Тавантолгойн асуудлаар УИХ-д ханджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлаар УИХ-д ханджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ, тус компанийн ажилтан Б.Түмэндэлгэр, Г.Дэлгэрбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын дарга З.Энхболд болон парламентын гишүүдэд хандан Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор албан бичиг хүргүүлсэн талаар тодотголоо. Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг Монголд ашиггүй байдлаар хийж, гадны компанид 60 жилээр ашиглуулах гэж буйг төрийн өмчит энэ компанийн ажилтнууд эсэргүүцэж байгаа аж. Ард түмний өмч хөрөнгө, баялгийг хувийн компанид олгох эрх хэнд ч байхгүй гэлээ.

Тавантолгойд Монгол Улсын нэг сая гаруй иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Энэ нь тус ордын 94 хувийг ард түмэн эзэмшдэг гэсэн үг аж.

Сүүлийн үед хэвлэлүүдээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг өртэй, алдагдалтай, ашиггүй ажилладаг гэх мэдээлэл гарах болсон гэнэ. Энэ талаар тус компанийн ажилтан Б.Түмэндэлгэр “Манай компанийг Хятадын “Чалко” компанийн өрийг дарж чадахгүй байна гэх зэргээр мэдээлж байна. Энэ өрийг улстөрчид 2012 оны сонгуулийн өмнө иргэдэд бэлнээр мөнгө өгөхийн тулд Хүний хөгжил сангаар дамжуулан бий болгосон. Хэдий тийм ч “Эрдэнэс Тавантолгой” компани тэрхүү Чалько компанид өгөх ёстой өрийг төлсөөр одоо 140 сая ам.доллар үлдсэн. Энэ нь уул уурхайн салбарт их хэмжээний өр биш” гэв.

Үлдэгдэл өрийг төлөхөд дөрвөн сая тонн нүүрсээр дарах бүрэн боломжтой аж. Одоогоор тус компанийн агуулахад  хоёр сая гаруй тонн нүүрс бий. Нэмж хоёр сая тонн нүүрс олборлоход бэлэн болсон” гэлээ.  

Мөн тус компани улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дараа буюу хоёрдугаарт жагсчээ. Ийм компанийг хувьчлахгүйгээр цаашид үйл ажиллагааг нь төрөөс дэмжин явуулах бүрэн боломж байгааг тэд мэдэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь 600 гаруй ажилтантай юм байна. Туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудыг оруулбал 3000 гарах аж. Үйлдвэрлэлийн салбарт ч осол авааргүй ажиллаж ирсэн. Ийм тодорхой үр дүнгүүд бусад уул уурхайн компанитай үлгэр жишээ болох учиртай.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн  С.Эрдэнэ "Манай компани ажилтнуудаа 14 хоног ажиллуулж, мөн хугацаанд амраадаг. Үүнд ажилтнууд сэтгэл ханамжтай байдаг.  Гэр бүлийн тогтвортой байдал, үр хүүхэддээ анхаарал тавих гээд нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй. Харин “Энержи ресурс” компани 20, 14 хоногоор ажиллуулдаг. Ажилтнуудаа 168 цаг илүү ажиллуулдаг гэсэн үг. Тэд монгол иргэдийн хөдөлмөрлөх эрхийг ярих цаг болсон” гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж