"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур

"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур

Завь хөлөглөсөн хүүхдүүд инээд хөөр болон уралдах энэ бяцхан цэцэрлэгт хүрээлэн бол Дэнжийн мянгад байрладаг “Ногоон нуур”. Дөрвөн уулсын бэлд байрлах тус газрыг өнгө өнгөөр солонгорон харагдах байшин, ногоон нуур, хүүхэд багачуудын инээд, хослон чимнэ. Үдшийн цагт Зайсан толгойгоос Улаанбаатар хотыг тольдоход орон сууц нь наана, гэр хороолол цаад талд алслагдан харагддаг.

Тэгвэл “Ногоон нуур”-ын  хойд энгэрийн орой дээрээс нийслэл хотыг гэр хорооллын орчинтой нь хамт харах боломжтой бөгөөд эндээс харахад Богд уул бүтнээрээ харагддаг гэдгээрээ ихээхэн онцлог юм. Тэр хавийн иргэд нуурын хойд энгэрийг аль хэдийнээ “Зайсан-2” хэмээн нэрлээд амжжээ.

“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг аль нэг компани, төрийн бус байгууллага бус хувь хүн болох С.Өлзийтогтох санаачлан бүтээсэн нь хичээл, зүтгэл, сэтгэл гурав байхад бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг харуулсан тод жишээ болжээ.

Одоогоос арван жилийн өмнө тус зуны цагт үнэр, хогондоо дарагдсан, өвлийн цагт угаадсаар дүүрсэн хогийн цэг байжээ. Анх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах бэлтгэл ажил өрнөж, 2012 онд албан ёсоор нээгдэж байжээ. С.Өлзийтогтохын хувьд 2005-2008 онд БНСУ-д гурван жил ажиллаж ирээд хоёр орны хүүхдүүдийн тоглож өсч байгаа орчин эрс тэс өөр байсныг хараад өөрчлөхөөр шийдэн тус газрыг сэргээн засварласан юм. 

Үүний үр дүнд  дээрх цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, томчууд зуны улиралд усан завь хөлөглөн, өвөл мөсөн гулгуурын талбайд цагийг зугаатай өнгөрөөх боломж бүрдсэн байна. Эндхийн үйлчлүүлэгчид нь ихэвчлэн  гэр хорооллын бяцхан жаалууд байдаг аж. 

Завинд нэг цаг суухад 4000 төгрөг, 30 минут суухад 1000 төгрөг байдаг байна. 

“Ногоон нуур”-ын эзэн С.Өлзийтогтох амьдралынхаа арван жилийг энэ газарт зориулсан. Тэрбээр өнөөдрийн байдлаар  цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 80 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа аж.  

 ЗАЛУУ ХҮНИЙ ХИЙХ, БҮТЭЭХ ГЭСЭН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ МӨНГӨН ДЭВСГЭРТЭЭС Ч ҮНЭТЭЙ

“Энэхүү газарт байсан хур хогийг  цэвэрлэхэд хоёр жилийн хугацаа зарцуулсан. Хогийг цэвэрлэсний дараа борооны усаар тэтгэгдэн нуур бий болж 2012 оноос эхлэн нууранд завь явуулж эхэлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг анх  байгуулж байсантай өнөөдрийг  харьцуулахад 18-19 төрлийн мод бут ургаж байна. Өнгөрсөн жил гэхэд хүүхдийн болон том хүний нийт 14 завьтай байсан. Ихэнх нь гар ажиллагаатай завинууд. Уг нь хавар хөлөөрөө жийдэг завь авах гээд банкнаас мөнгө хөөцөлдсөн боловч давхар зээлтэй байсан учраас дөрвөн сая төгрөгийн л зээл авсан. Дөрвөн сая төгрөгт гар ажиллагаатай долоон ширхэг завь авсан. Одоо 21 завь бий. Цаашдаа ч ногоон байгууламж болон завины тоог нэмэх бодолтой байна. Хамгийн гол нь хүмүүс “Ногоон нуур”-ын хойд энгэрийн орой дээрээс  хотыг харах боломжтой болсон.  

Жил ирэх тусам бүтээн байгуулалт  том, жижиг гэлтгүй  нэмэгдсээр л байна. Удаан байх нь хамаагүй зогсохгүй урагшлах нь л чухал. Хэдийгээр банкны хоёр зээлтэй ч гэсэн залуу хүний хийх, бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл мөнгөн дэвсгэртээс ч үнэтэй” хэмээн ярих С.Өлзийтогтохын нүүрэнд инээмсэглэл тодорно.

Цаашид энэхүү газарт залуусын сургалтын төв байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх түүний мөрөөдөл биелэх ойрхон байгаа нь хийсэн, бүтээсэн зүйлсээс нь тодхон харагдаж байлаа.  

Тэгвэл Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн бус байгууллагаас “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатарын аялал жуулчлалын маршрутад тавдугаар сарын сүүлээр албан ёсоор оруулжээ. Ингэснээр дан ганц дотоодын бус гадаадын жуулчид тус цэцэрлэгт хүрээлэнг үзэх боломжтой болж байгаа юм.

Жуулчдын хувьд Улаанбаатар хотыг ганцхан Зайсан толгойгоос биш өөр өнцгөөс харах сонирхолтой санагддаг бөгөөд  тэд  "Ногоон нуур" цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг хараад сэтгэл нь ихэд  хөдөлдөг гэнэ.  Өмнө нь энд ирсэн жуулчид болон тэднийг дагуулж ирсэн хэлмэрч нарын хэлж байгаагаар Улаанбаатарыг харья гэвэл "Ногоон нуур" цэцэрлэгт хүрээлэнгийн хойд энгэрээс харах нь таалагддаг  хэмээн ярьцгаажээ. 

“ЦОНЖИН БОЛДОГ”-ООС ИЛҮҮ ЖУУЛЧДЫГ ТАТАХ "НОГООН НУУР" 

Харин Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн бус байгууллагаар ихэвчлэн үүргэвчээ үүрээд  хувиараа ирж байгаа жуулчид үйлчлүүлдэг юм байна. Жуулчид хотын аяллын маршрутыг сонирхохоос гадна тэр бүр  бие даан явж чадахааргүй шинэ сонирхолтой газруудыг хайдаг болсныг онцолсон юм. Жуулчдын хамгийн их асуудаг зүйл нь “Монголын гэр хорооллыг үзмээр байна. Гэр хорооллоор  явахаар аюултай юу” гэж асуудаг  гэнэ.

Улаанбаатарын  гэр хорооллыг  таатай бус гэсэн мэдээлэл жуулчдаас жуулчдын хооронд ам дамжсан байдаг аж. Тэд айгаад биеэ даагаад гэр хороолол руу шууд явж чаддаггүй учраас хотын  аяллын маршрутад “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнг оруулжээ.

 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн бус байгууллагын тэргүүн  Ч.Буянбадрах "Жуулчдад “Цонжин болдог” харахаас илүү "Ногоон нуур" гүн сэтгэгдэл төрүүлдэг. Би өмнө нь жуулчдыг дагуулж харуулж туршиж үзсэн учраас  жуулчдын сэтгэлд таарах юм байна гэдгийг мэдсэн.  “Ногоон нуур” хэмээн нэрлэгдээд байгаа одоогийн газрыг  1946-1970 онд “Чулуун тоочиг” хэмээн нэрлэж байсан. Тус газарт Япон болон Монгол цэргүүд чулуу бутлан бэлтгэж  Сүхбаатарын талбай  болон, Монгол Улсын их сургуулийн баруун талын авто зам зэрэг хотын төвийн бүтээн байгуулалтад ашиглаж байсан арвин  түүхтэй. Социализмын үед тус нууранд хүмүүс ирж амардаг байсан гэдэг. Эдгээр түүхээс гадна хогийн цэг байсан газрыг өнөөдөр залуусын очих дуртай газар  болгосон С.Өлзийбаярын түүх  жуулчдын сонирхлыг ихэд татдаг” гэв.

Түүнчлэн  С.Өлзийтогтохын хичээл зүтгэлийг дэмжиж “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд ирсэн жуулчин тус бүрд 10 мянган төгрөг төлөхөөр тохирсон байна.  Хураамжийн орлогоор нь хүүхдүүд саатах дуртай энэ орчинг улам сайхан болгох боломжтой гэдгийг  ч тэд хэлж байлаа.

“Ногоон нуур”-ын эзэн С.Өлзийтогтох сэтгэл баян байж бусдыг баярлуулна хэмээн  хэлж байсныг сурвалжлагынхаа төгсгөлд дурдья. Тэрбээр  аз жаргалтай, ая тухтай амьдрал өндөр албан тушаал, эрх мэдлээр хэмжигдэхгүй, сайхан амьдралыг хүн өөрийн гараар бүтээж, бүтээсэн амьдралаасаа аз жаргалыг мэдэрч болохыг тодоор  харуулж буй.

С.Өлзийтогтох  тус газрыг иргэдэд ая тухтай илүү гоё сайхан болгох мөрөөдөл тээж яваагаа хэлж байсан юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүх шатыг төмөр болгох цаашлаад  “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн рүү ирэх замын тэмдэг,  тэмдэглэгээ болон машины зогсоол зэрэг  тодорхой хэмжээний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг Нийслэлийн удирдлагуудад энэхүү сурвалжилгаараа дайя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ЗөвЗөв
18
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж