Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Бөмбөрцгийн булай!

Бөмбөрцгийн булай!

Монгол репперүүд Тайландын хааны ордноос хулгай хийж яваад баригдсан мэдээ өнгөрөгч дөрөвдүгээр сард зураг хөрөгтэйгөө дэлхийгээр нэг цацагдсанаас хойш яг сарын дараа буюу тавдугаар сарын 3-нд ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор Монголын дипломатууд 70 кг героин тээвэрлэж яваад баригдсан нь бөмбөрцөгийн сенсааци болж байна. Харин Монголд энэ асуудалд хариуцлага хүлээх, хүлээлгэх эрх мэдэлтэн даанч алга.

Дипломатуудын хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн өгсөн тайлбар нь “Энэ хэргийг нуусан зүйл байхгүй. Гэмт хэрэгт холбогдсон мэдээллийг ГХЯ авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Шалтгаан нь ар гэрийнхнийх нь хүсэлт, хувь хүний нууцтай холбоотой байдаг. Хэрэг одоогоор хянан шалгагдаж байгаа болохоор мэдээллийг нь өгөх боломжгүй. Тухайн хоёр эрх бүхий албан тушаалтан хэн байсан бэ гэдгийг ч одоогоор хэлэх боломжгүй. Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газар ажиллах дипломат ажилтныг Дипломат албаны тухай хуулиар, Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилж ажиллуулдаг. Эдгээр хүмүүс энэ шалгуурын дагуу томилогдсон” гэх үг.

Тэгвэл ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Б.Баттүшиг өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан нь үнэн. Гадаад харилцааны яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа. Төрийн дипломат албаны шаардлагыг хангаж ажиллаж байсан хүн. Ямар ч байсан Б.Баттүшиг бол ГХЯ-наас томилогдсон” гэх мэдээллийг өгсөн билээ. Үндсэндээ, өнгөрсөн долоо хоногт “манай, танай” гэх бухсан, бултсан, өөрсдийгөө өмөөрсөн, уснаас хуурай гарахыг оролдсон хурган дарга нарын хариулт тайлбаруудаас өөрөөр хэн хариуцлага хүлээх тухай хэн ч хөндсөнгүй!

Хэрэвзээ, Монгол Улс ёс зүйтэй төр шиг төртэй байсан бол энэ хэрэгт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл хоёр хариуцлага хүлээх том асуудал, улс орны нэр хүндтэй холбоотой чухал сэдэв мөн үү гэвэл мөн. Улсаа төлөөл гэж виз олгож, томилгоо хийсэн нь Д.Цогтбаатар, Д.Гэрэл хоёр шүү дээ.

Иргэд нь хулгайч, дипломатууд нь хар тамхичин, хүүхнүүд нь биеэ үнэлэгч, улстөрчид нь авлигач. Ийм нэг, Монголын тухай сөрөг ойлголт дэлхийд бий боллоо. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэсэн үгтэй, монголчууд гадныханд бүгд хулгайч, хар тамхичин, авлигач, архичин, ядуу, гуйлгачин улс болж харагдаж эхэлсэн нь лав.

Германы цагдаа нарт “гардуулсан” Монголын хоёр дипломатчийн хар тамхины хэрэг бол зөвхөн Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын асуудал огтоос биш юм. Тэд Монголыг гадаадад төлөөлж буйн хувьд Монгол Улс болж харагдах нь зүйн хэрэг. Тиймээс энэ хэргийн цаана, Монголын дипломат албаны нэр төр, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, эдийн засагт орж  ирэх нэг ам.долларын асуудал ч яригдана. Нөгөөтэйгүүр, нөгөө л захын хар овоохой болсон Монголын төрийн томилгооны тухай, дипломат албанд тавигддаг шаардлага, шалгуурыг ч хөндөх цаг болсон байна.

Тайлбар: Бид өмнө нь төрийн албаны ургийн мод цуврал нийтлэлээрээ Гадаад харилцааны яамыг онцолж байв. /2018.11.15/

Холбоотой мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД /ЦУВРАЛ II/

ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД /ЦУВРАЛ II/

Аль ч орон гадаадад улсаа төлөөлөх дипломатчдаар хамгийн шилдгүүдээ томилдог. Харин Монголын хувьд ялсан намын, ялсан даргын ах дүү, хамаатан садан найз нөхөд л Элчин сайд, консулын ажилтнаар томилогддог болсон нь худлаа биш. Сарын өмнө Засгийн газраас Польшид суух Элчин сайдаар Б.Доржийг, БНАЛУ-д суух Элчин сайдаар Ж.Сэрээжав, БНКУ-д Ш.Батцэцэг Австралид Н.Анхбаяр, Шведэд Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр В.Энхболд, БНСУ-ад Д.Даваасүрэн нарыг томилуулах шийдвэрийг гаргасан. Тэдний хэд нь дипломат албаны шалгуурыг хангасан,  хэд нь ямар нэг улстөрч, намын дэмжлэгээр явж байгаа вэ гэх асуултын хариултыг дэлхийн шившиг болсон Монголын дипломат албаны энэ шуугиантай холбохоос өөр аргагүй. Учир нь, хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгч асан Б.Бат-Эрдэнийн хүү, С.Эрдэнэбаяр нь УИХ-ын гишүүн Л.Болдыг Гадаад харилцааны сайд байхад нь жолоочоор нь ажиллаж байсан тухай мэдээлэл цацагдаад байгаа юм.

Гадаадад улсаа төлөөлөх дипломатчдын босго энэ мэт жижгэрсэн нь, Монголын дипломат алба конторбандын хэрэгтнүүд, хар тамхины сүлжээчдээр эгнээгээ тэлэхэд хүргэснийг үгүйсгэхгүй. Товчхондоо, ялсан нам,  эрх барьж байгаа дарга нарын ах дүү, хамаатан садныг Монголын дипломат албанаас цэвэрлэх шаардлагатай нь “олон хавар нэгэндээ” гэгч болсон Истанбулын дипломат ажилтнуудын хэргээс харагдаж байна.

Монголын дипломатчидтай холбоотой шуугиан огт тасардаггүй, тэд өмнө нь тамхи, эм бэлдмэл зөөдөг байсан бол өдгөө хар тамхины мафийн гишүүд болж хувирсан, эндээс харвал цаашдаа ч энэ мэт дэлхийд шившиглэгдсэн хэрэг гарахгүй гэх аргагүй. Тэр тусмаа дипломат паспортыг хэн хэзээ олгосон, юунд ашиглах,  хэрэглэж байгааг ч олж тогтоох нь Монголын нэр хүндийн асуудал болжээ. Тиймээс энэ хэрэгт холбогдсон Истанбулын ерөнхий консулыг, ажилтнууд нь Монгол Улсын нэр төрийг сэвтээсэн Элчин сайдын яамдыг бүхэлд нь эргүүлэн татаж байж хар тамхи, конторбандын сүлжээнд “амташсан” дипломат албаныханд том сургамж болно.

Улсаа төлөөлөх үүрэгтэй Монголын дипломатууд мафийн гар хөл болсныг бөмбөрцгийн булай гэхгүй юм бол өөр юуг бөмбөрцөгийн булай гэх вэ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж