Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг татав

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг татав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулсан юм.

Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-д мэдүүлсэн байсан ч төслөө татах санал гаргасныг УИХ ёсоор болгож, буцаагаад байна.

Мөн УИХ Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудаар санал хураалгаж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Бодлогод эрчим хүчний салбарыг алдагдлаас үе шаттай гаргахаар тусгаад байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон УИХ-ын гишүүн А.Тлейханы тайлбараар бол эрчим хүчний салбар нь үйлдвэрлэсэн 1квт цахилгаан тутмаас 22 төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ нь жилийн эцэст 68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхэд хүргэдэг аж. Тиймээс эрчим хүчний салбарын үнэ тарифыг чөлөөлөх асуудал ч бодлогод тусгалаа олсон юм.

УИХ дараа нь Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ хүрээнд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгах байсан ч маргааш болгон хойшлуулснаар чуулганы хуралдаан завсарлав.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж