Н.Цэдэнбал “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолын эзнээр бичигдэв

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Н.Цэдэнбал “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолын эзнээр бичигдэв

Н.Цэдэнбал “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолын эзнээр бичигдэв

Монголын хөлбөмбөгийн шигшээ өнгөрөгч долоо хоногт “Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатыг эхлүүлсэн билээ. Өөрийн талбайдаа Бруней Даруссаламыг 2:0-оор хожсон “Талын хөх чононууд” цувралыг 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Хоёр тоглолтын хариу тоглолт маргааш /2019.06.11/ Бруней талбайд болох билээ.

Улаанбаатарт болсон эхний тоглолт "Талын хөх чононууд"-ын ялалтаар өндөрлөж, Монголын залууст бүрэн боломж байна гэдгийг харуулаад байгаа. Тоглолтын 11 дэх минутад багийн ахлагч, зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос гоол хийсэн нь “Катар 2022” ДАШТ-ий анхны гоолоор бүртгэгдсэн. Энэ тоглолт Азийн бүсийн эхний тоглолт байсан бөгөөд Монголын Н.Цэдэнбалын нэр түүхэнд бичигдэн үлдэж байна.

Энэ жил 31 настай Н.Цэдэнбал 23 дугаартай тоглож байгаа бөгөөд тоглолтын өмнө шигшээ багийн ахлагчаар сонгогджээ. Түүний хувьд өнгөрсөн онд Монголд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд Гуамтай тоглоход шийдвэрлэх гоолыг оруулж, багаа цааш өрсөлдөхөд чухал үүргийг гүйцэтгэсэн. Н.Цэдэнбалын тоглолтын цаг дуусах мөчтэй зэрэгцэн оруулж байсан гоол Монголын шигшээ багийг дараагийн тойрогт тоглох эрхтэй болгож байсан юм. Түүний хувьд өнгөрөгч долоо хоногт мөн онцгой нэгэн амжилтыг үзүүлж, 2022 оны ДАШТ-ий анхны гоолын Ази тивийн төлөөлөл болон бичигдэж байна.

Монгол, Бруней Даруссаламын шигшээ багууд Азийн бүсийн тэмцээнийг эхлүүлж, Н.Цэдэнбалын оруулсан гоол ДАШТ-ий түүхэнд бичигдэн үлдсэнийг Азийн хөлбөмбөгийн холбооны сайтад  тусгайлан онцолжээ.

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалын AFC-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Улаанбаатар хот: Шигшээ багийнхаа ахлагчаар томилогдон гоол оруулж, ДАШТ-ний түүхийн хуудсанд бичигдэн дэлхий даяар эх орныхоо нэрийг дуурсгахаас илүү сайхан зүйл гэж юу байх билээ.
________________________________________
Норжмаагийн Цэдэнбал энэ долоо хоногт төрөлх Улаанбаатар хотдоо 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ийн урьдчилсан шатны тоглолтуудад Монголын шигшээ багийг ахлан тоглохдоо анхны гоолыг оруулж, ДАШТ, Азийн ААШТ-үүдийн гоолын салхийг хагаллаа.

Монголын шигшээ баг Бруней Даруссаламын багийг 2:0-ээр хожиход, ес дэх минутад түүний зүүн хөлөөрөө гүйцэтгэсэн чөлөөт цохилт амжилттай болж, Н.Цэдэнбал гэдэг нэр 2022 онд Катар улсад болох ДАШТ-ий турш яригдан, дэлхийн аваргын түүхэнд Ази тивийн төлөөлөл дурсагдан үлдэх боллоо.

“Монголын шигшээ багт тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Сая, тэмцээний өмнө Тайландад хийсэн бэлтгэлийн сүүлийн өдөр ахлах дасгалжуулагч намайг багийн ахлагчаар томилж, багийнхан маань дэмжихэд маш том үүрэг хариуцлага надад ирж байгааг ойлгосон. Мөн туйлын баяртай байсан. Би шигшээ багтаа 10 дахь жилдээ дуудагдан тоглож байна. Тэгээд амьдралд минь тохиож буй энэ гайхалтай мөчид үнэхээр их баярлаж байна.” гэж Цэдэнбал хэлэв. Тэрбээр энэ жил 31 нас хүрч байгаа юм.

Өнгөрсөн Пүрэв гарагт түүний хийсэн гоол хөлбөмбөг тоглож буй бүх он жилүүдийнх нь хамгийн онцгой нь байх буйзаа.

Н.Цэдэнбал “Улаанбаатарын Унаганууд” багт тоглож хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн бөгөөд анхны багийнхаа мөн л ахлагч байжээ. Тэрээр “Улаанбаатарын Унаганууд” багт 7 жил тоглохдоо багийнхаа хамтаар Монголыноо Дээд лиг, Футзалын лиг, УАШТ, МХБХ-ны Цом гээд бүх л тэмцээнд амжилттай оролцож, аваргын шагналыг авч байсан байна.

Н.Цэдэнбал “Би хэдийгээр чөлөөт цохилтыг олонтаа давтдаг байсан ч Брунейн эсрэг тоглолтонд бөмбөгний ард зогсож байхдаа санаа үнэхээр зовж байлаа. Асар их хариуцлага шүү гэж бодож байсан. Харин гоол орсны дараа ДАШТ-2022 тэмцээний бүх дэлхийн хамгийн анхны гоол Монголын нутаг дээр, Монголын баг орууллаа шүү дээ гэж бодоод маш их баярласан” гэж тэмцээний тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрээр "Би шигшээ багаа бүх талаар дэмждэг МХБХ-ндоо маш их талархаж байгаагаа илэрхийлье. Итгэл алдахгүй байж, хариу тоглолтонд ялахын төлөө бүх хүчээ дайчлах болно гэж амлаж байна” гэсэн юм. (Монголын шигшээ баг Брунейн эсрэг хариу тоглолтыг 6 сарын 11-ний Мягмар гарагт Бандар Сери Бегаван стадионд хийнэ)

2009 оноос шигшээ багт тоглож эхэлсэн Цэдэнбал 2018 онд багийнхаа хамтаар Зүүн ААШТ-ний нэгдүгээр шатны тэмцээний цомын эзэн болсон байна. Тэрээр Монголын шигшээ багт нийт 27 дахь удаагаа тоглож байгаа бөгөөд өнгөрсөн Пүрэв гарагт шигшээ багт төлөө 5 дахь гоолоо оруулсан ажээ.

2013 онд тэрээр МХБХ-ны Дээд лигийн анхны клубуудын нэг “Улаанбаатар сити” багт шилжин, 2015 онд багийн ахлагчаар томилогдож, “МХБХ-ны Цом”, “Супер цом” тэмцээнүүдийн аварга болоод байна.
Түүний хувьд 2018 он амжилтын жил байсан бөгөөд “МХБХ-ны Оны шилдэг тамирчин” болж мөн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарчээ. Тэрээр Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 2-р шатанд Тайваны багийн эсрэг тоглолтонд гоол оруулсан ч, Монголын баг 2:1 харьцаатайгаар харамсалтай хожигдон, дараагийн шатанд шалгарч чадаагүй юм.

Гэрэл зураг: Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж