү?
-Би их энгийн хүн. “Яг түүн шиг” шоунд оролцохын өмнөх таван жилийн хугацаанд тайзны, хөшигний ард ажилладаг байсан. Манай уран бүтээлчдийн ажил амжилттай болбол миний ажлын үр дүн гарч байна гэж боддог байлаа. Тиймээс ч уран бүтээлчдийн жаргал зовлонг сайн ойлгоно. Уран бүтээлч хүний амьдрал харагдаж байгаа шигээ үргэлж сайхан, дардан байгаад байдаггүй. Уран бүтээлч хүн амжилтад хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай болдог.
Миний хувьд “Яг түүн шиг” шоунд оролцохын өмнө чамгүй хөдөлмөрлөж, олон уран бүтээлчтэй хамтран ажилласан. Харин одоо би өмнөх шигээ хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа.
Өмнөхөө бодвол уран бүтээлчийнхээ хувьд хүмүүст илүү танигдсан. Энэ бол яалт ч үгүй “Боловсрол суваг” телевизийн контентын хүч. Тиймээс би “Боловсрол суваг” телевиз болон “Гэр контент” группийн уран бүтээлчдэдээ талархаж явдаг. Уран бүтээлчийн минь зам мөрийг товчилж, дуучны карьеарыг эхлүүлсэн учраас маш их баярладаг юм.
-Дуучин Наки шоуны үеэр эмэгтэй дуучдын дүрд тун чадварлаг хувирдаг шүү дээ. Үүний нууц нь юунд байна вэ?
-Би өмнө нь ихэвчлэн эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, дууг нь зохиож өгдөг байсан. Жишээлбэл, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, дуучин С.Сэрчмаа, Номин болон “Гурван охин”, “Киви” хамтлаг гээд Монголын сор болсон эмэгтэй уран бүтээлчдийн дууг зохиосон байдаг.
Эмэгтэй уран бүтээлчдийнхээ дотоод мэдрэмжийг нь мэдрэх гэж эхлээд дууг нь сонсож, судалгаа хийнэ. Дараагаар нь дуугаа яг тэр дуучин шиг дуулж, сонсгож үзүүлнэ. Миний ажлын онцлог нь тэр л дээ. Тэгэхээр уран бүтээлчид маань “Надад яг таарсан дуу байна” гэж хүлээж авдаг.
Тиймээс би эмэгтэй уран бүтээлчийн характер, дуугаа дуулж буй мэдрэмжийг нь түлхүү анзаарч хардаг гэсэн үг. Энэ нь шоуны үеэр эмэгтэй урлагийн оддыг дуурайхад их дөхөм болж байгаа болов уу.
-Тэгвэл эргээд бодоход хамгийн хайртай дүр хэний дүр байв?
-Надад “Яг түүн шиг” шоуны бүх дүр сонирхолтой санагдсан. Гэхдээ түрүүлсэн дүр гэхээсээ илүүтэй маш их судалгаа, бэлтгэл хийсэн дүрдээ их хайртай. Тэр дүр бол өмнөх улиралд хувирсан МУГЖ, дуучин Т.Ариунаагийн дүр юм. Харин энэ улирлын дүрүүдээс алдарт дуучин Stevie Wonder-ын дүрдээ их хайртай болсон. Учир нь энэ алдартай уран бүтээлчийг дуурайх гэж уярч, уйлж дуулсан. Энэ хүний бүх амьдралыг судалж, хараагүй хэрнээ тун чадварлаг төгөлдөр хуур хөгжим тоглодог байх жишээтэй. Миний амьдралд энэ дүр хэзээ ч мартагдахааргүй сайхан мөчийг надад өгсөн.
-Дуучин Наки шоуны үеэр үзэгчдэд өөр ямар гэнэтийн бэлэг барих бол?
-“Яг түүн шиг” шоуны дугаар бүр дээр баззер дарж, дүрээ сонгодог учраас тааж, хэлж мэдэхгүй байна. Гэхдээ шоуны маань хамгийн чухал хэсэг финалын үеэр болно гэж бодож байна. Авьяаслаг уран бүтээлчид маань финалын шатанд өөрийн дуурайхыг хүсдэг уран бүтээлчдээ дуурайна гэж таамаглаж байгаа. Тэр бол шоуны үзэгчдэд маш том гэнэтийн бэлэг байх болов уу гэж бодож байна.
-Өмнөх улирлын “Яг түүн шиг” шоуны ялагч шүү дээ. Нууц биш бол шагналын 20 сая төгрөгөө юунд зарцуулсан тухай ярьж болох уу?
-Өнгөрсөн жилийн “Яг түүн шиг” шоуны ялагч болсон шагналын мөнгөөрөө “Wonder” дууны клип хийгээд дууссан даа. /инээв/ Ер нь энэ дууныхаа клипийг хийх гэж олон газраар аялж, нэлээдгүй ажлыг төлөвлөсөн. Аливаа уран бүтээлч хүн дууны клипэндээ маш их хөрөнгө зарцуулдаг. Тэр утгаараа уран бүтээлдээ шагналын мөнгөө зарцуулсан.
-Тэгвэл энэ улирлын ялагч болно гэсэн итгэл хэдэн хувьтай байна вэ?
-Би 99 хувь итгэлтэй байна. /инээв/ Надад бол шоуны ялагч болох нь чухал биш. Хүн ер нь өөртөө итгэлтэй л байвал зүгээр биз дээ. Тиймээс миний зүгээс найзуудтай сайхан дурсамж бүтээж, маш сайн гүйцэтгэлтэй, хүндэтгэлтэйгээр энэ шоундаа оролцохыг хүсэж байна.
ГУРВАН ГҮНЖИЙН БАХАРХАЛ БОЛСОН ААВ
-Гэр бүлээ бидэнд танилцуулаач?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ гэр бүлд маань урлагийн мэдрэмжтэй, сайхан дуулдаг хүмүүс бий. Би жирийн нэг хувиараа бизнес эрхэлдэг айлын хүүхэд л дээ. Би өөрийгөө маш гэр бүлсэг хүн гэж боддог. Учир нь би уран бүтээлийн карьераас илүү гэр бүлийн карьеартаа их анхаарсан./инээв/ Одоо би гурван хөөрхөн гүнжтэй. Том охин маань долоо, дунд охин тав, бага маань гурван настай. Тиймээс хүүхдүүдийнхээ ирээдүйг төсөөлж бодох, ямар хүн болгон төлөвшүүлэх гээд амьдралын зорилго маань болж, надад маш их эрч хүчийг өгдөг.
-Хүүхдүүд нь аавынхаа улаан фен нь биз дээ?
-Тэгэлгүй яахав. Би хүүхэд байхдаа найранд дуулагддаг уртын болон богинын дууг нэг сонсоод л цээжилчихсэн, дуулаад явж байдаг байлаа. Тэгсэн одоо охид маань яг тийм. Би гэртээ шоуныхаа дууг бэлдээд л дуулаад байхаар маргааш нь охид маань сурчихсан байх жишээтэй. Их хөөрхөн сонсголтой шүү охид минь. Миний ялагч болсон Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийн дууг охид маань бараг сар дуулсан шүү. /инээв/
-Дуучин Наки өөрийн “Wonder” дууны клипэнд эхнэртэйгээ хамт тоглосон байсан. Ер нь хэр романтик залуу вэ?
-Манай эхнэр надтай анх танилцаж байхдаа Соёл урлагийн их сургуульд бүжигчний мэргэжлээр суралцаж байсан. Тэгээд өөр мэргэжлээр суралцахаар болсон. Англи хэлний багш мэргэжилтэй. Хань маань надаас гурван насаар эгч. Анх эхнэртэйгээ танилцаж байхдаа “Эгчээ, эгчээ” гээд гүйсээр байгаад найзууд болж байлаа. Ханьтайгаа гэр бүл болоод найман жил болсон байна. Тэгсэн хэдий ч өчигдөрхөн танилцаж байсан юм шиг л анх танилцаж байсан сайхан дурсамжууд тодхон санагддаг.
Хүмүүс намайг “Их романтик хүн юм аа” гэж их хэлдэг. Нээрээ анзаараад байхад тийм юм шиг байгаа юм. Ханьтайгаа анх танилцахдаа кино театрт кино их үзнэ. Тухайн үедээ оюутан байсан учраас заримдаа кинонд даалгана. Тэгээд л киноныхоо билет дээрээ сэтгэлийн үгээ бичээд, халаасанд нь нууцаар хийчихдэг байлаа. Бас хамтдаа Зайсан толгой руу их алхана. Тэр үед унаанд суухгүй хамт алхах нь л их чухал байлаа.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ