Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан томилогдоод 100 хонож байна. Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ц.Баатархүүтэй ярилцав.
– Хотын шинэ дарга ажлаа аваад 100 хонож байна. Өмнө нь 4 жил хотыг удирдсан сөрөг хүчний хувьд хотын шинэ даргын 100 хоногт ямар дүгнэлттэй байна вэ?
-Нийслэл хотын засаг дарга болоод өнөөдөр 100 хоног нь болж байна. Түүнээс өмнө С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байсан хүн. Энэ хүнд хотын ажлыг явуулах эрх мэдэл дутаагүй нь мэдээж. Харин ажлын арга барил, ур чадвар дутаж байна. Нийслэлийн асуудалд хувийн үзэмжээр хандаж компаний захирал мэт удирдах гэж зүтгээд байгаа нь ажлыг удаашруулж байна. Дэлхийн хотууд хүнээс хамааралгүй ухаалаг засаглал руу өдөр бүр шилжиж байхад Улаанбаатар хотын засаглал хэт удаан, хүнд сурталтай болж байна. Манай хот хөгжих биш, хөгжлөөс улам хоцроод байна гэж дүгнэж байна.
– Мэдээж өнгөрсөн 3 сарын хугацаанд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж дэвшил гарсан байлгүй дээ?
– Яг ямар санаачилга гаргасан вэ гэдгийг Нийслэлчүүд хараад сууж байгаа шүү дээ. Тухайлбал энэ зуун хоногт 2 ажил хийсэн байна.
Нэгт, Бүтцийн өөрчлөлт хийлээ. Засаг дарга 6 орлогчтой, 3 зөвлөхтэй, шуурхай ажлын албаны даргатай, нийт 68 орон тоогоор бүтцээ нэмэгдүүлэн ажиллаж байна. Хотын захиргааны нэг хэлтсийн дарга дээрээ 12 даргатай болчхоод байна. Хамгийн харамсалтай нь дарга нарын тоо нэмэгдсэн ч иргэдийн нуруун дээрх асуудал хэвээрээ л байна.
Хоёрт, Бүтцийн өөрчлөлтийг дагаад 1 тэрбум орчим төгрөг нэмэгдүүлэн Нийслэлийн төсвийг тодотгосон байгаа.
– Сонгуулийн дараа л бүтцийн өөрчлөлт яригддаг биз дээ. Одоо нэг нам дангаараа засаглаж байгаа хэр нь бүтцээ өөрчилж байгааг юу гэж ойлгох вэ?
– Уг нь нэг нам дангаараа засаглаж байгаа үе. 2016 оны сонгуулийн дараа “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бүтцээ өөрчлөн, нэр хаягаа сольсон. 2019 онд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа боловч дахин бүтцээ өөрчилж, нэр хаягаа сольж байна. Энэ бол эрх баригч нам нэгдсэн бодлогогүйг харуулж байна. Эрх баригч нам ажил хийдэг баг биш, албан тушаалын баг бүрдүүлж байгааг харуулж байна. Өнөөдөр 12 агентлагийн нэр хаяг, тамга тэмдэг, албан бланкийг нь солихоос илүү олон чухал ажил байгаа. Энэ 100 хоногт нийслэлчүүдийн өмнө тулгамдсан нэг асуудлыг ч шийдэхгүй хэрнээ сандал суудлаа ярьсаар байгаад харамсаж байна.
– Хотын ажлыг та урагшлах биш ухарчихлаа гэж байсан. Үүнийг сөрөг хүчин учраас тэгж хэлэв үү эсвэл үнэхээр тийм дүгнэлтэд хүрч байна уу?
– Нэгт, Дулааны улиралд яаралтай хийх бүтээн байгуулалтын ажлууд байдаг. Харамсалтай нь өнөөдөр төсвийн задаргааг ч хийгээгүй байна. Одоо тендер зарлана гэсээр байтал энэ жилийн ажлууд хугацаандаа амжихгүй нь тодорхой болж байна.
Хоёрт, Монгол Улс өөрөө хөгжлийн маш том реформ, тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол түр зуур аргалах маягаар яваад хөгжихгүй нь тодорхой боллоо.
– Нийслэлийн засаг даргын орлогчийн асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна?
– Улс төрчийг хийж буй үйлдэл болон бүрдүүлсэн багаар нь дүгнэж болно. Шинээр томилогдсон 6 орлогч мэргэжлийн бус, гурав нь ашиг сонирхлын зөрчилтэй, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм байна лээ. Нийслэлийн айл өрх түймэрт шатаж байхад наана нь сэлфидэж зогсдог, гэмт хэрэг, авлигад холбогдсон хүмүүсийг нийслэлийн Засаг даргаар томилж байгаа нь өөрөө асуудал юм. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой болохоос биш, албан тушаалд томилох нь ёс зүйгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж бид үзэж байгаа.
– Нийслэл хотод тулгамдсан асуудал маш их байна. Дарга нар шийдэхээр боллоо гэх мэдээллүүд маш их гардаг. Бодит үр дүнгүүд мэдрэгдэж байна уу?
– Үр дүн ямар байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Нийслэлчүүд бид өвөлдөө хорт утаагаар, бусад үед тоосоор амьсгалж байна. Зүгээр л үнэрлээд үз, зүгээр л нүдээ нээгээд хараад үз. Зүгээр л автомашин, нийтийн тээвэрт суугаад үз. Өмхий үнэртэж байна, явган явах замгүй болтлоо барилгажлаа, автозам дээрээ амьдартлаа түгжирч байна. Өмхий үнэр бол эрүүл мэндэд хоргүй үнэр шүү гэж дарга нар нь биднээр тохуурхаж байна. Улаанбаатар хот ногоон биш бетонин хот болсон. Нийтийн тээвэр хамгийн тав тухгүй, чанаргүй үйлчилгээ болсон байна. Бодит байдал ийм байхад хотын удирдлагууд Нийслэлчүүдийн аз жаргал нэмэгдэж байна гэж мэдэгдэж болно гэж үү.
– Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр нь “Аз жаргалтай хот” нэртэй шүү дээ. Аз жаргалтай болгох алхам хийж байгаа байлгүй дээ. Та арай л сөрөг өнцгөөр хараад байна уу?
– Сөрөг өнцөг биш бодит байдлыг шуудхан хэлэхэд энэ хотод иргэд биш, дарга нар л аз жаргалтай байна. Жил бүр нэг тэрбум төгрөгөөр Нийслэлчүүдийн аз жаргалын индексийг судалж байна. Яг яаж аз жаргал нь нэмэгдээд байна вэ гэхээр хэн ч хариулж чадахгүй байгаа. Энэ жил нийслэлийн 380 жилийн ойн баярыг 2 тэрбум, Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болоход 3 тэрбум, улсын наадмыг зохион байгуулахад 3 тэрбум төгрөг нийслэлчүүдийн татвараар төлсөн мөнгөнөөс зарцуулагдана.
Нийслэлийн иргэд өнөөдөр эхний ээлжинд ажилтай орлоготой, аюулгүй амьдрах орчинтой болох хэрэгтэй байна. Тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах хэрэгтэй байна. Амьдралын чанарыг, бүтээн байгуулалтыг, орчны тохижилтыг сайжруулах нь илүү чухал байна. Баяр наадам, ой тэмдэглэх нь нийслэлчүүдийн хувьд нэгдүгээрт тавигдах асуудал биш гэж бид үзэж байгаа.
– Та бүхэн шүүмжлээд суухаас гадна ажил санаачлан хийж болдоггүй юм уу?
– Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, 2012-2016 оны хооронд эхлүүлсэн 24 байршлын ажлыг ядаж дуусгах санал, шаардлагуудыг удаа дараа өгсөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхэлсэн энэ ажлуудаа яаралтай урагшлуулахаар олон удаа санал өгөхөд дэмжихгүй хэрнээ хотын захиргааг Яармагт барихад эрх баригчид 96 тэрбумыг баталж чаддаг. Удаа дараа Нийтийн тээврийн менежментийг сайжруулах саналуудыг өгдөг ч олонх хүлээж авахгүйгээр шийддэг. Тухайлбал 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж тусгах санал оруулсан боловч бас дэмжигдээгүй. Нийтийн тээврийн автобуснуудын тал хувийнх нь хугацаа дуусч байгаа, хүн ам өсч байгаа учраас автобусны тоог яаралтай нэмэгдүүлэх шаардлага байсан уу гэвэл байсан. Хөрөнгө мөнгө нь нэмэгдээд ч нэмэргүй байна. Нийслэл хотод хийж буй ажлын ач холбогдлын эрэмбэ алдагдчихаад байна.
– Таны бүлэг хотын удирдлагад хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд байсан. Ингэхэд сөрөг хүчний шаардлагад Засгийн газар яаж хандаж байна вэ?
– Хариуцлага тооцуулах, ажлаа сайжруулах, яаралтай арга хэмжээ авах шаардлагуудыг хүргүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ямар нэг хариу ирүүлээгүй. Хамгийн их хариуцлага гэж ярьдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцох байтугай шаардлагын хариу ч өгөөгүй. Засгийн газарт албан бичиг хэргийн наад захын соёл байдаггүй юм байна.
Ийм учраас хариуцлага тооцох ажлаа Засгийн газрын тэргүүн албан өрөөнөөсөө эхлэхийг дахин шаардаж албан бичиг явуулсан байгаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар цөөнхийн саналыг хүндэтгэж үзэж шийдвэрлэхийг хуульчилсан байдаг.
– Танай бүлгийнхэн “Туул голын бургасыг нөхөн сэргээе” гэсэн бичигтэй цэцгийг МАН-ын бүлгийнхэнд бэлэглэснийг хүлээж авахгүй байсан. Бургасыг нөхөн сэргээх асуудал юу болсон бэ?
– Бургасыг нэг компани булгалснаар 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг БОАЖ-ын сайд мэдэгдсэн. Бургасыг нөхөн сэргээлээ гэхэд байгалийн унаган төрхөө олох хүртлээ 150 жил болох судалгаа байдаг юм байна. Тэгэхээр байгаль орчны доройтол нь 13 тэрбумаас илүү хохирол. Туул голыг урсгая л гэж байгаа бол бургасыг нөхөн сэргээх асуудлыг орхиж болохгүй. Цаашилбал бид Туул голын хайрга олборлолтод анхаарах ёстой. Бургас, хайргагүй бол энэ гол урсахгүй юм билээ. Энэ хотын салшгүй хэсэг болсон Туул голоо хамгаалахгүй бол нийслэлчүүдийн амьдралын тухай, эрүүл ногоон хотын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй юм.
Холбоотой мэдээ