Дэлхийн болон Монголынхоо алдартай урлагийн оддыг нэгэн тайзнаа гаргаж чаддаг “Яг түүн шиг” шоуны ээлжит дугаар өчигдөр /2019.06.09/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэдээ хүрлээ. Уг шоу нэвтрүүлгийн зургаа дахь дугаарын ялагчаар загвар өмсөгч бүсгүй С.Сарнай тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо.
Энэ долоо хоногийн “Яг түүн шиг” шоуны салхийг хагалж, жүжигчин Т.Бархүү алдарт LMFAO хамтлагийн дууг дуулж, тайзыг эзэгнэсэн бол дуучин Б.Маралжингоо поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчи, дуучин Т.Ариунааг тун адилхан дуурайсан юм. Шоуг үргэлжлүүлэн дуучин П.Баярцэнгэл алдарт реппер Lil Wayne-ны дүрд чадварлаг хувирч, дуучин Г.Сүндэрмаа тэртээ 1950, 1960-аад оны нэртэй уран бүтээлч Chuck Berry-г шоуны тайзнаа эргэн авч ирж чадлаа. Харин дуучин Б.Нацагдоржийн хувьд Stevie Wonder-д хувирч, дуучин Б.Амархүү Алла Пугачева болж, дуучин Б.Халиун Prince-ийг яг түүн шиг дуурайж чадсан бол загвар өмсөгч С.Сарнай дахи нэг алдарт реппер Snoop Dogg-ыг чадварлаг дуурайв.
“Яг түүн шиг” шоуны шүүгчдийн хувьд оноо өгөх тийм амар байсангүй. Авьяаслаг оролцогчид тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, бүгд л яг түүн шиг байж чаджээ. Ингээд шүүгч Г.Ганхүүгийн хувьд дуучин П.Баярцэнгэлд хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол шүүгч О.Энхтуул дуучин Г.Сүндэрмаад хамгийн өндөр оноог өгсөн юм. Харин шүүгч Д.Жаргалсайхан загвар өмсөгч С.Сарнайд 12 оноог өгч, гурван оролцогч оноо тэнцсэн юм. Харин оролцогчод бие биедээ гурван оноог өгснөөр загвар өмсөгч С.Сарнай ээлжит ялагчаар тодорлоо.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ