Европын хөлбөмбөгийн холбооноос 2018-2019 оны улиралд шигшээ багуудын дунд анх удаагаа Үндэстнүүдийн лиг тэмцээнийг зохион байгууллаа. Өнгөрсөн есөн сард хөшгөө нээсэн УЕФА-н Үндэстнүүдийн лигийн медалийн төлөөх тоглолтууд өчигдөр явагдсан. Хүрэл медалийг Английн шигшээ баг 11 метрийн цохилтоор Швейцарын шигшээ багийг хожиж хүртсэн. Хоёр багийн тоглолт үндсэн цагт болон нэмэлт цагт гоолгүй тэнцсэн. Ингээд 11 метрийн цохилт гүйцэтгэхэд хоёр багийн тамирчид бөмбөгөө алдалгүй хаалганд оруулсан бол Швейцарын зургаа дахь цохилтыг гүйцэтгэсэн Й.Дрмичийн бөмбөгийг Английн Ж.Пикфорд амжилттай хааж багтаа ялалт авчирсан.
Аваргын алтан медалийн төлөө К.Роналдо ахлагчтай Португалын шигшээ баг залуу бүрэлдэхүүнтэй Нидерландын шигшээ багийг 1-0 харьцаатай хожсон.
Португалын шигшээ багаас хожлын цорын ганц гоолыг тоглолтын 60 дахь минутанд Б.Силвагийн дамжуулалтаар Г.Гуэдеш оруулсан юм. Ийнхүү Европын хөлбөмбөгийн холбооноос анх удаагаа зохион байгуулсан Үндэстнүүдийн лигийн аваргын алтан медалийг 2016 оны Европын аварга Португалын шигшээ баг хүртлээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ