Хувийн хөрөнгө оруулалтаар дэлхийн барилгын стандартыг хангаж чадсан нэгэн үйлдвэр үүд хаалгаа нээлээ. Тодруулбал, МАК компани Төв аймгийн Сэргэлэн суманд эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй европ стандартыг хангасан цонх, хаалга, шилэн фасадны үйлдвэр байгуулснаа өнгөрсөн Баасан гаригт нээсэн юм. Тус компани ХБНГУ-ын “Aluplast” компанийн “Aluplast” брэндийн хуванцар цонх, хаалгыг анх удаа үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэллээ.
Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон гадна, дотоодын зочид төлөөлөгчид оролцоо.
Уг үйлдвэрийг байгуулахад нийт 9.6 сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд МАК компани өөрийн хөрөнгөөр уг үйлдвэрээ байгуулсан байна. 7000 мкв талбай бүхий уг үйлдвэр үндсэн гурван хэсэгтэй. Модон цонх, хаалга үйлдвэрлэх хэсэг, шил боловсруулах, хөнгөн цагаан, фасад үйлдвэрлэх хэсгээс тус тус бүрдэнэ.
Үйлдвэрийн давуу тал бол европын технологийг Монголд нэвтрүүлж буй нь. Хамгийн сайн чанарын модыг Сибирээс авчирч боловсруулан дээд зэргийн чанартай Евро стандартын цонх, хаалгыг үйлдвэрлэнэ гэдгийг компанийн удирдлагууд онцолсон. Австри, Германы бүрэн автомат тоног төхөөрөмжийг ашиглаж, жилдээ зургаан мянган мкв цонх, хаалгыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр дотооддоо сайн чанарын барилгын материалыг хямд үнээр борлуулах боломж бүрдэнэ. Барилгын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүнээ гаднаас авахаа бууруулснаар барилгын материалын үнэ буурна. Материалын үнэ буурснаар дагаад барилга орон сууцны үнэ ч буурах сайн талтай юм.
ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР ХААЛГА, ЦОНХНЫ ИМПОРТ БУУРНА
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын хүрээнд байгуулагдсаар ирсэн өндөр автоматжуулалт бүхий МАК-ийн үйлдвэрүүд өөр өөрийн онцлогтой төдийгүй Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирсан билээ. МАК-ийн барилгын материалын бүтээгдэхүүнд нь түүхий эдээсээ эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүрэн автомажсан технологийн дамжлагаар хийгддэг бөгөөд түүхий эдийн орц, найрлагыг хүний хүчин зүйлээс хамаарахгүйгээр робот лабортиараа үйлдвэрлэдгээрээ мөн онцлог.
Тэгвэл шинэхэн нээгдсэн тус үйлдвэр нь ч материалын орц найрлага, технологийн шугам, дамжлага нь бүрэн автомат. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлд нь хүний оролцоо бага, компьютероор удирдах юм байна. Гаднын ямар нэгэн хүчин зүйл, хүний үйл ажиллагаанаас болж үйлдвэрлэлд алдаа гарахгүй аж. Цаг агаарын эрс тэс нөхцөлтэй, барилгын ажлын улирал богинотой манай орны хувьд цаг хугацаа, хүний хөдөлмөрийг хэмнэх шинэ боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм. Захиалагч бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээр сонгох боломжтой аж.
МАК-ИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.НЯМТАЙШИР:
-Монгол Улс өнөөдөр барилгын материалынхаа 50 орчим хувийг гаднаас авч байна. Иймд барилгын материалын худалдан авалтад зориулагдсан, гадаад валютын урсгалыг багасган эх орондоо өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодлого, зорилтыг МАК тавьж ажилладгийн хувьд Евро стандартын цонх, хаалганы үйлдвэрээ нээж байгаад баяртай байна. Евро стандартын цонх, хаалга, шилэн фасад нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд эерэг нөлөөтэйгөөс гадна дулаан, дуу тусгаарлагч сайтай, зүсэлтийн өндөр нарийвчлалтай зэрэг олон давуу талтай учир зах зээлийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцнэ. Хамгийн сүүлийн үеийн өндөр автоматжуулалт бүхий тоног төхөөрөмжөөр жилдээ 30 мянган мкв хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Бүтээгдэхүүн манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон угсарч, суурилуулалтын цаг хугацааг хэмнэсэн Евро стандартын шаардлагыг хангасан хийц, загварын өргөн сонголттой гэдгээрээ онцлог. Цаашид эрх орныхоо эрдэс, түүхий эдийг ашиглаж барилгын интерьер, гоёл чимэглэлийн хавтан үйлдвэрлэх зэрэг 2-3 жижиг үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зорилтоо бид тодорхойлсон. МАК-чуудын үйлдвэрлэсэн хаалга үүдээр үргэлж эрч хүч, энерги, баяр баясгалан орж, МАК-чуудын үйлдвэрлэсэн цонхоор мөнхөд гэрэл гэгээ цацарч байхын ерөөлийг дэвшүүлье.
МАК-ИЙН ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ П.ТЭМҮҮЛЭН:
-Хамгийн сайн чанарын модыг Сибирээс авчирч боловсруулан дээд зэргийн чанартай Евро стандартын цонх, хаалгыг бид үйлдвэрлэнэ. Монголчууд модон цонхыг гаждаг, хэрэглээний явцад гацах асуудал тулгардаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл энэ ойлголтыг халж байгальтайгаа ойртох модон цонх, хаалгыг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр үйлдвэрээ нээж байна. Автомат төхөөрөмж нь шилийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, дүрсийн дагуу зүсч бүрэн автомат шугамаар боловсруулж битүүмжилдэг. Манай бүтээгдэхүүнүүд зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулагдана.
МАК-ИЙН ХААЛГА, ЦОНХ ХИЙЦ, ЗАГВАРЫН ӨРГӨН СОНГОЛТТОЙ
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭД САЙД Б.МӨНХБААТАР:
-Барилгын материалын өнөөгийн хөгжилд МАК Евро стандарт, чанарыг нэвтрүүлсэн үйлдвэр ашиглалтад оруулж байгаад баяртай байна. МАК-ийн хаалга, цонхны үйлдвэр ашиглалтад орсноор шууд болон шууд бусаар барилгын салбар, хот төлөвлөлтөд томоохон нөлөөтэй. Улаанбаатар хотын дагуул хотуудад аж үйлдвэрийн бүсийг бий болгох нь ажлын байрыг бий болголоо.Өнөөдөр тулгамдсан агаарын бохирдлын хүрээнд дулаан алдагдал, эрчим хүчний өндөр хэрэглээ, хүлэмжийн хийг багасгах барилгын материал үйлдвэрлэх нь бидний амьдралын чанарт эергээр нөлөөлнө.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ:
-1950-аад онд манай хөршүүд эсгий үүдтэй байсан. Тэр үед ганц нэг модон хаалга нэвтэрч, модон хаалгатай айл чинээлэг, орчин үеийн айлын тоонд ордог байв. Эсгий үүднээс модон хаалга руу тэр дундаа европын стандартыг эх орондоо нэвтрүүлж буй баярт үйл явдалд оролцож, улс орныхоо хөгжлийн нэгээхэн хэсгийг тольдон харж байгаад баяртай байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Европ стандартыг Монголд нутагшуулах технологийг дамжуулж байгаа МАК-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Энэ технологийг нэрвүүлснээр дулааны алдагдлыг багасгаж, соёлын төвшин нэмэгдэж, хүний ахуйн соёл, амьдрах орчин, сэтгэл санааны таашаал бүгд дагалдах болно. Энэ сайхан үйлийг хийж байгаа хөдөлмөрч, бүтээлч хамт олны ажил үйлс нь улам өөдрөг байх болтугай. Шинэ шинэ зүйлийг Монголдоо нэвтрүүлээрэй, шинэ шинэ технологийг гаднаас авчраарай, олон олон хүнийг ажилтай, орлоготой, баяр хөөртэй байлгахад нь тус дэм болоорой.
Үйлдвэрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа ч томоохон төслүүдийн захиалга хэдийнээ орж иржээ. Нийт 100 гаруй ажлын байр шинээр бий болгосон тус үйлдвэр 24 цагаар үйл ажиллагаа явуулах юм байна. Үйлдвэрийн хөрөнгийг таван жилийн хугацаанд нөхөхөөр төлөвлөжээ. МАК үйлдвэрийн үйл ажиллагаагаа улам тэлж ирэх жилээс хаалга, цонх агааржуулалтын хоолой, цаашдаа паркетин шал болон тавилга үйлдвэрлэхээр зорьж байгаа аж.
Ийнхүү орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэвэр тохилог үйлдвэр ашиглалтад орлоо.
Холбоотой мэдээ