УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах болсон талаар өөрийн сошиал хуудастаа мэдээлсэн. Үүний дараа Ардчилсан намын зөвлөл болон О.Баасанхүү гишүүн өөрөө мэдээлэл хийсэн юм. Тэдний байр суурийг хүргэж байна.
АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:
-О.Баасанхүү гишүүн өмнө нь албан бусаар АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах талаар ярилцсан нь үнэн. Гэхдээ О.Баасанхүү хувь гишүүний хувьд эсвэл намаа төлөөлж АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлт тавьж байгаа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Яг одоогийн байдлаар албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
-Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт бий. Тухайн гишүүн нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг нь УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлах үүрэгтэй. Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байгаа юм. Нэгдэх болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт УИХ-д Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хандан Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас Ерөнхийлөгчид хандсан гэж ойлгож байна. Тиймээс УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, 2016 оны сонгуулийн Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг, АН-ын есөн гишүүнийг гаргаж УИХ-д бүлэг байгуулах эрхийг нь, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр улстөрчид сонгогчдоо сонсохгүй байна. Жишээлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан хэдий ч ард түмнээсээ асуухгүй, өөрсдийнх нь эрх гэж ойлгоод байна. АН-ыг бүлгээрээ дамжуулан хяналтаа тавьж, ард түмний өмнөөс бүлгийн байр сууриа илэрхийлж бай гэсэн боловч АН-ын гишүүдийн асуудлаас үүдэж бүлэггүй болж сөрөг хүчингүй болсон учир миний бие нэгдэж хамтдаа сөрөг хүчний байр сууриа илэрхийлье гэж бодсон. Сонгууль болтол маш олон асуудал яригдана, энэ үед сөрөг хүчин хүчтэй байх ёстой.
Харин УИХ-ын тухай хуульд бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно гэж тодотгосон бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд О.Баасанхүү гишүүн Орхон аймагт МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон юм.
26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг
- 26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.
- 26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.
- 26.3. Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна.
- 26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.
- 26.5.Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.06.10/ УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Тодруулбал өнөөдөр /2019.06.10/ Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлт хүргүүлэх аж. Энэ тухайгаа тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой." гэж тайлбарласан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад, "УИХ-ын гишүүн нам, эвслийн бүлэгт сайн дураараа нэгдэх эрх нээлттэй. Тиймээс хуулийн дагуу энэ хүсэлтийг гаргаж байгаа. Харин энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулснаар баталгаажих юм. Үндсэн хууль хэлэлцэх энэ цаг үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх үүднээс ийм шийдвэр гаргасан" гэлээ.
Ингэснээр Ардчилсан нам албан ёсоор УИХ-д бүлэгтэй болох нөхцөл бүрдэх юм байна.
Сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшин сонгогдсон юм. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд намын даргатайгаа сайнгүй харилцаатай байсан бөгөөд магадгүй АН-д элсэхийг ч үгүйсгэхгүй юм.
Холбоотой мэдээ