Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвийн нэг давхарт өчигдөр гал гарсныг онцгой байдлын алба хаагчид 21.40 цагт бүрэн унтраажээ. Гал түймрийг унтраахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч өдрийн 12.30 цагаас хойш ажилласан юм. Гал унтраах аврах ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвөөс иргэдийг гаргасан байсан тул хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй аж. Гэхдээ хоёр хүнийг утаажилтын бүсээс гаргасан гэж НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан хэлэв. Энэ тухай түүнээс тодруулахад “Галын шалтаан 14 хоногийн дараа гарна. И-Март худалдааны төвийн нэг давхарт гарсан гал харьцангуй бага, утаажилт их байсныг саармагжуулж бүрэн унтраасан. Тус төвд галын улмаас шатсан зүйл бага, цахилгааны болон кабелийн утаснууд шатсаныг унтрааж аюулгүй болголоо. Хүний амь нас эрсдээгүй, гараашт байрлуулсан автомашинуудыг гаргаж гал түймрийн эрсдэлээс сэргийлж ажиллаа. Ер нь аж ахуй нэгж байгууллагад гал түймэр гарах тохиолдол цөөн, гэр хорооллын өрхүүдээс галын дуудлага их ирдэг” гэлээ.
"И Март" худалдааны төвд өчигдөр өдрийн 12.30 цагт гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн билээ. Өдрийн 15.00 цагийн орчимд галыг унтрааж, утаажилтыг саармагжуулахаар Гал унтраах ангийн алба хаагчид ажилласан юм. Галын улмаас тус төвд учирсан хохирол харьцангуй бага гэдгийн Нийслэлийн онцгой байдлын газрынхан хэлж буй юм.
Холбоотой мэдээ