УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 30 гаруй хувь нь төслийг дэмжсэнээр олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм. Гэхдээ УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Хуулийн төслөөр санал хураах үед байсангүй. Олон гишүүн хуралдаанд байхгүй үед санал хураасан нь төсөл унахад хүргэлээ. Хуулийн төслөөр дахиж санал хурааж өгөөч" гэсэн горимын санал гаргав. Ингээд дахин санал хураахад тус хуулийн төсөл гишүүдийн 67.3 хувийн дэмжлэг хүлээж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл далд хөрөнгийг ил болгоход чиглэж байв. Хэлэлцүүлгийн шатанд олон гишүүн асуулт тавьсан юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2007 оны Татварын өршөөлөөр 4000 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан. Өнөөдрийн татвар төлж байгаа 24 мянган аж ахуйн нэгж бий. Тэднээс хэдэн хувь нь энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм, хэчнээн хэмжээний хөрөнгө ил болох бэ?.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан: Ил тод болгох хөрөнгө дээр тэдэн хувь нь хуульд хамрагдана гэж хэлэхэд хэцүү. Өнөөдрийн байдлаар 528 тэрбум төгрөгийн татварын өр үүсчихээд байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Албан тушаалтнууд орлогоо нуугаад төрийн албанд ажиллаж болдог. Татварын хууль гарч хөрөнгөө нуусан хүмүүсийг өршөөж болдог, ялимгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь хэргээ хүлээгээд үлддэг болох нь. ард иргэд ийм асуулт тавихад юу гэж хариулах болж байна вэ?.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Энэ бол дагнасан татварын өршөөлийн хууль биш. Далд байсан хөрөнгийг ил тод болгох. Хэдэн арван жилийн татвар авахгүй. Хэрвээ энэ хуулийн үйлчлэлд дарга нарыг хамруулахгүй, баян хүмүүсийг явуулахгүй гэвэл далд хөрөнгө ил болохгүй. Цэвэр татварын өршөөлийн хууль биш, далд хөрөнгийг ил болгох хуулийн төсөл гэж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг зэрэг хэлэлцэхгүй бол эвгүй байдал үүсгэнэ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Энэ бол татварын өршөөлийн тухай хууль. Нэрийг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гээд нэрлэчихсэн болохоос биш. Эрх бүхий байгууллагын шалгалт гэдэг нь татварын шалгалтаар илэрчихсэн, хууль хяналтын байгууллагаар тогтоочихсон байгаа аж ахуйн нэгжүүдийг оруулчихсан. Үнэндээ бол Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Самурай бондоор мөнгө хуссан нөхдүүдийг энэ хуульд хамруулах гэж байна?.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: -Ганцхан татварыг өршөөгөөд байгаа юм биш, тэр орлогыг нууж явсантай холбоотой хариуцлага байгаа, үүнийг өршөөнө. Төлөх ёстой татварыг нь чөлөөлье, жинхэнэ утгаараа эдийн засгийг эрүүлжүүлэх, хууль юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Татвараа шударгаар төлж яваад сүүлдээ чадал нь барагдаад татвараа төлж чадахгүй болсон аж ахуйн нэгжийг үүнд хамруулах ёстой. Эхний ээлжинд татвартай холбоотой асуудлыг авч үзэх ёстой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Чөтгөрийн тойрог бий болчихсон, улсын төсвөөс ажил гүйцэтгэсэн компани олдоо хэр нь мөнгөө аваагүй. 580 орчим тэрбум төгрөгийн татварын өртэй, аж ахуйн нэгжүүд. Эдийн засгийн өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Татвар төлөгчдөө, баялаг бүтээгчдээ нэг удаа ч болов хуулийнх нь гох дэгээнээс гаргаж өгч байна гээд хуулийг батлах ёстой. Батлахдаа Эдийн засгийн өршөөлийн хуультай цуг батлах ёстой. Ингэхгүй бол Данс тооцоогоо нэг болгох гэх мэт ажлууд гацна. Хариуцлагын заалт байхгүй учраас сайн дураараа хуулийн байгууллагад дуудагдаж очихыг хүсэхгүй. Хоёрдугаарт, гишүүдийн дунд авлигыг өөгшүүлэх нь, авлигын хэргийг хамруулах нь гэдэг төөрөгдөл бий. Иргэдийнхээ дунджаас доогуур ойлголттой байж болохгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар нэг ч албан тушаалтан авлигын хэргээр өршөөгдөхгүй. Эрүүгийн шүүхэд Эрүүгийн хуулийг л хэрэглэдэг.
Д.Тэрбишдагва: Өршөөлийн тухай хуулийг иж бүрнээр нь оруулж ирье гэж С.Баярцогт сайд хэллээ. Нийт өршөөлийн хуулийн нэг хэсгийг хэлэлцээд байна. Иж бүрнээр нь оруулж ирэхгүй бол болохгүй. Эртхэн оруулж ирэхгүй бол хэл аманд орно. Сар шинэ, улсын баяраар 197 хууль баталсны 60-70 хувь нь асуудалтай хууль. Баялаг бүтээгчдээ дэмжих талаасаа чухал. Оюутолгойн гэрээг гадаадад очиж зурахаас илүү. Рио Тинтогийнхныг өршөөхөөс илүү өөрсдийн хүмүүсээ өршөөх. Баялаг бүтээж чадсан хүмүүсээрээ дахин баялаг бүтээлгэх. Тэрбум долларын хөрөнгөтэй хүн гадаадад байгаа, байшин барилгыг нь харахад. Тиймээс тэр их хөрөнгийнх нь 10 хувийг нь гадаадад нь үлдээгээд, 90 хувийг эх орондоо авчир. Ойрын хугацаанд оруулж ирээд хэлэлцээд явчих.
Шоронд байгаа хүмүүсээ өршөөе, асар их баялаг бүтээж олон мянган ажлын байр бий болгосон хүмүүсээ өршөөе гэх мэтчлэнгээр иж бүрнээр нь хэлэлцэхгүй бол наадам дөхөх тусам хардалт ихсэнэ шүү.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ