Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сангаас олгогдсон төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий субьектүүдэд олгогдсон зээлийн маргааны асуудлыг хуульчдын төлөөлөл болон “Онч шийдэл” ТББ эсэргүүцэж Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ оны нэгдүгээр сард хандсан билээ.
ЖДҮ-ИЙН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХЭД ХУУЛЬЧИД НЭГ АЛХАМ УРАГШИЛЛАА ГЭВ
Дээрх асуудлаар хуульч Ж.Эрхэмбаатар 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэхдээ “Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын гаргасан гурван тушаал байна. Эдгээр тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Үүнтэй холбогдуулан "Онч Шийдэл" ТББ-аас нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан ЖДҮ эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүснэ" гэдгийг хэлж байжээ.
Тэгвэл дээрх асуудлаар хуульч Ж.Эрхэмбаатар ЖДҮ-ийн хулгайтай тэмцэхэд хуульчид нэг алхам урагшиллаа хэмээн өөрийн цахим хуудаснаа бичээ. Түүний хэлснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр /2019.06.10/ ХХААХҮСайдын 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн А01 дугаар тушаалыг хууль бус байсныг тогтоож, хүчингүй болголоо. Ингэснээр эрх ашиг нь хөндөгдсөн 54 ААН зээл авах бололцоотой боллоо. Мөн албан тушаалын давуу байдлаа ашиглаж А88, А141 дугаарт тушаал хууль бус болох нэг үндэслэл бий боллоо” гэжээ.
Өөрөөр хэлбэл дээрх захирамж хүчингүй болсноор төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан ЖДҮ эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ