Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Ардын намын лидерүүдийн “Чингис бонд"-оос авсан зээлийн баримт хэвлэлээр дэлгэгдсэн нь Монголын улстөрчдийн жинхэнэ авирыг харуулсан тод нотолгоо болов.

Шинэчлэлийн Засгийн газрын үед Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлээс  урт хугацаатай, хямд хүүтэй 1.5 тэрбум доллар зээлсэн нь Ардын намынханд  огтхон ч таалагдахгүй юм. "Ардчилсан намынхан Монгол Улсыг өрөнд орууллаа" хэмээн наанаа уйлж байсан Ардын намынхан харин цаанаа инээсэн шигээ  Чингис бондоос "хувь"  хүртээд сууж байсан бололтой.  Одоогоор МАН-ын дарга нар өөрсдөдтэй нь холбоотой  энэхүү мэдээллийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Гадаад зах зээлээс босгосон 1,5 тэрбум ам.долларын бондын зарцуулалтыг “үр ашиггүй” болсон гэж  экс сайд Н.Батбаярыг огцруулах өргөдөл хүртэл өргөн барьж явсан МАН-ын дарга нарын үнэн төрх нэг иймэрхүү.

Ардын намын дарга М.Энхболдын тодорхой хувьцааг нь эзэмшдэг  “Говь” компани  “Говь сүлжмэл, нэхмэл, оёмол самнасан ноос ноолуур боловсруулах” төсөл дээр Хөгжлийн банкнаас арван тэрбум төгрөгийн зээл авчээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн хувь эзэмшлийн “Нью прогресс” ХХК-ийн “Берлин эко” орон сууцны хорооллын дунд баригдаж буй “Буянт-Ахаа” 2*40 МВА 110/10кв-ын дэд станци, 2,5 км урт 110 кв-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажлын төсөлд 2тэрбум 783 сая Мөн “Алтайн зам” компанийн “Манхан-Дарви” чиглэлийн 100км авто замын төсөлд 21 тэрбум 503 сая төгрөгийг тус тус Хөгжлийн банкнаас авсан  гэнэ.  Харин  Су.Батболд мөн л хувь эзэмшлийн  “Би Ти Эм Ди” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-ийн төсөл дээр 500 сая,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөн компанийнхаа “Хөх цавын цемент” гэх төсөл дээр 55 сая төгрөг авчээ.  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хувь эзэмшдэг “Дархан нэхий” компанийн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх төсөл дээр 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Эдгээр төслүүд хэр амжилттай явааг холбогдох албаныхан мэдэж байгаа  биз.  Хамгийн хачирхалтай нь “Чингис” бондыг зээл биш өр хэмээн шүүмжилж байсан нөхдүүдийн өөрийн хувь эзэмшлийн компанидаа авсан  зээлийг бас л “өр” гэж тооцох уу?

“Чингис бонд”-ын хөрөнгөөс хамгийн хувь хүртсэн салбар бол барилгынхан.  Бас бондын хөрөнгийн үр ашиг иргэдэд хамгийн ихээр хүрч байгаа нь барилга.  Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн хоёр жил бондын мөнгөөр  барилгын салбарын эрэлт, нийлүүлэлтийг   дэмжсэнээр  орон сууцны  үнийн хөөс хагарахад тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлсөн  гэж салбарынхан нь дүгнэв. Өмнө нь монголчууд барилга барих  хадаас, цемент гээд барилгын бүх л материалыг гаднаас оруулж ирдэг байсан юм. Харин өнөөдрөөс монголчууд дотоодоо цемент, тоосго үйлдвэрлэж, ажлын байр бий болгож байгаа нь энэ салбарын нэг том алхам.  Цаашдаа барилгын  материалыг бүгдийг нь биш юм аа гэхэд тал хагасыг нь Монголдоо үйлдвэрлэдэг болчихвол нэг талаар аж үйлдвэрлэл хөгжиж, нөгөө талаасаа орон сууцны үнэ буурах боломжтой.  Орон сууцны үнийн өсөлтөд  барилгын материалын үнийн өсөлт багагүй нөлөөлдөг байсан юм.

Чингис бондын хөрөнгөөр барилгын салбарыг санхүүжүүлсний нэг нь “Монцемент” төсөл.  Жилдээ  нэг сая  тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барьж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд эх орныхоо хөрсөн дээр Европын стандарт шаардлагад нийцсэн орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологитой, байгаль орчинд ээлтэй анхны эко цементийн үйлдвэр босно гэдгийг зээл авсан, олгосон хоёр тайлбарлаж байна.  Монгол Улсын өнөөгийн уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож гадаад валютын урсгалыг дотооддоо барих энэхүү үндэсний үйлдвэрлэл нь орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 600 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж уг төслийг үр ашгийг тооцжээ.  Монцемент төслийн хүрээнд шинээр 280 айлын орчин үеийн тохилог орон сууц, ахуйн үйлчилгээний төв, цэцэрлэг, спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтууд сүндэрлэн босч, Дорноговь аймгийн Өргөн сум одоогийн байгаагаасаа  гурав дахин өргөжин тэлэх боломжтой  гэх мэдээллийг салбарын яамнаас өглөө.

Ийнхүү “Чингис” бондын хөрөнгөөр барилгын салбарт хэрэгжүүлж байгаа төслүүд амжилттай хэрэгжиж байгаа аж.   “Чингис" бонд хаана байна хэмээн асууж сураглах нь холгүй байдаг  Ардын намынхан авсан шигээ зээлээ төлөх биз. Гэхдээ энэ төсөл хаачив, энэ тэр болж жүжиг битгий тавиарай даа.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж