Багт баярыг хүргэе, "3*3"-ынханд

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Багт баярыг хүргэе, "3*3"-ынханд

Багт баярыг хүргэе, "3*3"-ынханд

Зуун зууны түүхтэй дөрвөн жилд нэг удаа дэлхий нийтийг нэгэн зүгт хандуулж, сэтгэл оюун, хүч тэнхээгээ чансаалдаг олимпийн ээлжит наадам ирэх 2020 онд Токио хотноо болно. Олимпийн наадмын өмнө дэлхийн үзэгчдийн анхаарлыг татахгүй байгаа, "сул" спортын төрлүүдийг олимпийн төрлөөс хасах яриа тархдаг. Олимпийн наадмын үеэр чөлөөт бөх, боксын төрлүүдийг хасч болзошгүй нөхцөл байдал үүссэн ч энэ удаад тэд "тэсээд" үлдэх бололтой.  Үүнээс гадна ОХУ-ын тамирчид "Рио 2016" болон "Пёнчан 2018" олимпийн наадмыг өнжсөн нь спортын талбар цэвэр шударга өрсөлдөөн дунд өрнөхөөс гадна бохир зүйл байхгүйг илтгэсээр байгаа.

Түүнээс гадна олимпийн төрөлд шинээр спортын төрлүүд нэмэгдэж, тэр хэрээр үзэгчдийн тоо, өрсөлдөөнийг бий болгож буй. Ялангуяа залуучуудад чиглэсэн, тэдний сонирхож, хөгжүүлж буй спортын төрлүүдийг олимпийн төрөлд нэмэх нь дөрвөн жил тутам болдог олимпийн наадмыг илүү сонирхолтой болгож байна. 2018 онд Индонезид болсон Азийн наадмын үеэр спортын шинэ төрлүүд нэмэгдэж, үзэгчдийн тоог нэмж чадсан. Түүний нэг нь компьютерийн тоглоом мэргэжлийн түвшинд хүрч, Азийн наадамд шинээр нэмэгдсэн спортын төрөл болов.

Үзэгч ихтэй, орчин үеийн залуусын сонирхлыг татсан зарим төрөл хүчээ авч эхэлсний нэг нь сагсан бөмбөгийн 3х3 төрөл билээ. Гудамжны гэх тодотголтой энэ төрөл “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтаж, анхны олимпийн медальтнуудаа тодруулах түүхэн мөч ойртсоор байна. Мэдээж үүнд холбооны үйл ажиллагаа болон энэ төрөл мэргэжлийн хэмээн үнэлэгдэж эхэлсэнийг олон улсад хүлээн зөвшөөрлөө. Хамгийн гол нь энэ төрөл үзэгчийг татаж чадсанаас гадна өндөр үнэлгээтэй төрлийн нэг болсон. Үзэгч 60 минутын тоглолтыг үзэх үү эсвэл 10 минутын хугацаанд гаргаж буй ур чадварыг харж баясах уу.

Өнгөрөгч долоо хоногт монголчууд энэ төрлийн спортыг бүрэн утгаар нь ойлгож, бас мэдэрч чадлаа. Монгол Улсад анх удаа багийн төрлийн ДАШТ болно гэдэг мессеж гарсан ч үзэгчид бүрэн утгаар нь хүлээж авахад амаргүй байсан. Гэвч Д.Сүхбаатарын талбайд  хурд, хүчний өрсөлдөөнийг гайхуулж, олон үзэгчид, сагсан бөмбөг сонирхогчдыг долоо хоног Сүхбаатарын талбайд уяж чадав. Тэр дундаа дэлхийн 20 багаас шилдэг найман багийн нэгээр шалгарсан хөвгүүдээрээ бахархсан өдрүүд байлаа, монголчуудын хувьд. Мөн ДАШТ-ий анхны хожлоо авч чадсан охидынхоо авьяаст итгэж, цаашид илүү их хөдөлмөрлөх, уухайлан дэмжих ёстойг ч ухааруулсан өдрүүд байлаа.

А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нарын 18 хүртлэх насны залуус дасгалуулагч С.Тулгын удирдлага дор оролцож, ур чадвараа монголчууддаа тайлагнасан. Тэд нутгийн дэвжээндээ Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, дэлхийн аварга АНУ-ын багтай өрсөлдсөн. Улмаар энэ тэмцээний мөнгөн медальт Туркийн залуусыг хожих дөхсөн гээд тэдний анхны оролдлого том амжилт авчирсан юм. Харин Монголын эмэгтэй баг Чехийн шигшээ багт нэг оноогоор хожигдсон ч Голландыг хожиж, ДАШТ-ий анхны хожлоо авсан. Тэд энэ удаа Филиппин, Франц зэрэг хүчирхэг багтай нэг хэсэгт багтсан юм.

Орчин үеийн урсгалыг даган шинээр төрөн гарч байгаа спортын төрлүүд хүмүүст баяр баясал цэнгэлийг авчирч байгаагийн нэгэн илрэл нь сагсан бөмбөгийн 3х3 төрөл болсныг монголчууд дэргэдээс нь үзэж, бас бахархаж байв.

Тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар Улаанбаатарт саатаж, зохион байгуулалт өндөр түвшинд болж байгааг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд онцгойлон анхаарч цаашид багийн спортын ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломжтой гэдгийг харж, түүхэн амжилт үзүүлж байгаа 3х3-ын багийнханд тусгайлан баяр хүргэсэн.

Монгол Улсад анх удаа Олимпийн төрөлд багтааж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ болж спорт сонирхогч, тэргүүлэгч хүчирхэг багууд нэгэн дор цугларлаа. Энэхүү тэмцээнээр дамжуулан монголчууд багийн төрлөөр Олимпийн наадамд өрсөлдөх цаг мөч удахгүй гэдгийг харуулж чадсан Монголын багтаа талархъя. Тэдний араас тэмдэглэх олон мөчүүд айсуй.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж