Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээн дэх өвөрмөц онцлогийг хадгалсаар ирсэн монгол зураг өдгөө Монголын төдийгүй дэлхийн урлагийн тавцан дахь бидний нэрийн хуудас, бахархал мөн билээ.
Монгол зураг нь монголчуудын соёл байдлын агуулга болдог бол үе үеийн уран бүтээлчид монгол уран зургийг уламжлалыг таслахгүй авч явж, хөгжүүлэн сайжруулж, шинэ төрлийн арга барилаар туршин зурсаар байна. Тэдний томоохон төлөөлөл болох Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Түвдэндоржийн Нурмаажав “Хэмнэл” бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр ХААН Галерейд нээлээ. Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулга бүхий бүтээлүүд нь түүнийг дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач гэдгийг нотолдог билээ. Тэрбээр 2002 оноос хойш долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү олонд дэлгээд буй юм.
Шинэ үзэсгэлэнгийнхээ талаар Т.Нурмаажав “Өөрийн үзэл бодол, урлагийг харах өнцгөө уран бүтээлээрээ илэрхийлж байдагтаа би баяртай байдаг. Тасралтгүй урсах цаг хугацааны аясаар хувьсах нүүдэлчдийн түүх, эрин цагийн хөгжлийн явцад энэхүү соёлын ай савд багтах хэн бүхэн эртнээс өдгөөг хүртэл улбаалан хадгалж ирсэн уламжлал, хэл, заншил, сүнслэг сэтгэлгээнийхээ үрээр дэлхийд Монгол хэмээх өвөрмөц нэгэн түүхийг бүтээн бичилцэж буй. Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанар, бидний зүрх сэтгэлд хэзээд сэрүүн орших өвөг дээдсийн адилаар тийнхүү үргэлжилсээр Монгол хэмээх энэхүү гайхамшигт нэрийг өндөрт өргөж, нандигнан хайрлах ёстой хүмүүс бол бид өөрсдөө. Хадгалах ер бус амьд мөн чанар, өвлөх арвин баялаг туурвил, соёл уламжлал, заншил бүрээ хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээж тэр бүхэн эргээд хэтдээ хэрхэн хадгалагдах, уламжлагдах билээ хэмээсэн бүтээлч хүний гэгээн гуниг, мэдрэмтгий эмзэг, совинт шаналал минь зүрхний хэмнэлд хэмгүй оршсоор ирсэн бөгөөд чин сэтгэлээ уудлан дэлгэсэн ХЭМ ХЭМНЭЛ, ХӨДӨЛГӨӨН, ЧИМЭЭ, ОРШИХУЙ, ЭС ОРШИХУЙ, ӨӨРЧЛӨЛТ, МЭДРЭМЖ цуврал бүтээлүүдээ та бүхэнд толилуулж байна” хэмээсэн.
“Хэмнэл” үзэсгэлэн 2019 оны 6-р сарын 7-27-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.
Холбоотой мэдээ