Д.Сарангэрэл: Бид тэмбүү өвчинтэй "дайн зарлаж" байна

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: Бид тэмбүү өвчинтэй "дайн зарлаж" байна

Д.Сарангэрэл: Бид тэмбүү өвчинтэй "дайн зарлаж" байна

Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр/2019.06.10/-өөс эхлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчний нэг тэмбүүг устгахаар зорилт тавин ажиллах болно гэдгийг салбар яамны сайд Д.Сарангэрэл мэдэгдлээ.


ЖИЛД 50-55 ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ БАЙНА

Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас бэлгийн замаар дамжих халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй “дайн зарлаж” байна. Өнөөдөр нийт халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд ойролцоогоор 50-55 төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол илэрч байна. Монгол Улсад 1990-ээд оноос өмнө нийт хүн амынхаа 95.5 хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан түүх бий. Одоо энэ бэлгийн замаар дамжих халдварт өвчинг устгаж, тэмцэх цаг нь болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд хоёр удаа тэмбүү өвчний талаарх нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Тэмбүү өвчний талаар олон жил ярианаас цааш хэтрэлгүй, шүүмжилсээр ирлээ. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд хоёр том зорилттойгоор тэмбүү өвчинг устгахаар ажиллах гэж байна” гэдгийг онцлон хэлж байв.

2019 ОНЫ ЭХНИЙ ТАВДУГААР САРД ТЭМБҮҮ ӨВЧНИЙ 29 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлгээс төлөөлөл ирж, мэдээлэл өглөө. Тус хороонд өнгөрсөн 2018 онд нийт 43 тэмбүү өвчнөөр өвдсөн жирэмсэн эх хандсан бол энэ оны байдлаар 13 тохиолдол бүртгэгдээд байгаа гэсэн мэдээллийг өрхийн эмнэлгийн дарга өгч байлаа. Мөн анхан шатны өрхийн эмнэлгүүдэд энэ өвчнийг эмчлэхэд багагүй хүндрэл учирч, хавьтагч нь эмчилгээнд хамрагдахгүй байх тохиолдол ч гардаг гэдгийг хэлсэн юм.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын нийт хүн амын дунд “Төрөлхийн  тэмбүүг устгая” хоёр жилийн аянг зохион байгуулна. Уг аяны хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг бууруулах болон хүн амын дунд тэмбүү өвчнийг оношилж, эмчлэх гэсэн хоёр том зорилтыг тавина ажиллана. Мөн аяны хугацаанд хүн амын дунд тархалт их байгаа эрсдэлт бүлгүүдэд хүрч ажиллах болно. Тухайлбал, уул уурхайн салбарт алт олборлож буй иргэдийн дунд өвчлөл их байна” гэв.

Энд нэг тоо баримт дурдвал, бэлгийн замаар дамжих тэмбүү халдварт өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Харин 2019 оны эхний тавдугаар сард бүртгэгдсэн 29 тохиолдлын нэг хувь нь нас барж, амьгүй төрсөн гэх харамсалтай мэдээ байна.

“ТЭМБҮҮ ӨВЧИН СОЦИАЛИЗМЫН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ЭРС НЭМЭГДСЭН”

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “”Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин Социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал зэрэг сөрөг үзэгдлээс үүдэлтэй” гэдгийг хэлж байв. Мөн “Бид ийм том зорилт тавьж ажиллахаас аргагүй байдалд хүрээд байна. Өмнө нь Социализмын үед маш сайн хяналт тавьж, эмчилгээ оношилгоо, илрүүлэх үзлэгийг далайцтай хийж, илрүүлснээ эмчилж, хавьтагчийн цаана байгаа өвчтөнийг олж, үндсээр нь эмчилж байсан юм. Гэтэл өнөөгийн нийгэмд хүний эрх, албан байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулахгүй байгаа зэрэг олон хүчин зүйлээс болж, тэмбүү өвчин газар аваад байна. Энэ бол зөвхөн Эрүүл мэндийн салбарын асуудал бус хувь хүний эрүүл мэндийн асуудал. Тиймээс иргэд тэмбүү өвчний шинжилгээнд идэвхтэй хамрагдаарай. Үзлэг шинжилгээнд хамрагдсанаар гурван удаагийн хүчжүүлсэн пенцлин тариаг зургаан цагийн зайтайгаар долоо хоног тарьдаг. Ингэснээр тэмбүү өвчин бүрэн эдгэрч, эмчийн хяналтад жилийн хугацаанд байх болно. Хамгийн гол нь өвдсөн хүмүүс дахин халдвар авахгүй нь тулд хавьтагчаа нуулгүй хэлэх ёстой. Оношилгоонд онцгой анхаарч, маш их хүн хүч, хөрөнгө мөнгө зарсан аянд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад оролгүй төрөлхийн тэмбүүтэй нярай төрүүлж байна. Жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчнөөр өвдсөнд ч эмчлэгдэх бүрэн боломжтой. Ураг ч эрүүл төрнө” гэдгийг хэллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж