2019 оны зургадугаар сарын 6-8-ны хооронд болсон Санкт Петербургийн Эдийн засгийн форумын үеэр нийт 182,4 тэрбум рублийн үнийн дүнтэй 27 гэрээ хэлцэл хийгдлээ гэж Санкт Петербург хотын Захирагчийн Хэвлэлийн алба мэдээллээ.
Эдгээрийн заримаас дурдвал, Оросын төмөр замын "РЖД" компани 88 тэрбум рублийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээгээр Санкт Петербург хотын төмөр замын тээврийг сайжруулна. Тухайлбал, өртөө хоорондын холбоог сайжруулж, төмөр замын шинэ салаа барих, зүтгүүрийг солих зэрэг ажил хийгдэх юм. Үүнээс гадна Бронкийн тээвэр ложистикийн төвийг шинэчлэх 10 тэрбум рублийн гэрээ байгуулсан байна.
ТГК-1 компани Санкт Петербург хотын дулааны хангамжийг сайжруулах төсөлд 14 тэрбум, "ЕКС" компани тус хотын Калинин дүүрэгт жирэмсэн эхийн болон төрсний дараах сэргээн заслын төв барихад 10,6 тэрбум, "Петербургский нефтяной терминал" компани нефть болон нефтийн бүтээгдэхүүний агуулах барихад 6,5 тэрбум, "ОРЦ ФУД МАРКЕТ" компани бөөний худалдааны төв барихад 2,4 тэрбум рублийг тус тус зарцуулах гэрээ хийгдсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ