Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс гурван дүүргийн СӨХ-д шалгалт явуулсан байна. Энэ талаар Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа.

-Шалгалтаар нийтлэг ямар зөрчил илэрч байна вэ?

-Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс дүүргүүд болон Барилгын хөгжлийн төвтэй хамтарсан шалгалтыг явууллаа. Энэ хүрээнд тухайн орон сууцны барилгын асуудал, лифтний аюулгүй ажиллагаа, техникийн пасспорт, бичиг баримт бүрдүүлэлт зэрэгт голчлон анхаарал хандууллаа. Гарсан зөрчил, дутагдлыг арилгуулахад эхний ээлжинд СӨХ-нд зөвлөмж гаргаж өгөх юм.

-СӨХ-үүд иргэдээс хураасан мөнгөө засвар үйлчилгээндээ биш, зориулалт бусаар ашигладаг гэх мэдээлэл гардаг. Энэ удаагийн шалгалтаар тийм зүйл илрэв үү?

-СӨХ-ны мөнгөнөөс дээвэр, лифт, орцны засвар шинэчлэлийг хийдэг. Энэ удаад иргэдээс хураасан мөнгийг хууль бусаар ашигласан тохиолдол илрээгүй. Ер нь засвар үйлчилгээнд зориулан иргэдээс хураадаг СӨХ-ны хураамж бага шүү дээ. Иргэдээс хурааж буй мөнгөөр лифт засах, орцонд их засвар хийхэд хүрэлцдэггүй.

-Ер нь СӨХ-ныхон иргэдээс хураасан мөнгийг зориулалтын бусаар ашигладаг гэх хардлага их бий. Тийм зүйл бий юу?

-Энэ ташаа ойлголтыг залруулахын тулд уг шалгалтыг мэргэжлийн байгууллага буюу Барилгын хөгжлийн төвтэй хамтарч хийсэн. СӨХ иргэдийн мөнгийг хууль бусаар ашигладаг гэх ташаа ойлголт нийгэмд түгсэн байна. СӨХ-ны нэрээр авч буй бүх мөнгөөр дундын эзэмшлийг засварлана гэж ойлгодог. Гэтэл иргэдээс авч буй хураамжийг жижүүрийн, лифтний, засвар үйлчилгээний гээд тус тусдаа зарцуулалт нь тооцогддог. Тэнд бичигдсэн засвар үйлчилгээнд хуваарилсан мөнгийг л дундын эзэмшлийг засварлахад хэрэглэдэг. Гэтэл зарим иргэд СӨХ-нд төлж буй бүх мөнгө зөвхөн засвар үйлчилгээнд зарцуулагдана гэж ташаа ойлгодог. Энэ удаагийн шалгалтаар зориулалт бусаар ашиглах биш, эсрэгээрээ хураасан мөнгө нь засвар үйлчилгээнд хүрэлцдэггүй гэх мэдээлэл ирсэн.

-СӨХ-ны хураамжийг яаж тогтоодог вэ. Орон сууц бүр өөр байдаг?

-Тухайн жил ямар ажил хийх вэ гэдгийг хурлаараа шийдсэний үндсэн дээр хураамжаа тогтдог. Жилд хийх ажлаа СӨХ-нд харьяалалтай нийт өрхөд хувааж тооцдог юм.

-Энэ удаагийн шалгалтаас гарсан бас нэг асуудал нь 24 лифт шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссанд байна. Ер нь нийт хэдэн СӨХ танайд бүртгэлтэй байдаг вэ. Эдгээрийн хэдэн хувь нь лифтний шаардлага хангахгүй байна вэ?

-Энэ удаагийн шалгалтаар 24 лифт шаардлага хангахгүй байгаа дүгнэлт гарсан. Дээрх лифтийг Мэргэжлийн хяналтын газраас шалгаад насжилт дууссан гэж үзсэн юм билээ. Гэвч шинэчлэх санхүүжилтгүйн улмаас ашигласаар л байгаа. Гэхдээ ээлж дараалан лифт шинэчлэлийг эхнээсээ хийж л байна.

-Ер нь танайд хэдэн СӨХ бүртгэлтэй байдаг вэ. Эдгээрийн хэдэн хувь нь шаардлага хангахгүй лифт хэрэглэж байна?

-Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд одоогоор 400 гаруй СӨХ бүртгэлтэй байдаг. Хуучны лифт ашигладаг олон орон сууц бий. Тэдгээр нь бүгд ашиглалтаас гарсан. Өөрөөр хэлбэл, орон сууцнуудын лифтний 70 хувь нь шаардлага хангадаггүй.

-Лифтийг сольж, шинээр тавих хөрөнгийг хаанаас гаргахаар зохицуулсан байдаг вэ?

-Хуульд зааснаар бол орон сууцны дээвэр, лифтийг улсын хөрөнгө оруулалтаар засна гэдэг. Тиймээс ашиглалтын хугацаа дуусч, шаардлага хангахгүй болсон лифтийг улс, нийслэлийн хөрөнгөөр засварлах учиртай.

Б.ЗАЯА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж