Авто спортын формула-1 уралдааны 2019 оны ДАШТ-ий долоо дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Канад улсад боллоо. Монреал хотноо болсон тус гараанд “Мерседес” багийн Л.Хэмилтон тэргүүлснээр энэ улирлын 5 дахь түрүүгээ хүртлээ. “Мерседес” багийн Л.Хэмилтон тус гараанд түрүүлснээр М.Шумайхерын хамтаар Канадын гараанд хамгийн олон буюу 7 удаа түрүүлсэн нисгэгч болсон юм. Луис Канадын гараанд 2007, 2010, 2012, 2015, 2016, 2017, 2019 онуудад түрүүлж байсан.
Канадын гарааны урьдчилсан гараанд “Феррари” багийн С.Феттел хамгийин шилдэг нь байж энэ улиралд анх удаагаа пол-позишн эрхийг авсан ч үндсэн гараанд гол өрсөлдөгч Л.Хэмилтонд ялагдаж дэд байранд орсон байна. Харин хоёр шилдгүүдтэй хамт “Феррари” багийн залуу нисгэгч Ч.Леклерк шагналын тавцан дээр гишгэжээ. Тэгвэл энэ улирал эхэлснээс хойш шагналын тавцангаас буугаагүй байсан “Мерседес” багийн В.Боттас 4-р байранд орсон.
Канадын гараанд Л.Хэмилтон тэргүүлснээр ДАШТ-ийг 162 оноотой итгэл төгс тэргүүлж байгаа бол зохион бүтээгчдийн өрсөлдөөнд мөн л түүний “Мерседес” баг 295 оноотой арын багаасаа 123 онооны тэргүүлэлтэй бичигдэж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ