Хөвсгөл нутгаас төрөн гарсан улсын арслан Х.Мөнхбаатар гутал үйлдвэрлэж эхлэв. Монголын уламжлалт хэв маягийг үлдээж орчин үеийн шийдлээр баяжуулан хийсэн матрын арьсан гутал бол түүний эрхлэн гаргаж байгаа гутал юм. “Хүчит арслан брэнд” хэмээх матрын арьсан гутлын загвар хийц ч сонирхолтой харагдана. Аргагүй л хүчит арслангийн дайтай "гоё" гутал гэж халаглах нэгэн байна.
Наадмын ногоон зүлгэн дээр ч найр цэнгүүний торгон агшинд ч гангараа болох арслангийн “гоё” гутал ирэх наадмын чимэг болох биз ээ. Хэдийнэ олны танил нэгэн эрхмээр олонд танилцуулгаа хийсэн “Хүчит арслан брэнд” бөхдөө хайртай монголчуудын брэнд боллоо.
Өнөө цагийн хамгийн хөдөлмөрч, хамгийн шударга бөхөөр нэрлэгддэг Х.Мөнхбаатар арслан олон сайхан аваргуудыг төрүүлсэн Хоймор нутгийн хүчтэн. Уран сайхан барилдаанаараа олон жил Монголын ард түмнээ баясгасан арслан энэ зуны гоёлоор "Хүчит арслан брэнд"-ээ нэрлэлээ.
Ч.ШАРХҮҮ