Популистуудыг дагаж битгий намираарай!

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

Популистуудыг дагаж битгий намираарай!

Популистуудыг дагаж битгий намираарай!

Хэвлэлийн хуудсыг сөхөж үзэхэд, хэдхэн жилийн өмнө Оютуолгойн гэрээг сайн болсон хэмээн магтаж суусан улстөрчид өнөөдөр УИХ-ын чуулганы танхимд "танигдахын аргагүй өөрчлөгдсөн" нь өнөөх популизмын шид гэлтэй. Өмнөх нь парламентад Оюутолгойг эсэргүүцдэг цөөн гишүүд өнөөдрийн УИХ-д эгнээгээ тэлсэн нь тэдний камерын өмнө хэлж, хийж байгаа үг, үйлдлээс тодорхой харагдана.

 Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл,  УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40, 2009 оны  долдугаар сарын 16-ны өдрийн 57, Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 308 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар ‘Рио Тинто’-той 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Үүнээс хойшх  арван жилийн хугацаанд Монголын эдийн засаг 10 дахин өссөн нь Оюутолгойн гэрээг байгуулсаны гавъяа юм.  Энэ  тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Оюутолгой компани 2010 оноос хойш бүтээн байгуулалтад нийт  8.7 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. Үүнээс 2.3 тэрбум ам.долларыг татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн.

Оюутолгойд 700 гаруй аж ахуй нэгж,  шууд болон шууд бус хамаарлаар 45 мянган хүний аж амьдралыг авч явж байгаа ийм том төсөл. Оюутолгой төслийг зогсооно гэсэн асуудал байж болохгүй. 

Оюутолгойн төслийн явцыг харж байж дараа дараагийн гаднын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх гээд байгаа учраас бид энэ асуудал маш нухацтай, соёлтой байдлаар хандах ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдын бодлогыг бид бодлогоор дэмжих ёстой. Мөн төсөв, эдийн засгаа нэмэх бодлогыг чухалчлах нь зөв. Салбарын сайдын хувьд салбараа хамгаалах бодлого барьж ажиллахаас өөр арга байхгүй" гэх тайлбарыг өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн билээ.  Харин УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн Оюутолгойд хийсэн дүгнэлтээ ҮАБЗ-д хүргүүлж, УИХ-аар хэлэлцэх хүсэлтээ тавьсны дараахан  "Рио-Тинто" компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат хэвлэлд өгсөн ярилцлагадаа " Бид ес гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Монголын 900 гаруй ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилладаг. Төслийг хөгжүүлэхэд зориулж байгаа хөрөнгийн 80 хувь нь Монголд зарцуулагддаг. Оюутолгой одоогоор Монголын хамгийн том хувийн хэвшлийн оролцоотой төсөл болсон. 17 мянган ажилтантай бөгөөд тэдний 90 хувь нь монголчууд. 2.3 тэрбум ам.долларын татвар, роялтыг төсөл эхэлснээс хойш төлсөн. Энэ бүгдийг харах юм бол Оюутолго” Монголын нийгэмд маш том хувь нэмэр оруулж байгаа. Мөн бид орон нутгийн хөгжил, эдийн засагт оруулах хувь нэмрээ хүлээж орон нутагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Бидний хамгийн сүүлд хийсэн хөрөнгө оруулалт бол орон нутагт 640 сурагч 200 гаруй хүүхдэд зориулсан сургууль, цэцэрлэг байгуулсан. Мөн орон нутагт авто зам байгуулсан. Энэ бүгд бидний зүгээс Монгол Улсад оруулж байгаа хувь нэмэр юм" хэмээн төслийн үр ашгийг тодотгоод, "хэрэв суурийг оролдож, өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй"-г сануулсан бий.

Том төсөл том өсөлт, том өсөлт дагуулдаг, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжих, томрох боломж олгодог. Харин бид боломжоо алдвал асар их хохирол амсдаг.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Д.Сэдваанчигийн бичсэн захидлаас болж Оюутолгой төсөл хоёр жил гацахад Монгол Улс 250-300 сая ам.долларын  НӨАТ-ын болон гаалийн татвараа, мөн 40-50 сая ам.дооларын нийгмийн даатгалаа алдаж байсан юм.

 Гэвч, үнэндээ Монголын парламентад Оюутолгой бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, олон мянган хүний ажил, орлогын эх үүсвэр гэдгийг ойлгож байгаа нь тун цөөн. Ихэнх  улстөрчдийн хувьд төсөл дээр популизм хийж яаж тодрох, баяжих, хөлжих вэ гэсэн жижигхэн эрх ашгийн сонирхолтой.

Тиймээс ч "амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх" тухай хууль тогтоох Төрийн дээд байгууллагаараа хэлэлцээд, ардчилал зах зээлийн нийгэм шилжсэнээс хойшхи анхны ганц том төслөө нураах талаар л ярьцгааж байна. Дээр нь УИХ-ын 2020 оны сонгууль ойртсоныг хэлэх үү, хар массын саналыг худалдаж авахын тулд хамгийн эмзэг сэдэв дээр нь тоглолт хийхээ мэдэхтэйгээ. Харин үүний хохирол нь жирийн иргэдийн нуруун дээр бууна. Товчхондоо,  Оюунтолгойн төсөл тэг зогсолт хийвэл 45 мянган хүн шууд ажилгүй болно. Шууд бусаар 100 мянган монгол орлогогүй үлдэнэ. Үйлчилгээний газрууд, банк санхүүгийн байгууллагууд бүгд хямралд орно. Эмч багш, цэрэг цагдаа, хөгшид, хүүхэд цалин, тэтгэвэр хүүхдийн мөнгөө цагтаа авч чадахгүйд хүрнэ. Том төслийг дагаад эдийн засагт үүсэх эрдэл нь нэг ийм.   ЖДҮчин гишүүдийн хувьд төсвийн санг тэгж хүртээмжтэй  дээгүүрээ хуваагаад идчихнэ. Тэдэнд алдах юмгүй. Тиймээс попчдыг дагаж битгий намираарай, учир нь энгийн иргэд бид  илүүтэй хохирч, эрсдлийг нь үүрч, ажилгүйдэл, ядуурлын ангалд унана гэсэн үг. 

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж