Ш.Мөнхийн-Од: Дүү бид хоёр нөхөрсөг өрсөлдөгчид

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Ш.Мөнхийн-Од: Дүү бид хоёр нөхөрсөг өрсөлдөгчид

Улаанбаатар хотын төв талбайд зургадугаар сарын 3-7-ны өдрүүдэд 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ боллоо. Таван хоногийн турш үргэлжилсэн уг тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од анх удаа оролцож, чамгүй амжилтыг үзүүлж, монголчуудынхаа бахахрлыг төрүүлсэн билээ. Гавьяат тамирчин Ц.Шаравжамц нь хоёр хүүтэй. Энэ удаа түүний ууган хүү Ш.Мөнхийн-Одтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр "Этүгэн" их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан бөгөөд аавынхаа үүсгэн байгуулсан "Stars" сагсан бөмбөгийн клубын үйл ажиллагааг хариуцдаг ажээ.


-Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Монголчууд аавыг маань маш сайн мэднэ. Намайг Шаравжамцын Мөнхийн-Од гэдэг. Би одоо 20 настай. “Этүгэн” их сургуулийн татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн хоёрдугаар курсийн оюутан.

-Спортлог гэр бүлд төрж, өссөн болохоор магадгүй спортын чиглэлээр мэргэжлээ сонгосон гэж бодож байлаа. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Яагаад “Этүгэн” их сургуулийг сонгон суралцсан бэ гэхээр сургууль маань сагсан бөмбөгийн спортыг маш сайн дэмждэг. Сургуулийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчаар О.Баярцогт ажилладаг. Дасгалжуулагч багш маань хамгийн шилдэг дасгалжуулагчийн нэг. Бас аавын маань сайн найз. Тийм учраас би сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, ур чадвараа сайжруулангаа мэргэжил эзэмшихийг хүссэн. Сонгосон мэргэжлийн хувьд би ирээдүйд бизнесмен болохыг хүсдэг. Тэр утгаараа санхүү, эдийн засгийн мэдлэгтэй байх шаардлагатай шүү дээ. Цаашдаа гадаадад энэ мэргэжлээрээ магистраар суралцах бодолтой байгаа.

-Сургуулийнхаа багт тоглож, аварга болсон гэсэн үү?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Этүгэн” их сургуулийн баг “Оюутны лиг”-ийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй багаараа хос алтан медалийн эзэд болсон. Манай сургуулиас өмнө нь эмэгтэй баг тамирчид аварга болж байсан. Харин энэ удаа эрэгтэй баг анхны аварга нь болсон.

-Дүүгийнхээ тухай яриач. Багаасаа л хамт сагсан бөмбөг тоглож өссөн байх?

-Дүү маань багадаа нэлээд шартай хүүхэд байсан. Би 15 настайдаа нэг зун бэлтгэл хийж, дүүгээ хожоод байсан чинь дүүгийн маань шар нь хөдөлж эхэлсэн. Дараагаар нь Ш.Энхийн-Од намайг хожих гэж илүү бэлтгэл хийж, эрчимтэй сайжирч байсан. Бид хоёрын дунд мөнхийн нөхөрсөг өрсөлдөөн байдаг. Тэр зан нь сагсан бөмбөгийн спорт дээр илүү харагддаг.

-Ингэхэд та хоёр хэдэн насны зөрүүтэй вэ?

-Би Ш.Энхийн-Одоос  гурав ах л даа. Дүү маань долоо, найман настайгаасаа л сагсан бөмбөгийн спортыг сонирхож эхэлсэн. Тэгээд бараг 10 настайдаа анхны тэмцээндээ оролцож байсан. Миний сагсан бөмбөг сонирхох болсон гол шалтгаан бол дүү минь юм. Учир нь би сагсан бөмбөгийн спортыг 13 настайгаасаа сонирхож, 15 настайгаасаа бэлтгэл хийж эхэлсэн. Одоо энэ спортоор хичээллээд таван жил болж байна.

-Монголд 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд дүү нь амжилттай оролцлоо. Ахын хувьд хэрхэн дэмжиж байв?

-3х3 төрлийн ДАШТ-ий үеэр дүүгийнхээ тоглолт бүрийг алгасалгүй үзэж байсан. Үнэнч дэмжигч нь гэж хэлж болно. Сүүлчийн тоглолтод Туркийн багт хожигдоход сэтгэлээр жаахан унасан. Тэгсэн хэдий ч дүүдээ урам өгч, дэмжиж байсан. Би дүүдээ сагсан бөмбөг хэрхэн тоглох тал дээр заагаад байдаггүй. Яагаад гэвэл дүү минь надаас илүү сайн тоглогч. Харин амьдрал дээр ахын хувиар зааж, сургана.

-Ах дүү хоёрт аавынх нь зүгээс өгсөн хувцас хэрэгсэл бий юу?

-Аав маань ид залуу үедээ Монголын сагсан бөмбөгийн номер нэг тамирчин байсан. Ээж минь залуудаа волейболын тамирчин байсан. Даанч ээж маань гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлснээсээ хойш спортоосоо хөндийрсөн л дөө. Аав маань Ш.Энхийн-Од дүүд өөрийн 55 дугаартай өмсгөл өгсөн бол надад дээд талд өмсдөг өмсгөл нь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
184
ЗөвЗөв
20
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж