Бүтэн хоёр долоо хоног үргэлжилсэн Францын нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Мэргэжлийн талбайн теннисний 4 их дуулга тэмцээний нэг болох шороон гадаргуутай талбайд болдог тус тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Испанийн алдарт теннисчин, Их Дуулга тэмцээний 17 цомын эзэн Р.Надал түрүүлжээ. Испани эр Р.Надал аваргын төлөө Австрийн залуу теннисчин Д.Димтэй гурван цаг үргэлжилсэн тоглолт хийж 4 сетэд 6-3, 5-7, 6-1, 6-1 харьцаатай хожсон.
Р.Надал тус тэмцээнд түрүүлснээр Их дуулга тэмцээний 18, тэр дундаа Францын их дуулга тэмцээнд 12 дахь цомоо өргөлөө. Ингэснээр Р.Надал мэргэжлийн талбайн теннисний “шороон кортны хаан” хэмээх алдраа дахин нэг батлан харуулав. Францын нээлттэй тэмцээн 1891 онд анх зохиогдож байсан бөгөөд түүнээс хойш Испани эр Р.Надал 12 удаа аваргын цомын хүртсэнээр Францын нээлттэй тэмцээний бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн теннисчин болдог.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Австрали бүсгүй А.Берти 6-1, 6-3 харьцаагаар өрсөлдөгч Чехийн М.Вондрушоваг хожиж аваргын цомын хүртжээ. Францын нээлттэй тэмцээнд Австрали улсаас хамгийн сүүлд алдарт М.Корт 1973 онд цомыг хүртсэн байдаг. Түүнээс хойш 46 жилийн дараа Австрали улсаас эмэгтэй ганцаарчилсан төрөлд цомын эзэн төрж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ