“Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтууд өнгөрөгч долоо хоногт Азийн бүсэд эхэлсэн билээ.
Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр/2019.06.11/ түүхэн тоглолт хийх гэж байна. Монгол, Бруней Даруссаламын эхний тоглолт Улаанбаатарт болж манай баг 2:0-оор өрсөлдөгчөө хожиж, давуу эрхтэй болсон. Өнөөдөр Брунейн талбайд хариу тоглолт болох бөгөөд манай залуус тэнцээ хийхэд цааш өрсөлдөх эрхээ авах билээ.
Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатарт болсон эхний тоглолтод багийн ахлагч Н.Цэдэнбал болон Н.Наранболд нарын гоол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Тэр дундаа тоглолтын эхний ес дэх минутад оруулсан Н.Цэдэнбалын гоол “Катар 2022” ДАШТ-ий анхны гоол нэрээ цуурайтуулаад байна.
“Талын хөх чононууд” 2001 оноос хойш ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө нэг ч удаа эхний давааг давж чадаагүй. Тухайн жилд Бангладештэй тоглож, 2:2-оор тэнцэн анхны оноогоо авч байсан манай хөлбөмбөгчид 10 жилийн дараа нэгэн түүхэн хожлыг авч байсан юм. 2011 онд Мьянмартай хийсэн эхний тоглолтод 1:0-оор хожин хөлбөмбөгийн хамгийн том баяр болох ДАШТ-ий урьдчилсан шатанд анхны хожлоо байгуулж байсан түүхтэй. Хэдийгээр хариу тоглолтод Мьянмарт 2:0-оор дийлдэж цааш өрсөлдөх боломжгүй болж байсан ч “Талын хөх чононууд” өнөөдөр түүхийн шинэ хуудсыг бичихэд хэдхэн цаг үлдээд байна.
Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит талбайд Монгол, Брунейн тоглолт Улаанбаатарын цагаар 20:15-с эхлэх юм. Эсрэг багийн талбайд тэнцэхэд дараагийн шатанд өрсөлдөх боломж авах “Талын хөх чононууд” энэ тэмцээнд хоёр жилийн турш бэлтгэж эхний зорилгоо биелүүлсэн. Одоо тэдэнд өнөөдөр дахин ялалт байгуулах даалгавар бий. Энэ удаа айлын талбайд тоглох ч Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэнд шийдвэрлэх тоглолтын нэг болж байна.
Монголын багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс Брунейг зорихын өмнө хэлэхдээ “Талбайдаа хийсэн тоглолтод сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ ганц тоглолтоор үр дүн шийдэгдэхгүй учир бид тайвширч болохгүй. Брунейд 35 хэмийн халуунд тоглоно. Тэнд нөхцөл байдал яаж өрнөхийг мэдэхгүй ч тухайн орчинд тааруулан гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт хийнэ. Бидэнд маш сайн нөөц боломж байгаа. Брунейн тоглогчид өөрийн талбайд сайн бэлтгэгдсэн болохоор тэд сайн тоглож чадах баг. Бид дахин ялалт байгуулж, цааш тоглохыг хүсэж байна.” гэж хэлсэн юм.
Энд нэгэн мэдээллийг нэмж хүргэхэд Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөө оройн тоглолтыг хамтдаа үзэх боломжийг Ногоон Тагт ресторанд MyCujoo-ийн албан ёсны эрхтэйгээр үзэх боломжийг олгож байгаа юм байна.
Холбоотой мэдээ