УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, хуралдаанаар МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажлын хэсэг байгуулах, мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрчээ.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, байнгын хорооны шийдвэр гаргах шийдэлд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Захиргааны тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол Хаврын чуулганг сунгах уу?
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулна.
-Монголын дипломат нар маш их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдлаа. Энэ асуудал дээр эрх баригч нар ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ үнэхээр харамсалтай хэрэг. Гурав дахь өдөр Аюулгүй байдлын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно. Шаардлагатай бол нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Байнгын хороогоор хэлэлцэсний дараа хариуцлагын асуудлыг ярина.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар явцтай байна вэ?
УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ ажил нь явагдаж байгаа явцаар дүгнэсэн. Олон төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдсэн, гэхдээ нүдэнд харагдах, хууль нь батлагдсан ч хэрэгжилт нь 2020 онд хэрэгжүүлэх төслийг 0 хувьтай гаргасан. Бид гурван зүйл дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сайн үзүүлэлттэй байна гэж дүгнэсэн. Макро эдийн засгийн түвшинд сайжирсан байгаа.
Холбоотой мэдээ